ЭНЭ ШИНЭ ЖИЛЭЭР ЭЛДЭВТЭЙ ДУУЧДЫГ БИТГИЙ УРИАРАЙ

8aef4afc9c8f4192ba098536798cab96_1480985666“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг Оросын дипломат албаны ажилтан зодож хүнд гэмтээжээ” гэдэг мэдээлэл цахим ертөнцөд гэрлийн хурдаар тархав. Орос болон барууны зарим хэвлэлд ч энэ тухай онцлов. Бүр зарим нь ямар утгатайгаар мэдээлсэн гээч. “Оросын дипломатч Монголын фашистад нударганы амт үзүүлжээ” гэж. Бараг “Хохь нь ээ” гэх нь, муу золигнууд. ОХУ-ын бас нэгэн вэбсайтад “Хас тэмдэг бүхий хувцас өмсөх нь эх орны дайны үед амиа алдсан иргэдийг доромжилсон хэрэг” гэж манай улсын Үндсэн хуульд заасан байдаг” гэсэн байх юм. Эндээс харвал, Амараа орос эрд зодуулсан биш ОХУ-ын Үндсэн хуулийг зөрччихсөн юм байна л даа. Энэ мэт мэдээллүүд интернэтээр нэг.
Харин Монголын сошиал ертөнцөөр сонин юутай вэ. “Хар сарнай”-н Амарааг Оросын дипломат албаны ажилтан зодсон тухай мэдээллийг анх вэбсайтууд мэдээлэхэд “Юу болох нь энэ вэ. Амараа нацист ёсолгоо хийж оросуудын дургүйг хүргэв үү” гэх эргэлзэж, гайхширсан үгс твиттер, фэйсбүүкээр хөвөрч байсан бол хэд хоногийн өмнөөс улайстал улстөржив. Намчин залууст нөгөө намынхан руугаа дайрах далим болж, хөөрүү зарим нь тэднийг даган баясч учрыг нь ч ойлгоогүй нөхөд уухайлан дэмжиж байгаа харагдав. Амараа, орос эр хоёрын хооронд болсон явдал хотын удирдлага руу дайрах гол сэдэв нь болов. Арга хэмжээнд урилгаар очсон хотын удирдлагуудын зургийг сошиалаар нэг түгээж бараг л “Амарааг зодуулсан нөхөд энэ байна” гэх нь холгүй юм болов. Гэтэл энэ юу ч биш байж. Өчигдөр, уржигдраас зарим вэбсайт, твиттер, фэйсбүүкээр бүр гайхаж цочирдом “мессэжүүд”-ийг нисгэх болов. “Хотын дарга нар Амарааг харанхуй өрөөнд нууж гэнэ”, “Нөгөө Ц.Сандуй чинь “Төсвийн мөнгөөр хийх гэж байгаа бол “Минт”-д зохион байгуул”, “Хотын удирдлагууд Амараагийн шүүх эмнэлгийн хариуг хөнгөлүүлэх гээд гүйж явна гэнэ” гэхчлэн хүн итгэмгүй “Адал явдалт зохиолууд”-ыг интернэтээр түгээж, “Хөлснийхөн” үгэн сумаа С.Батболд, Ц.Сандуй нар руу чиглүүлэв. Угтаа Монголын сошиал хэрэглэгчдийн дийлэнх нь соц үеийн хэллэгээр бол сэхээтнүүд байдаг. Аливаа арга хэмжээнд дарга нар урилгаар оччихоод үг хэлж нээн шагнал гардуулаад явцгаадгийг тэд мэдэхийн дээдээр мэднэ. Хотын удирдлагууд ч Амараагийн дуулсан арга хэмжээнд урилгаар оччихоод нэг их удалгүй явцгаасан аж. Гэвч дээр дурдсан “Адал явдалт зохиолууд”-ыг сошиалаар нэг түгээж, С.Батболд, Ц.Сандуй нарын эсрэг ПР болгон хувиргах нь хэнд ашигтай вэ. Мэдээж хэрэг, сонгуулийн шокноосоо гараагүй байгаа АН-ынханд, бас сөрөг улстөрчдөөс нь тав, арван төгрөг авч өдөр, шөнөгүй улстөрждөг хэсэг бүлэг хүмүүст.
“Хар сарнай” хамтлагийн дуунуудад монголчууд дуртай. Үндэсний хувцастай залуус тайзыг эзэгнэж, эх орноо магтан дуулахад нь монгол хүн бүр омогшдог. Урлагийн тайзнаа жинхэнэ Монгол омогшил, бахархлыг төрүүлдэг тэднийг хүмүүс хайрлан хүндэлдэг. Тиймээс хэн ч танихгүй орос эрд зодуулж бэртэл гэмтэл авахад нь элэг нэгтнээ өмөөрөхөөс өөр яалтай. Ямар ч тохиолдолд бусдад гар хүрч болохгүй. Гэхдээ энэ удаагийн явдлаас сургамж авах хэрэгтэй мэт санагдав. “Энэ шинэ жилээр элдэвтэй дуучдыг урьж болохгүй юм байна” гэж. Төрийн болон хувийн байгууллагууд “Жилд ганц удаа тэмдэглэдэг баяр юм чинь хамт олноо баярлуулъя. Дуртай хамтлаг, дуучдыг нь урья” гэдэг. Түүнийгээ бараг уламжлал мэт боддог. Харин нөгөө хамтлаг, дуучид нь тэрхүү урилгыг зүгээр л “Халтуур” гэж хүлээж авдаг. Тэгээд хоцрон барин хүрч ирчихээд хэд гурван дуу ам барьж дуулсан болоод дор хаяж 2-3 сая төгрөг аваад явдаг нь хэдийнэ ил болсон зүйл. Угтаа бэлэн бичлэг тавьчихаад тайзан дээр гарч нааш, цааш ганхангаа амаа хөдөлгөх шиг муухай хууран мэхлэлт үгүй л дээ. Урлагийнхны ийм увайгүй байдалд эгдүүцсэн үү яасан зарим байгууллага баярын үеэр тэднийг урихаа больж, ам барьдаг дуучдад өгдөг мөнгөөрөө ажилчдаа шагнахыг илүүд үздэг болсон. Ер нь хашир улстөрчид ч тэднээс жийрхдэг болсон болов уу. Учир нь Швейцарьт жил бүр болдог Давосын уулзалтын үеэр “Гурван охин” хамтлагийнхныг зардал мөнгийг нь дааж аваачсан биш өнөө гурав нь тайзан дээр шалдан нүцгэн шахам дуулж Монголын зочдын нүүрийг улалзуулсан. Мөн зурагчин М.Зоригт дуучин бүсгүйтэй хамт сельфидчихсэн чинь сошиалын сахилгагүй залуус бүсгүйнх нь энгэр хэсгийг үлдээж “М.Зоригт мөөмдлөө” гэж шоглож байсан ч удаатай. Энэмэтчилэн элдэвтэй дуучдаас эмээж явахгүй бол эвгүй байдалд орж мэдэх нь байна шүү, улстөрчид өө. Энэ шинэ жилээр тэднийг битгий уриарай. Аягүй бол зарим нь дуугаа дуулчихаад мөрөөрөө явахгүй ширээ хэсч согтуурхан зочдыг тань уурлуулахвий. Жиргээчид ч гэж жиргээчид. Улстөрчдийн хуушуурдалтад очиж, үзэл бодлоо хямдхан арилжчихдаг нөхөд тэдний дунд цөөнгүй бий. С.Батболд, Ц.Сандуй хоёрыг “Эдийн засаг хямарчихаад байхад ийм тансаг арга хэмжээнд оролцлоо” гэж өглөө, үдэшгүй шүүмжлэх атлаа тэд өөрсдөө ч дутахгүй тансаг чамин шинэ жил тэмдэглэсэн байх юм.

Ц.Аюуш
analyz.mn

URL:

Сэтгэгдэл бичих