… шилдэгүүд, Улс орноо хөгжүүлэх болтугай
- Юуны?
- Мэдэхгүй. Нэг төрийн бус байгууллагаас “Оны шилдэг удирдагч”-гаар тодруулж, шагналаа.
- Өө тийм үү. За баяр хүргэе. Миний найз ч одтой яваа юм байна даа.
- Харин ээ хө. Шагналаа очиж авна гэхээр нэг л ичээд байх юм.
- Яадаг юм бэ. Очоод аваач.
- Би чинь ямар юмных нь шилдэг байх вэ дээ. Компаниа дампууруулж, 50 гаруй ажилтнаа ажилгүй болгосон. Ийм хүний яаж “шилдэг удирдагч” гэдэг шагнал аваад зогсч байх вэ дээ. Онигоо биз дээ.
- мм. Тэр чинь чиний буруу биш шүү дээ. Улс орон хямралтай байна. Танайх гэлтгүй олон мундаг аж ахуйн нэгжүүд хаалга байсан. Харин ч миний найз хямралтай үед хэдэн ажилтнаа цалинжуулаад тэсээд байсныг чинь энэ төрийн бус байгууллага үнэлж шагнал өгч байна. Очоод ав.
- Дэмий байх аа.
За энэ яриа зохиомол хэдий ч шинэ жилийн баяр дөхөхөөр хэзээ хаана хэрхэн байгуулагдсан нь мэдэгдэхгүй олон төрийн бус байгууллагууд гарч ирээд л “оны шилдэгүүд”-ийг тодруулж эхэлдэг уламжлалтай. Процитур ерөнхийдөө дээр өрнөж буй ярианы хэмнэлээр явагдана. Төрийн бус байгууллагын нөхдүүд хуралдаад аж ахуйн нэгжүүдийг онилж байгаад саналаа уламжилна. Тэгээд ичих булчирхайтай нь татгалзаж, бусад нь шагналаа баяртайгаар гардан авцгаана. Төрийн бус байгууллагууд зүгээр л хүнийг шагнаад явна гэж юу байх вэ. Тодорхой төлбөр тооцоотойгоор энэ үйл ажиллагаа явагдах нь ойлгомжтой. Мөн тэндээсээ ашгаа ч гаргаж авна. Ерөнхий дөө “шилдэг” болж байгаа хүн шагналаа худалдаж авч байна л гэсэн үг юм.
Ийм зүйлийг хувийн хэвшлийнхэн нэг их таашаагаад байдаггүй. Харин төрийн байгууллагынхан бол ихэд таашааж, идэвхтэйгээр оролцох нь бий. Шилдэг улс төрч, шилдэг төрийн байгууллага, шилдэг агентлаг, шилдэг яам, шилдэг бүтээн байгуулалт, шилдэг төсөв гээд л явж өгнө. Нөгөө “эрэлт байгаа газар нийлүүлэлт байна” гэдгээр л төрийн байгууллагынхан шагнуулах дуртай учраас ашгийн төлөөх байгууллагууд энэ цаг үед борооны дараах мөөг шиг гэнэт гарч ирцгээх нь ойлгомжтой.
Ичих ч үгүй авах юм. Нөгөөдүүл нь санаа зовохгүйгээр шагнах юм. Энэ жил ч дахиад л иймэрхүү арга хэмжээнүүд болох нь ойлгомжтой. Харин хэн гуай шилдэг улс төрч болж, хэний яам шилдгээр тодорч, аль төрийн байгууллага оны шилдэг гэгдэх бол гэж бодохоор л сонирхол төрж байна шүү.
Үндэстэн агентлаг
URL: