Сүлдэндээ тахисан Монгол адуугаа амьдаараа тарчлахыг харсаар байх уу

1481080723_sad_horseАдуунд хайртай Монгол сайд “Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт тарчлахыг би тэвчихгүй” гээд нээх сүртэй үг хэлж. Үнэхээр тарчилж байгаа адуугаа харсан ямар ч Монгол хүний дотор ийм зүйл бодогдох нь ойлгомжтой. Гэвч адууг амьдаар нь экспортлох зөвшөөрөл олгодог Монгол хүн байж л байна. Мөн тэр холоос тууж ирээд турж эцсэн адууг машин дээрээ ачаад мартчихдаг Монголч байх юм. Өнөөдөр Бичигтийн боомт дээр 800 гаруй адуу хил давахаар хүлээгдэж байна. Ихэнх нь автомашины ачаа дээр 3-7 хоночихсон турж эцсэн байдалтай. Хилийн цаана худалдаж авсан адуугаа хэрхэн төхөөрч, идэш болгож байгаа нь бидэнд чухал биш. Тэр хүртэл нь тууж оччихоод хил давуулах зөвшөөрөл олгочихоод, тэндээс нь татвар, татаасаа авчихаад дараа нь олон зүйл ярьж гоншигнож, Монгол адуу, сүр сүлд гэх нь утгагүй юм шиг.

Үнэндээ адууг амьдаар нь экспортлодог гэж дуулсан ч үгүй байлгүй дээ гэж үл итгэдэг байлаа. Гэтэл 2008 оноос хойш жилдээ 3-7 тоо толгой адууг амьдаар нь хил гаргасаар ирсэн байна. Нэг адууг хил дээр 400-500 мянган төгрөгөөр үнэлж авдаг бөгөөд авсан адуугаа хилийн цаана сая төгрөгөөр худалдаалдаг бизнес эрчийг авчээ. Тиймээс л сүлдэндээ залсан адуу нь тарчилж байгаа эсэхийг үл анзаарч зөвхөн ашгийн төлөө л ажилласаар ирсэн байх юм. Амьдаараа нүд нь хөлдөж, арьс нь цоорж, туурай нь хагарч, хөл дээрээ зогсож чадахгүй гуйвж байгаа адууг харахад хэний ч зүрх эмтэрнэ.

Харин Шадар сайд У.Хүрэлсүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр “адууг амьдаар нь экспортлох”-ыг түр хугацаагаар хориглолоо. Үүнийгээ маш сүржнээр буюу “Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт тарчлахыг би тэвчихгүй” гэж тайлбарласан байгаа юм. Найман жил Монгол адуу хилийн дээсэн дээр тарчилсан байхад сайд дарга нар энэ удаа л төрийн сүлдэнд адуу байдгийг санасан нь гайхмаар. Гэхдээ түр хугацаанд ч болов хориг тавьж чадсанд нь талархаж байна. Хориг 2017 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болж Монгол адуу дахиад л хилийн зурвас хэдэн зуугаараа цуглаж машины тэвчинд ачигдаж, арилжаалагдана гэж бодохоор …

Уг нь ХХААХҮЯ болон МХЕГ-аас адууг амьдаар нь бус бүтээгдэхүүн хэлбэрээр экспортлох бодлого барьж ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Гэвч бүтээгдэхүүн хэлбэрээр урд хөрш сонирхохгүй байгаа бололтой юм. Тиймээс л адуугаа амьдаар нь хил давуулдаг 8-9 аж ахуйн нэгж байгуулагдаж, дан Монголоос бус Хятадаас хүртэл зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулдаг байна. Адуу намар цагт тарга тэвээргэ авдаг. Энэ үеэр л хил давуулах нь ашигтай аж. Тиймээс л хүйтний улиралд нүдийг нь хөлдөөгөөд ч хамаагүй ашиг олохоор олон хоног хилийн зурвас дээр “саатуулж” байна. Бэлчиж, идээшлэж байгаа адуу хүйтнийг даваад гарчихна. Харин автомашины тэвшин дээр олон хоног хөдөлгөөнгүй зогсох адуунд ямар “ирээдүй” байх вэ.

 

“Бүгд л идэш болохоос хойш” гэсэн цэвдэг сэтгэлээр л адуугаа хил давуулж байна шүү дээ, өнөөх Монголчууд чинь.

Эрх мэдэл байдагсан бол түр биш бүр хугацаагаа л хориглочихмоор байна. Ийм асуудал дээр улс төржихгүй, амбицлахгүйгээр Монгол гэсэн чин үнэн сэтгэлээр адуундаа ганцхан удаа хайр зарлачих эрх мэдэлтэн энэ төрд бий гэдэгт итгэж байна. Монголдоо дэлхийн жишигт нийцсэн мах боловсруулах үйлдвэр байгуулаад түүнээсээ дэлхийн улс орнууд руу экспортлодог болчихвол энэ бүх асуудал шийдэгдэх гээд байх юм. 8-хан аж ахуйн нэгжийн эрх ашиг биш энд чинь бүхэл бүтэн улс орны эрх ашиг яригдаж байна шүү дээ.

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих