Бондын луйварчдыг зайлуулсан цагт АН шинэчлэгдэнэ үү гэхээс Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг нар нүүрээ мянга угаагаад юуг ч өөрчилж чадахгүй

148108366158478b0d94f78Хуралддаггүй нам бараг арван жилийн дараа арай гэж нэг их хурлаа хийлээ. Тэртээ 2007 хойш өдий хүртэл хийж чадахгүй байсан их хурал дөнгөж өчигдөр л хуралдлаа.

Хуралдааны үеэр намын дарга З.Энхболдоос эхлээд АН-ын лидерүүд өөрсдийн үгийг индэр дээрээс тун ч их чөлөөтэй илэрхийлж харагдсан. Эдгээрээс гавьяат Д.Сосорбарам болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарын илтгэл бусдаасаа онцгойров. Х.Тэмүүжин намаа шинэчлэхийн тухай өнгөрсөн жилүүдэд ямархуу байдлаар хоорондын тэмцэл өрнөж улмаар намын сонгуулиар “шороотой” хутгасан талаар өгүүлэв. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд ерөнхийдөө Ерөнхийлөгч рүүгээ чиглэсэн өнгө аястай үгсийг нэлээн чулуудсан бөгөөд намын доторх талцал болон намын эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд өөдөөс нь сөргөлдсөн хэнийг ч байсан хэрэгт холбож байгаа талаар ярьлаа. Мөн өөрийнх нь тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулах цаад шалтгаан нь Оюутолгой, Тавантолгойн асуудал байсан гэдгийг ч нуулгүй хэллээ.

Тэгвэл Д.Сосорбарам гавьяатын үг бусдаасаа онцгой бөгөөд үнэн байлаа. Түүний тавьсан улс төрийн илтгэл тун ч их хатуу үгсээр дүүрэн байсан ч чин үнэнийг өгүүлж орхив.

Өчигдөр, өнөөдөр хоёрыг ажиглахад “Шинэчлэгдсэн АН”, “Намаа шинчилэх хэрэгтэй” гэх санаанууд хамгийн ихээр гарч байв. Гэтэл шинэчлэгдээд шинэчлэгдээд өөрчлөгдөхгүй шахуу хүмүүс намын шинэчлэлийг хийнэ гээд яриад явах нь хачирхалтай. Эх нь булингартай бол адаг нь булингартай л гэсэн шүү дээ. Хичнээн удаа ч байсан шинэ малгай өмссөн ч АН-ыг өнгөрсөн жилүүдэд дампууруулж байсан нөхдүүд дотор нь байсан цагт энэ нам хэзээ ч шинэчлэгдэж чадахгүй гэдэг нь туйлын үнэн. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн итгэл найдварыг тээж байх бүхий л хугацаанд одоогийн АН-ын лидерүүд гэж нэрлэгдээд буй нөхдүүд ард түмнээ шулж, худал амлалт өгч, эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр л ирсэн. Тэд мянган удаа шинэ хувцас худалдаж авсан ч нөгөө л бие биеээ хэмлдэг, нэгнийхээ араас “хутга шаадаг” хэвээрээ л байх болно. Эрх ашгийнхаа төлөө хуйвалдаж нэгнийгээ унагадаг зангаа тэд хэзээ ч тавихгүй.

Мөн улсын мөнгийг үрэн таран хийдэг, бонд босгож түүнийгээ идэж, уудаг гэм биш зан нь бас л хэвээрээ байх болно. Бондын мөнгийг сайдтайгаа гоё дээлтэй уулзлаа гээд хэдэн саяар нь шагнадаг зангаа хэзээ ч тавихгүй. Улаанбаатар хотод их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн гэж өчигдөр АН-ын хүн толгойтой болгон л ярьлаа. Гэтэл өнөөдөр хийсэн ихэнх ажил буруу замаар явсан гэдгийг хууль хяналтынхан шалгаж тогтоож байна. Ерөнхий сайд байсан хүнээс нь эхлээд туслах хүртлээ идэж уусан, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдож байх юм.

Ийм байж тэд ямар нүүрээрээ ард түмнээсээ, гишүүд дэмжигчдээсээ дахин итгэл нэхнэ вэ. Юугаа шинэчлэх гэж ингэж сүр бадруулна вэ. Даргын төлөө тэмцэлдсээр хурлаа ч хийж чадахгүй есөн жил болсон бус уу. Одоо АН-ын лидерүүд гэж яригдаад байгаа нөхдүүд шинээр гарч ирж буй залуусдаа зайгаа тавьж өгөх цаг нь болсон. Улс төрийн тансаг амьдралтай та нар бүхэл бүтэн 20 жил зууралдлаа шүү дээ. Одоо ханаагүй л байна уу.

Шинэчлэл ярих гэж байгаа юм бол намаа ялагдалд хүргэсэн тэргүүлэгчдээсээ, эрх мэдэлд байхдаа улсын мөнгийг буруу замаар урсгасан нөхдүүдээсээ эхэлж шинэчил. З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг тэргүүтэй улс төрөөс тахимаа өгдөггүй нөхдүүдийг хамгийн түрүүнд шинэчил. Намаа шинээр гарч ирж буй залуустаа өгсөн цагт л АН-ыг шинэчлэгдсэн гэж ойлгох нь зөв. Түүнээс биш нялх хүүхэд хуурч байгаа мэт хоорондоо хэрүүл хийж даргын төлөө ил далд тэмцэлдсэнэээр намаа шинэчилдэггүй юм. Бондын луйварчдыг АН-аас зайлуулсан цагт АН жинхэнэ утгаараа шинэчлэгдэх болно.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих