Монголчууд: Түүхээ хайж буй нэгэн ард түмэн

3b9fc2b83eb3a8f3originalГерманы монголч эрдэмтэн В.Хэйссиг абугай нэгэн бүтээлээ Монголчууд: Түүхээ хайж буй нэгэн ард түмэн (“Die Mongolen: Ein Volk sucht seine Geschichte”) хэмээн нэрлэсэн байдаг. Айл өрх, овог аймгаасаа эхлээд өвөг дээдсийнхээ удам угсаа, түүх намтрыг хойч үедээ өвлүүлэн, түүгээр ирээдүйн эзэд хүүхэд залуусаа хүмүүжүүлж ирсэн баялаг түүх соёлтой ард түмний үр сад бид юуны учир түүх соёлоо эрж хайж, бүр бусдаас асууж сураглахад хүрэв?

ХIII – XIV зуун. 1206 онд Чингис хаан Монголын анхны нэгдсэн тулгар төр Их Монгол улсыг байгуулав. Улмаар түүний болон залгамжлагчдынх нь байлдан дагууллын үр дүнд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн байгуулагдаж, тэр хэмжээгээрээ дэлхийн бодлогыг тодорхойлоход оролцож явжээ. Төр, хууль ёс, дэг журам, улс хоорондын элчин харилцаа зэрэг ойлголтыг жинхэнэ утгаар нь дэлхий дахинаа таниулж явсан монголчуудын сүр хүч ХVII зуунд сулран доройтож, хөрш гүрнүүдийнхээ эрхшээлд оров.

Монголын төрийн захиргаан дор хэдэн зууныг элээсэн Oрoс, Хятад хоёр эцэстээ тэдний нөлөөгөөр өөр өөрийн “нэгдсэн төр улс”-ыг өвлөн авахын зэрэгцээ мөн өнгөрсөн түүхэн сургамжаасаа монголчуудаас болгоомжлох мөнхийн “айдас”-тай үлдсэн юм. Тиймээс ч манжийн эрхшээлийн он жилүүдэд өмнөд хөрш маань монголчуудын ургийн бичиг, түүх соёлын ном судрыг шатаан устгах, уламжлалт соёл, шашныг нь өөрчлөх замаар монголчуудын тархийг угаах, дэлхий дахинаас тусгаарлан хаах бодлогыг эрчимтэй явуулсан байдаг. Энэ тухай үзэл суртлын хүлээснээс ангид цаг үед бичигдсэн “Монгол улсын шинэ түүх” хэмээх нoмoндoo Магсар хурц хэмээн алдаршсан Магсаржав “Хятад манж нараас монголчуудыг улс төрийн ямар ч сургууль соёлд оруулах байтугай, монгол хүн хятад үсгийн журмыг аван хэрэглэхийг нийтээр цаазалж гадагш үл явуулан битүүгээр гэрт хорьж гадаадын боловсролыг огт мэдэхгүй хэдэн зуун жилээр хожимдон хоцроход хүргүүлсэн нь Хятад Манж улс Монголыг язгуураас хүчирхэг эрэлхэг явсан түүхийг мэдэх бөгөөд дахин босож чадахгүй хэмээн итгэхүйеэ бэрх хэмээн бодож ингэж зүйл зүйлээр аргадан мунхруулж эрдэм соёлын зүг хандүүлахгүй зэрэг харанхуйгаар байлгаж, цагийг нөхцөөсөн нь маш илэрхий болой” хэмээн бичсэн байдаг. Мөн хэдий улс төрийн хувьд нэгдэлгүй байсан ч хүчирхэг байдлаа бүрмөсөн алдаагүй байсан эртний дайнч монголчуудын зах хязгаар нутгуудад нь иргэдээ нүүлгэн суурьшуулах замаар газар нутгаас нь тасдан авах бодлогыг аль аль нь явуулсны дүнд дотоод монгол, гадаад монгол, буриад мoнгoл, барга монгол, хөх нуурын монгол, халимаг монгол, тагнын урианхай монгол гэсэн зохиомол нэртэй олон хэсгүүдэд хуваагдан, зарим нь бүр төрөлх нүтагтаа үндэсний цөөнх болтлоо өөрчлөгдсөн билээ. Хожмоо умард хөрш маань ч бидний тархийг марксист үзэл суртлаар нилээд сайн цэнэглэж өгснөөр бид угсаа гарлаа ч сайн мэдэхгүй, ураг төрлөө сайн танихгүй ёстой л ойд төөрсөн сармагчин лугаа адил болжээ. Yvний уршгаар зон олны минь олон жилийн хүсэл мөрөөдөл язгуурын төр улсаа сэргээн байгуулахын төлөөх их тэмцэл, үлс орны маань тусгаар тогтнол, олон улсын харилцааны орчин дахь улс төрийн статусын асуудал, монголын төрийн түшээдийн үзэл бодол, үйл ажиллагаа зэрэг олон асуудлаар хөрш болон их гүрний эрх ашгийн үүднээс бичигдсэн буруу ташаа ойлголт бидний дунд цаашлаад гадаад дахинд оршсоор байгаа нь туйлын харамсалтай. Манай эрдэмтэн сүдлаачдын зохиол бүтээлд ч тэр бүр нэг мөр бoлoн шийдэгдээгүй байгаагаас уг буруу ташаа ойлголт амь бөхтэй оршсоор байна. Тиймээс уг асуудлын заримаас та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцахаар шийдсэн юм.


Yvнд:

Дотоод улс төрийн нэгдлээ хадгалж чадаагүйн үлмаас 1636 онд онд өвөрмoнгoлын олон аймгууд манжийн Умард Алтан улсад дагаар оров. Хятадын үндэсний төр улс болох Мин улс ч мөн 1644 онд манжийн Чин улсын эрхшээлд оров.Тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн Халх, баруун монголын Зүүнгарын хаант улс мөн л өөр зуураа дайтан Халх Монгол нь 1691 онд манжийн Чин улсад (өвөрмонголыг эзэлснээр манж нар улсаа Чин хэмээн нэрийдэх болжээ) эеэр даган оров. Энэ явдалд монголын дотоод зөрчил нөлөөлсөн хэдий ч манж, оросын хаадын идэвхитэй диплoмат бодлого нилээд үүрэг гүцэтгэснийг мартах ёсгүй. 1756-1758 онд манж нар халх, цахар, өвөрмонголын өөрөөр хэлбэл өөрсдийн нь хүчээр Зүүнгарыг цус урсган эзлэн авлаа. Энэ завсар Хөх нуур дахь Хошуудын ханлигийг эрхшээлдээ oруулав. Ийнхүү монголчууд манжийн хааныг хууль ёсны эзнээ хэмээн хүлээн зөвшөөрч, төрийн түсгаар тогтнолоо алдсан билээ.

Ийнхүү монголчууд эв нэгдэл, эрч хүчээ хадгалж чадаагүйн харгайгаар 200 гаруй жилийн турш манжийн Чин улсын эрхшээл дор хараат орны хэлбэрээр оршсон нь түүхэн үнэн бөгөөд харин хятадын эрхшээлд байсан гэвэл түүхэн үнэнийг гуйвуулж буй хэрэг юм. Харин хятадууд монголын захиргаан дор олон жилээр байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Чин гүрэн нь манж, хятад, төвд, монгол зэрэг олон үндэстнийг захирсан эзэнт гүрэн байснаас биш хятадын эзэнт гүрэн хараахан биш юм. Харин энэхүү эзэнт гүрнийг байгуулсан манж нар хятадад төвлөн сууснаар ХХ зуунтай золгоход үндэстний хувьд хятадад бүрэн уусан шингэсэн нь түүхэн үнэн боловч энэ бол өөр асуудал билээ.

Хятадын хөрөнгөтөн сэхээтнүүдийн шаардлага, хятадын ард түмний бослого, гадаадын хүчирхэг гүрнүүдийн шахалтын улмаас манжийн төр 1901 оноос “Шинэ засгийн бодлого” хэмээх өөрчлөлт шинэчлэлтийг нийт гүрэн даяар эхлүүлснээр монголын талаар баримтлах манжийн төрийн уламжлалт бодлого халагдав. Энэ нь монголчуудын язгуур эрх ашгийг хөндсөн тул манжийн төрийн өмнө Дөлөннуурын чуулганаар хүлээсэн вассалын үүргээс шинэ засгийн бодлогоор чөлөөлөгдлөө хэмээн үзэж, 1911 оны 12 сарын 29-нд Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхий дахинаа тунхаглаж, VIII Богд Жавзундамба хутагтыг хаан өргөмжлөн, манжийн он тоолллыг халж Олноо өргөгдсөн хэмээх шинэ он тоолол эхэллээ. Энэхүү өдрийг Монгол улсын үндэсний баярын өдөр хэмээн зарласан бөгөөд түсгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл тэмдэглэдэг байв. Энэ бол нийт монголчуудын үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүн, нийт монголчууд дахин төр улсаа сэргээн байгуулах монголын ард түмний 200 гаруй жилийн хүсэл мөрөөдөл биелсэн явдал байв. Өөрөөр хэлбэл энэ нь халх, урианхай, цахар, барга, өвөрмoнгoл, хөх нуур, ил тарвагатайн монголчуудыг хамарсан нэгдсэн Монгол улсын тусгаар тогтнолыг зарласан хэрэг байлаа.

Харин энэхүү тусгаар тогтнолын цаашдын хувь заяа Орос, Япон, Хятадын гадаад бодлого, олон улсын хүчний харьцаанаас шалтгаалан хэрхэн өөрчлөгдсөн нь өөр асуудал юм. Тиймээ, энэ бол нийт монгол угсаатныг хамарсан бүрэн тусгаар тогтнолын тунхаглал байснаас бус зөвхөн Гадаад Монголыг хамарсан юм уу эсхүл автономит засгийг тунхагласан явдал байгаагүй юм. Мөн энэхүү тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь нийт монголчуудын олон арван жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх сүүлчийн их тэмцэл байснаас бус оросуудын өдөөн хатгалгаар хийсэн бослого байгаагүй юм. Иймд 12 сарын 29 бол мөхсөн төрөө дахин сэргээн байгуулсан, алдагдсан эрх чөлөөгөө эргүүлэн олж авсан үндэсний баярын өдөр билээ. Чухамхүү 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ч тэр, 1990 оны ардчилсан хувьсгал ч тэр, тэдгээрийн дүнд сая баталгаажсан одоогийн бидний тусгаар тогтнол ч тэр энэхүү түүхэн үйл явдлаас эхтэйг хэзээ ч мартах ёсгүй.

1911-1915 онд Богд хаант Монгол улс бодитой оршин тогтнож байсан бөгөөд түүний засгийн газар нийт монгол угсаатныг хамарсан гадаад бодлогыг ямар нэг хэмжээгээр явуулж байв. Хэдийгээр Орос, Япон, Хятад улсууд Монголын тусгаар тогтнолыг өөрсдийн эрх ашигт тохируулан хязгаарлах юм уу цуцлах бодлого баримталж байсан ч Монгол улсын хууль ёсны засгийн газрыг ойшоохгүй байж чадаагүй юм. Монголд тусгаар тогтнолоо тунхагласан тэр даруй Оросын засгийн газраас гаргасан мэдэгдэлд “.эзэн хааны засгийн газар тус оронд хэрэг дээрээ байгуулагдсан засгийн газрыг хэрэгсэхгүй байж эс чадна.” (“Харбинский вестник” 30 декабря 1911) гэжээ. Мөн 1912 оны 11 сард Орос улс Монгол улстай найрамдлын гэрээ байгуулсан бөгөөд Монголын тусгаар тогтнолыг хязгаарлан танасан 1915 оны гурван улсын хэлэлцээрийн үеэр хятадын төлөөлөгчид “Гадаад Монголын тусгаар тогтнож зарласныг нийтэд мэдэгдсэн тул Гадаад Монголоос тусгаар тогтносноо зүй нь бичиж устгаваас зохино” хэмээн тулган шаардаж байсан зэргээс харахад Монголын тусгаар тогтнолыг дэлхий нийт нэгэнт мэдэх болсон байжээ гэж үзэлтэй.

Энэхүү Монгол улсын засгийн газарт Ерөнхий сайдын орлогчоор Жирэмийн чуулганы засаг гүн ван Гончигсүрэн, Шүүх яамны дэд сайдаар Зостын чуулганы харчин вангийн хошууны захирагч занги Хайсан, Гадаад ямны дэд сайдаар баргын Манлай ван Дамдинсүрэн, Гадаад яамны туслах түшмэлээр буриадын Цэвээн Жамсранов нарыг томилон ажиллулж нийт монгол угсаатныг хамарсан тусгаар тогтнол гэдгийг харуулахыг ямагт эрхэмлэж байжээ. Энэ үед монголын цэрэг Ховд, Улиастайг чөлөөлж, өвөрмонголд цөмрөн орсон хятадын цэргийг 5 замаар давшин үлдэн хөөж зарим нь бүр Их Цагаан хэрэмнээ тулж очсон түүхтэй. Энэ үе бол (1911-1915) нийт монгол угсаатнууд нийтлэг хүсэл сонирхол, эрх ашгийн дор нэгэн төрийн дор нэгдсэн түүхэн зурвас үе байснаас бус Гадаад Монголын автономит засгийн үе байгаагүй юм.

Олон улсын харилцааны түүхэнд хамгийн урт удаан үргэлжилсэн хэлэлцээрүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогдох 1914 оны 9 сарын 8-нд эхэлж 1915 оны 5 сарын 25-нд гарын үсэг зурж баталсан Монгол, Орос, Хятад гурван улсын Хиагтын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг автономит эрхийн хэмжээнд Гадаад Монголын нутаг дэвсгэрийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн явдал тухайн үеийн олон улсын харилцааны түүхэнд их гүрнүүд бага буурай үндэстний хүсэл сонирхол, эрх ашгийг хэрхэн уландаа гишгэж байсны нэг тод жишээ, бидний өвөг дээдэс дипломат талбарт ямар их нарийн ур ухаан, арга заль хэрэглэн байж улс орноо олон улсын харилцааны эрх зүйн субьект болох суурь үндсийг олж авсан баатарлаг түүх болон үлджээ. Харин энэхүү автономит эрхийн хүрээндээ барга, цахар, өвөрмонгол, урианхайг багтаан авч чадаагүй нь асуудал анхнаасаа их гүрнүүдийн өөр хоорондоо хүлээн зөвшөөрөлцсөн нөлөө, ашиг сонирхлын хүрээгээ эвдэхгүй байх зарчмын үндсэн дээр явагдсантай холбоотой нь даанч гачлантай.

 

Ээнэ бол дипломат талбарт жил шахам үргэлжилсэн хүч тэнцвэргүй тулаан байснаас биш угсаа нэгтнээ найр тавин өгсөн наймаа байгаагүй юм. Мөн ХХ зуунд хэд хэдэн улс үндэстэн хэсэглэн хүваагдсаны анхдагч нь ийнхүү монголчууд болсон боловч энэ тухай өдий хүртэл тэр бүр яригдахгүй л байгаа билээ. Энэхүү гурван улсын гэрээ монголчуудын эрх чөлөөний хувьсгалын эрчийг саарүүлж, түүнийг гардан удирдаж байсан удирдагчдыг хагаралдуулснаар нэгэн үндэстэн их гүрнүүдийн эрх ашгийн улмаас хуваагдмал байдлаар орших эрх зүйн үндсийг тавьсан үр дагаврыг монголчуудад авчирсан билээ.

Гадаад Монгол хэмээх ойлголтын талаар товч тайлбар хийе. Энэхүү ойлголт уг нь анх манж нар монголыг хараат, түшмэг орон гэж үзэх төрийн бодлогынхоо үүднээс Цагаан хэрмээс хойш нутаглах бүх монгол овогтныг гадаад муж хэмээн нэрлэж байснаас үүссэн байна. Тухайлбал нийт монголын хэргийг эрхлэх Гадаад Монголын төрийг засах явдлын яамыг манжаар “Түлэрги Голо бэ дасара журган” гэсэн нь монгол гэж нэр байхгүй харин гадаад муж хэмээжээ. Харин хожмоо засаг захиргааны систем, нутаглах газарзүйн байршил, манжийн Чин улсад анх дагаар орсон түүхэн нөхцөл байдал, цаг хугацаа зэрэг зарим онцлог ялгарах шинжээр нь өвөрмонголыг дотоод засаг, Халх, Ховдын хязгаар болон Хөх нуур, Ил Тарвагатайн монголчуудыг гадаад засаг гэж нэрлэх болсноос Гадаад Монгол хэмээх ойлголтод өвөрмонголоос бусад монголчууд хамрагдах болжээ.

Гадаад Монголын төрийг засах явдлын яамны 1817 оны хууль зүйлийн бичигт дотоод засаг 6 чуулган 49 хошуу, гадаад засаг 4 аймгийн зэрэг 150 хошуу гэж заажээ. Гэвч хөх нуур, ил тарвагатай зэрэг монголын зах хязгаар нутгуудыг хятадын мужуудад нийлүүлэх, иргэдээ нүүЛгэн шилжүүлэх зэрэг монголчүүдыг бутарган сарниулах манжийн төрийн бөдлөгын улмаас Гадаад Монгол хэмээх нэр томьёны урьдын утга, хамрах хүрээ өөрчлөгдөн явцүүрсаар ХХ зууны эхэн үе гэхэд Халх, Ховд, Урианхайн хязгаар нутаг төдийг хамарсан ойлголт болсон байв. Ийнхүү анх монголыг хуваан бутаргаж захирахыг эрмэлзсэн манжийн төрийн бодлогын улмаас Гадаад Монгол хэмээх ойлголт үүссэн бол хожим Монголыг хуваан эзэмшихийг завдсан Орос, Япон улсууд өөрсдийн улс төрийн бодлогодоо ашигласнаас Гадаад Монгол хэмээх нэр томьёо үүсч, бичигдэх болжээ. Тухайлбал 1907 оны Санкт-Петербургийн Орос-Японы гэрээнд “Японы эзэн хааны засгийн газар нь Гадаад Монголд Оросын тусгай эрх ашгийг хүлээж эл эрх ашигт харшилж болох алив нэг хөндлөнгийн оролцооноос түдгэлзэх болно” хэмээн түсгаснаар Гадаад Монгол хэмээх нэр томьёо олон улсын эрх зүйн харилцаанд анх хэрэглэгджээ. Түүнээс бус монголчууд хэзээ ч өөрсдийгөө гадаад дотоод, ар өвөр хэмээн зааглаж байсангүй.

1915-1919 онд Хиагтын гэрээнд зааснаар Монголын автономит засаг оршин тогтнож байсан ба 1919 оны 11 сарын эхээр генерал Сюй Шу Жан үлэмж цэргийн хамт Нийслэл Хүрээнд ирж цэргийн хүчээр сүр далайлган 11 сарын 22-нд Монголын автономит засгийг устгасныг зарлав. Түүгээр ч зогсохгүй автономит засгийг устгасан ёслолын ажиллагаа зохиож, Богд хаан тэргүүтэй монголын ихэс дээдсийг Дундад Иргэн үлсын ерөнхийлөгчийн зургийн өмнө гурвантаа мөргүүлэн ёслуулав. Монголын цэргийн зэвсгийг хүраан тараав. Өөрөөр хэлбэл Орост большевик засаг тогтон хүчний тэнцвэрт байдал алдагдсаныг далимдуулан монголыг эзлэх санаархлаа биелүүлсэн төдийгүй түүнийгээ бүр монголчуудыг доромжлох хэлбэрээр үйлдэв. Энэ явдал монголчууды дунд дахин улс үндэс, тусгаар тогтнолоо гэсэн үзлийг бадраасан бөгөөд нийгмийн янз бүрийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлсэн хэд хэдэн бүлэг үүсч, улс орныхоо цаашдын хувь заяаны төлөө санаа зовниж, арга зам хайхад хүргэжээ. Тэд бол ихэвчлэн бичиг, цэргийн бага тушмэдийг багтаасан Зүүн Хүрээний Данзангийн буюу түшмэдийн бүлгэм, Орос улсын консулын оросууд оршин суух Консулын дэнжийн Бoдooгийн буюу ардын бүлгэм, мөн Жалханз хутагт Дамдинбазар, Да лам Пунцагдорж, Хатанбаатар Магсаржав зэрэг язгууртнуудын ноёдын бүлгэм байлаа. Тэд нийгмийн янз бүрийн эрх ашгийг илэрхийлж байсан ч үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээх нэгэн зорилгын дор нэгдэх, үйл ажиллагаагаа уялдуулах замаар Зөвлөлт орос улсын тусламжинд түшиглэн 1921 онд эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, ардын эрхт хэмжээт хаант засаг бүхий тусгаар тогтносон төр улсаа байгуулав. Энэ удаа нийгмийн янз бүрийн давхраа, бүлгийн төлөөлөл хамтын хүчээр түсгаар тогтносон төр улсаа байгуулж, тэр хэмжээгээрээ нийгмийн бүх давхрааны эрх ашгийг хамгаалсан “Үндэсний эвслийн засгийн газар”-аа байгуулснаас бус Зөвлөлт орос улсаас социалист хувьсгал экспортлох маягаар хувьсгал хийсэн хэрэг биш байсан юм. Харин улс төрийн боловсрол муутай, нийгмийн янз бүрийн эрх ашгийг тусгасан энэхүү монголын хувьсгалчдад улс төр, үзэл суртлын хувьд туслах оросын хувьсгалчдын нөлөөлөл байсан нь түүхэн үнэн бөгөөд цаашид монголын улс төрийн амьдралд хэрхэн хутгалдсан нь өөр асуудал юм.

И. Будбaяр

 


URL:

Сэтгэгдэл бичих