ШАДАР САЙДЫН ЭМЗЭГЛЭЛ
Монгол улсын хилээр амьд адуу урд хөрш рүү экспортолдог шинэ төрлийн бизнес эрчээ аваад байсан. Гэвч адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу ирэх оны хавар хүртэл зогсоох шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу өнгөрсөн сард гаргасан.
Үүнээс өмнө тус яамныхан Бичигтийн боомтод очиж, мах экспортолж буй үйл ажиллагаатай танилцахад нөхцөл байдал нь шаардлага хангаагүй тул зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилж байсан байна. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх тохиолдол гарч байгаагаас дээрх шийдвэрийг гаргасныг тухайн үед албаныхан мэдээлж байв. Гэвч албан ёсны шийдвэр гарсныг дуулаагүй малчид хэдэн адуугаа мөнгө болгох санаатай Бичигтийн боомт руу тууж очин, хил хүрээд буцдаг болсон байна. Энэ нь сүүлдээ даамжирсаар мал олноороо үхэхэд хүргэжээ.
Тодруулбал өчигдөр нийгмийн сүлжээнд олны сэрдхийлгэсэн нэгэн зураг тавигдсан нь олон хоног идэш тэжээлгүй явсан 50 гаруй адуу өлдөж үхсэнийг машины тэвшинд ачиж явсан байна. Үүнийг харсан иргэд цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж, байдлыг ийм болтол даамжруулсан малчид болоод зарим албаныхныг шүүмжилж байсан юм. Түүнчлэн уг зураг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг тун ихээр эмзэглүүлжээ. Тэрбээр өчигдөр өглөө “Сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг таслуулж байхыг би тэвчихгүй” хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж албаны хүмүүст уг асуудлыг анхааралдаа авч, таслан зогсоохыг үүрэг болгосон. Харин үдийн хойно салбар яамныхан шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж адууг амьдаар нь экспортлохыг бүр мөсөн зогсоох шийдвэрийг гаргалаа.
Мэдээж хэрэг Монгол түмний дээдэлдэг адууг хэдэн хоног хоол тэжээлгүй тууж эцэст нь өлдүүлж алж байгаа нь байж боломгүй харгис үйлдэл. Гэвч нөгөө талд малчид сайн дурандаа амьтныг зовоон зовоон урд хөрш рүү гаргаагүй нь ойлгомжтой. Эдийн засаг хямарсан энэ үед хэдэн бор төгрөгийг л бодож ийн өвлийн хүйтэнд сүлдэндээ залсан Монгол адуугаа урд хөршид худалдалдах шийдвэрийг гарган явж байгаа. Харин адууг амьдаар экспортлохыг хориглосноор малчдын хувьд алдагдалтай болж байгаа ч урд өмнө нь болоод байснаараа амьдарч болох байх.
Харин энд нэг зүйлийг хэлэхэд Монгол Улсын Шадар сайд онцгой нөхцөлд яаралтай арга хэмжээ авч, зохих шийдвэрийг гаргаж чаддаг юм байна. Харамсалтай нь уг шийдвэрийг Монгол хүний төлөө бус малын төлөө гаргасан нь олон нийтийн сүлжээнд ярианы сэдэв боллоо.
Зарим иргэд Бичигтийн боомт дээр 50 адуу өлдөж үхсэний төлөө Шадар сайд омогшин жиргэж, салбар яам хэдэн цагийн дотор экспортлохыг бүр мөсөн хориглох шийдвэрийг гаргалаа.Харин таван хүүхэд малд яваад сураггүй алга болсон бол, Шадар сайд ийн шуурхай ажиллах байсан болов уу хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна. Ерөөс манайхны малчин сэтгэлгээ давамгайлчихсан нь Шадар сайдын энэ эмзэглэлээр харагдлаа.
Хурдан морины уралдааны үеэр хүүхэдгүй морь уралдаад барианд орж ирэхэд хамгийн түрүүлж унаж явсан хүүхэд нь яасан бол гэж санаа зовохын оронд унаачгүй байж унаачтай морьдтой уралдаад ороод ирлээ хэмээн омогшдог ийм л ард түмэн. Гэтэл хурадан морь унаж яваад унаад насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хүүхдүүдийн тоо буураагүй хэвээр л байгаа шүү дээ.
URL: