Ёс зүйгээ умартаад байна Г.Батбаяр өмгөөлөгч өө
Өчигдөр мэдээллийн зарим хэрэгслээр ОХУ-ын ЭСЯ-наас “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахаас албан ёсоор уучлал хүслээ гэх мэдээлэл гарч байсан. Өөрөөр хэлбэл, уг мэдээллийг Амраагийн өмгөөлөгч Г.Батбаяр тус улсын ЭСЯ-нд очин холбогдох хүмүүстэй уулзсан, тэд нар нь дуучин С.Амармандахаас уучлал гуйх болно гэж хэлсэн хэмээн мэдэгдсэн нь хэвлэлүүдээр цацагдсан.
Тэгвэл уг мэдээллийг ОХУ-ын ЭСЯ үгүйсгэж өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан орос хэлээр дараах тайлбарыг бичсэн аж. Тайлбарт “Дуучин С.Амармандахын өмгөөлөгчийн ЭСЯ-нд хийсэн уулзалтын талаар худал мэдээлэл цацагдсантай холбогдуулан ЭСЯ-наас мэдээлж байна.
Дуучин С.Амармандахыг манай дипломат ажилтан зодсон гэсэн хэргийг тодруулах зорилгоор өмгөөлөгчтэй уулзсан. Ямар ч амлалт, уулзалтыг товлоогүй. Энэ ярианы талаар зөрүүтэй мэдээлэл тараасан нь цаашид түүнтэй /өмгөөлөгчтэй/ уулзах шаардлагагүй болгож байна. Оросууд нэг удаа худлаа хэлбэл хэн чамд итгэх билээ гэж ярьдаг” хэмээн мэдэгдсэн аж.
Түүнчлэн өмгөөлөгч Г.Батбаяр уржигдар тус элчин сайдын яам руу орж уулзсаныхаа дараа сэтгүүлчидтэй уулзахдаа “Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн гадаад харилцааны хэлтсийн дарга Жаргалмаа нарыг шалгуулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад хүсэлт гаргалаа.
Нэр бүхий албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 35 (Гэмт хэрэгт хамтран оролцогч), 107 (Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх), 246 (Гэмт хэргийг үл мэдээлэх), 247 (Гэмт хэргийг нуун далдлах)-р зүйлд зааснаар шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуулийн байгууллагад хандлаа” хэмээсэн юм.
Тэгвэл энэхүү мэдээлэл нь худлаа болохыг ЦЕГ-аас баталж дараах мэдээллийг өгсөн юм. Тус газрын газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Өнгөрсөн сарын 26-ны өдөр ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А бусдад зодуулсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.
Мэдээллийн дагуу ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалт хийсэн. Тухайн хэрэгт хохирогчоор иргэн А-г тогтоогоод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгалт хийгдээд явагдаж байна.
Иргэн А-гийн өмгөөлөгчөөс нэр бүхий хүмүүс дээр гомдол гарган шалгуулах хүсэлт өгсөн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл одоогоор ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан ёсоор тухайн иргэний өмгөөлөгчөөс хүсэлт, өргөдөл ирээгүй байна“ гэлээ.
Тэгэхээр түүний өгсөн дээрх мэдээллүүдийг ОХУ-ын ЭСЯ болон ЦЕГ-аас үгүйсгэлээ. Угтаа бол оросууд Амраагаас уучлалт гуйгаагүй мөн нийслэлийн удирдлагуудыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллүүд нь худал болох нь нотлогдлоо.
Өмгөөлөгч Г.Батбаярын энэхүү сүржин, даржин үнэн худлыг дэнслээгүй бүхий л мэдээлэл нь дуучин Амраагийн нэр хүндэд харшилж байгаа гэдгийг тэрбээр ойлгож байгаа болов уу гэдэг нь эргэлзээтэй.
Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бодит үнэнд нийцсэн мэдээллийг олон нийтэд хүргэлгүй зөвхөн өмгөөлөгчийн үгээр эх сурвалжаа хийсэн нь монголын сэтгүүлчид мэдээлэлд хэр бодитой ханддагийг ч харуулах шиг боллоо. Энэ бүхний цаана бүхэл бүтэн хоёр улсын дипломат харилцаа төдийгүй олон хүний нэр хүндийн асуудал яригдаж байгаа гэдгийг хаа хаанаа бодолцох ёстой асуудлын нэг.
Амжилт.ком
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene teneg Batbayr hun umguulnu gej yi bsiim dandaa hydlaa yarj bh yim 2 orni ner hundiig gytaagaad