Ц.Оюунжаргал: Боломжийг ашигла, үндсэн бизнестээ анхаарлаа хандуул
Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд сэдэв форум өчигдөр боллоо. Тус форумд жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцсон юм. Энэ үеэр “Эдийн засгийн хүндрэлийн үе дэх бизнесийн өсөлтийн боломж ба стратеги”, “Дотоодын зах зээлд тээвэр, хүргэлтийн шинэ үйлчилгээг нэвтрүүлж, хүндрэлүүдийг даван туулж буй туршлага” зэрэг илтгэл тавьсан юм.
Манай улсын эдийн засгийн өсөлт удааширч байгааг Засгийн газраас гаргасан төсөөллөөс харж болно. Тухайлбал, өнгөрсөн онд ДНБ 2.3 хувиар өссөн бол энэ онд гурван хувиар өснө хэмээн төсөөлсөн. Харин ирэх 2017 онд 3.4 хувь, 2018 онд 6.8 хувиар өснө гэжээ. Манай улсын хувьд хүн амын өсөлт өндөр байгаа бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1.2 сая, нийт өрхийн тоо 859 мянга үүнээс 376.4 мянга нь нийслэлд амьдардаг байна. Тэгэхээр хүн амын өсөлтийг “цонх” үе гэх бөгөөд сайнаар ашиглаж чадвал эдийн засаг өсөх боломж өндөр гэдгийг “GSMI” институтын захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал хэлсэн юм.
Ер нь эдийн засаг хямралтай байгаа үеийг боломж болгож ашиглах хэрэгтэйг оролцогчид хэлж байв. Тухайлбал, энэ үед компани өөрийн үндсэн бизнесийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө маркетингийн өсөлтийн стратеги боловсруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, зах зээлийг өргөжүүлэх, хэрэглэгчийн судалгааг тогтмол хийхээс гадна үйлдвэрлэж буй брэндийн хөгжүүлэлтийг тогтмолжуулах учиртайг онцолсон. Мэдээж менежментийг тогтолцоог сайжруулснаар гарах үр дүн нь эерэг байх болно. Үүний тулд бизнесийн дотоод систем, удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх нь зүйтэй ажээ. Түүнээс гадна компанийн биет болон биет бус хөрөнгийг сайтар хамгаалах учиртай. Мөн хамгийн чухал ажлын орон тоог авч үлдэх нь зайлшгүй сонголт ажээ.
Эдийн засаг сайн байх үе буюу 2012 оны ид үед олон компани охин компани байгуулан салбар бүрт бизнесээ өргөжүүлж байсан. Харин эдийн засгийн хямралын үед дан ганц үндсэн бизнестээ анхаарлаа хандуулж ашиг багатай ирээдүй нь бүрхэг заримыг нь зарах хэрэгтэйг зөвлөх Ц.Оюунжаргал онцоллоо. Энэ нь зайлшгүй сонголт болдог хэмээн форумд оролцсон компанийн удирдлагууд санал нэг байлаа.
Үндсэн бизнесээ авч үлдэхийн тулд тухайн багц дотроо шинжилгээ хийж улам чанаржуулах арга хэмжээ авах хэрэгтэй аж. Мөн санхүүгийн удирдлагыг сайжруулан бараа материал, эргэлтийн хөрөнгийн үлдэгдлийг зохистой төвшинд удирдах хэрэгтэй юм. Түүнчлэн хүний нөөцийн удирдлагыг зөв удирдан ажиллагсдыг хөгжүүлэх, сургах төсвийг бууруулахгүй байх нь маш чухал хэмээн оролцогчид ярьж байна. Сүүлийн үед цахим сүлжээ буюу интернэт хэрэглээг хязгаарлах явдал аж ахуйн нэгжүүдэд ихээхэн гарах болсон. Учир нь нийгмийн сүлжээгээр хэт их аялснаар ажлын бүтээмжид сөрөг нөлөө үзүүлж байна гэх тайлбар хийдэг. Гэхдээ энэ нь тийм ч зөв шийдвэр биш гэдгийг энэ үеэр ярьж байна. Яагаад гэвэл цахим сүлжээгээр нийгмийн сүүлийн үеийн хандлага, сошиал медиа маркетинг, өрсөлдөгчийн талаарх мэдээлэл зэргийг цаг алдахгүй авах боломжтой юм.
Эдийн засгийн хүндрэлийн үед бизнесээ өргөжүүлэн тэлэх боломжийг бий болгох бас нэг зарчим нь хэмнэлтийн стратеги. Ингэснээр илүү зардлаа танах, зарим хэсгийг бууруулах зэргээр хэмнэлт хийж болох юм. Тухайлбал, цахилгааны оронд сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжтой. Дулааны алдагдлыг бууруулснаар үргүй зардлыг багасгаж болно. Энэ мэтчилэн хэмнэлтийг хийснээр эдийн засагт нөлөөлж буйг “Галтууд” компанийн захирал Б.Баярчимэг хэлж байлаа.
Санхүүгийн хямралын үед компанийн удирдлага нөөц төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэнэ. Ингэхдээ гол хэлтэс албадаас төлөөлөл оролцуулах учиртай. Хямралын нөхцөл байдал компанийн үйл ажиллагаа, санхүүгийн чадавхид хэрхэн нөлөөлж байгааг ажилчидтайгаа нээлттэй хуваалцах ёстой бөгөөд гарц заавал олддог аж.
Ер нь хямралыг боломж болгох нь чухал. Тухайлбал, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурна, бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломж бий болно. Хамгийн гол нь хямралыг даван туулсны эцэст илүү ухаалаг, аливааг өөрөөр хардаг болох юм. Бизнесийг удирдана гэдэг нь машин жолоодохтой ижил хэмээн зөвлөх Ц.Оюунжаргал хэлж байна. Тэрээр “Хөдөлгөөн багатай, түгжрэлтэй зам дээр зорьсон газраа хурдан хүрнэ” гэсэн юм. Тодруулбал, түрэмгий жолоочийн дүрд хувирах хэрэгтэй бөгөөд замын хажуугаар явах нь дөтлөх боломж юм. Эсвэл өөр замаар бүр нисдэг тэргээр аялах нь бизнесээ өргөжүүлэх, зорьсон газраа саадгүй хүрэх бас нэг боломж ажээ.
Д.ОЮУНЧИМЭГ
URL: