Түүхий эдийн ханш ирэх онд

eb08ccef95d4410d4e1fc34698e829ccАЛТ

Хэрэв 2017 онд таваарын ханш эргээд өсч эхэлбэл алтны ханшинд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Геополитикийн нөхцөл байдал болон дэлхийн эдийн засгийн байдал, мөн томоохон шинжээчдийн таамаглалыг нэгтгэж дүгнэвэл 2016 оны эцэс гэхэд нэг унц алтны ханш 1150 – 1400 ам.долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй байна. Нэг трой унц нь 31,1034768 грамтай тэнцдэг. 2016 оны эцэст алтны ханшийг “Goldman Sachs” 1180 ам.доллар/унц гэж таамаглаж байна.

 

 

НЕФТЬ

ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамнаас гаргасан газрын тосны ханшны талаарх тайланд дурдсанаар 2025 онд газрын тосны ханш баррель тутамдаа 64 ам.доллар байх ажээ. Түүнчлэн 2020 он хүртэл аажмаар өссөөр 59 ам.долларт хүрэх бол 2025 онд хамгийн дээд ханш нь 64 ам.доллар байх гэнэ. Гэвч олон улсын шинжээчид арай өөдрөг таамаглал дэвшүүлээд байгаа юм.Тухайлбал, Ройтерсийн шинжээчид 2020 он гэхэд баррель тутамдаа 76 ам.долларт хүрнэ хэмээн үзэж байна.

ХӨНГӨНЦАГААН

Хөнгөн цагаан өнгөрсөн оны сүүлийн хоёр сарын хугацаанд уруудсан ч шинэ оноос сэргэж эхэлсэн. Нэг тонн нь 1752 ам.доллар байсан хөнгөн цагааны ханш 1850 орчим ам.долларт хүрч өсөөд байсан ч энэ өсөлт удаан үргэлжилсэнгүй. Лондоны металлын бирж олон улсын зах зээлд ирэх оны эхний гурван сард арилжаалах хөнгөн цагааны үнийг 1825.41 ам.доллараар тогтоожээ.

ЦАЙР

Дэлхийн зах зээл дээрх цайрын дундаж ханш оны эхний арваннэгэн сарын байдлаар 1904,26 ам.доллар байлаа. Үүнийг өмнөх оны мөн үеиин дундаж үнэ 1939,62 ам.доллартой харьцуулахад 1,82 хувиар буурсан үзүүлэлт юм. 2015 онд цэвэршүүлсэн цайрын нийт бүтээгдэхүүн 8633 сая.тоннд хүрсэн ба хэрэглээ нь 8593 сая. тоннд хүрснээр 70 мянган тонн цэвэршүүлсэн цайрын илүүдэл зах зээл дээр байна гэж “IZLSG” (International Lead and Zinc Study Group)-ээс мэдээлсэн байна. Ирэх онд цайр өсөхгүй ч 2000 ам.доллараас буухгүй гэж шинжээчид үзэж байна.

ТӨМРИЙН ХҮДЭР

“BMI Research” байгууллагын судалгаагаар бол, 2017 онд төмрийн хүдрийн зах зээл зогсонги хэвээр байх нь. Дэлхийн томоохон уурхайнууд хямд түүхий эд нийлүүлсээр байгаа, Хятадын зах зээлд эрэлт буурсаар байгаа болон долларын ханш чангарсан нь үүнд голлон нөлөөлөх юм. Дээрх байгууллагын дэвшүүлсэн таамаглалаар, 2017 онд төмрийн хүдрийн үнэ 45-55 ам.долларын хооронд хэлбэлзэх ажээ.

Америкийн хөрөнгө оруулалтын Голдман Сакс банкны шинжээчид төмрийн хүдрийн үнэ ойрын гурван жилийн хугацаанд 40 ам.доллар/тонноос дотогш орно гэсэн таамаг дэвшүүлжээ. Үүний сацуу, тус банкныхан урт хугацаан дахь үнийн төсөөллөө ч мөн танилцуулсан байна. Тодруулбал, 2040 он гэхэд Хятадын зах зээл дэх төмрийн хүдрийн эрэлт 50 орчим хувиар буурах бөгөөд энэ нь гангийн үйлдвэрлэл хумигдаж, харин хаягдал төмрийг дахин хайлж боловсруулах технологийг илүү өргөнөөр ашиглана гэсэн таамаглалтай холбоотой.

 

 

Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих