Оффшорын эсрэг хуулийг батлах сонирхолгүй байна уу
С.Баярцогт гадаадын банкинд хадгалуулсан их хэмжээний мөнгөө “мартсан” асуудлаас эхлэн монголчууд оффшор данс гэгчийн тухай мэдээлэл авч эхэлсэн. Ингэснээр 2013 оны намар УИХ-ын гишүүн Ж.Батзандан улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд татвараас зугтах, хууль бусаар олсон хөрөнгөө гадаадын оффшор бүсэд байршуулах нь элбэг болсныг таслан зогсоох зорилготойгоор хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төсөл энгийн иргэн, бизнесмэнүүдэд бус төрийн өндөр албан тушаалтнуудад хамаарах байв. Гэвч уг төсөл тухайн үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдаанаар хэлэлцсэн ч дэмжлэг авч чадалгүй унасан. Өнгөрсөн хавар УИХ-ын нэр бүхий гишүүд дахин хуулийн төслийг өргөн барьсан ч хэлэлцэгдээгүй.
Харин шинэ парламентын анхны намрын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхээр дахин өргөн барилаа. Сүүлийн хоёр долоо хоног энэ хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн ч, гишүүдийн санаанд хүрэхгүй байгаа гэнэ. Иймээс энэ хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болоод байна. Тодруулбал Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтан оффшор бүст данстай байхыг хориглох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байсан ч хууль санаачлагчид буцаахаар шийдэв. Уг асуудлыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулснаар зохицуулахаар тусгасан.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Оффшор бүстэй холбогдуулан олон улсын толгой эдийн засагчаар ажиллаж байсан хүн нэлээн том судалгаа хийсэн байдаг. Түүний судалгаагаар оффшор бүсэд 32 хүртэлх их наяд ам.доллар байна. Үүний тал хувь нь хөгжиж байгаа орнуудаас байдаг. Хөгжиж байгаа орнуудаас байгаа мөнгө нь тухайн улсын нийт гадаад өрнүүдээс хол давсан их хэмжээтэй байна. Зөвхөн тэр мөнгөнөөс нь хууль ёсны татварыг авбал тухайн улс орон гадаад өрөө бүрэн дарах боломжтой гэсэн тооцоо судалгаа хийсэн байдаг. Гадаад улс орнуудаас уг мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг төвлөрүүлэх ажиллагааг идэвхтэй хийж, улс орондоо татах тусгай комисс байгуулсан байгаа. Их Британийн Татварын албанаас тусгай комисс гаргаад эх үүсвэрийнх нь татвар төлсөн байдлыг шалгаж, улс орондоо төвлөрүүлэх арга хэмжээ авч байна. Улс төрчид хариуцлага хүлээж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Пакистаны Ерөнхий сайд үр хүүхэд нь оффшор данстай байсны төлөө Дээд шүүхээр орж байна. Зөвхөн энэ хууль байхгүйгээр манай улсын агентлаг, татварын албаддаа чиглэл өгөөд оффшорт байгаа мөнгөнийх нь эх үүсвэрийг шалгаж, хууль бус бол хууль хяналтын байгууллагатай хамтарч улсдаа татах хэрэгтэй. Хууль ёсных бол зохих ёсоор татварыг нь авах ажиллагааг явуулах боломжтой байсан. Гэтэл энэ ажиллагааг огт боломжгүй болгосон оффшор эзэмших улс төрчид, тэдний гэр бүлийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гадаадад гэдэг нэр томъёо болохгүй байна. Оффшор бүсэд гэдэг заалт хийхийг Ц.Мөнх-Оргил тодорхойлж байсан. Тэр нэр томъёог нь оруулж ирж. Үндсэн асуудал дээрээ дахиад ажилла. Оффшор гэдэг тодорхойлолтоо оруул. Түүнээс бус гадаадад сурч байгаа хүүхэд дансанд мөнгөө байршуулахыг оффшор гэж үзэхгүй. Ард түмэн хулгай луйвар таслаад өг гэж хүсээд байна. Зарим нь үр хүүхдийнхээ нэр дээр хулгай луйвар хийсэн нь ил болж байна. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг хойшлуул” хэмээлээ.
Ийнхүү хууль санаачлагчдын дутуу боловсруулагдсан гэх хуулийн төсөл дахин унаж, хууль санаачлагчдаа буцлаа. Гурван удаа өргөн баригдаж, хоёр парламентын нүүр үзэж байгаа оффшорын хууль намрын чуулганаар батлагдаж чадахгүй байж ч мэдэх нь. Ямартай ч хууль боловсруулагчид хуулийг төсөл дээр дахин ажиллах үүргийг байнгын хорооноос авсан. Байнгын хорооны шийдвэрийг УИХ дэмжих болов уу?
www.olloo.mn
URL: