Н.Алтанхуягийн “нуун дарагдуулсан” гэх шилэн барилгын гэрчилгээ эхнэрийнх нь нэр дээр гарч байжээ

5c7b6faca481700d25fddb1034f04cc7Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сарын 30-нд буюу өнгөрсөн мягмар гаригийн 14.00 цагт эрүүгийн 201501000009 дугаартай хавтаст хэрэгт сэжигтнээр тооцон шалгах тухай зарлан дуудах хуудсыг хүргүүлж, тэрбээр дөрвөн цагийн турш мэдүүлэг өгсөн нь хэвлэл мэдээллийнхний төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байсан.
Н.Алтанхуяг мэдүүлэг өгөхийнхөө өмнө болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа мэдэгдэх үеэрээ “Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчид өөрийг нь улс төрийн зорилготойгоор “хэрэгт унагахаар санаархаж”  гэр бүлийнхнийг нь хүртэл хорьж, шалгаж байгаа тухай хэлж байв.

Олон асуулт дагуулсан энэ үйл явдлаас хуулийн байгууллага ямар үндэслэлээр АН-ын лидерүүдийн нэг, экс ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэрэгт татан шалгаж эхэлсэн нь хамгийн их анхаарал татаж байсантай та бүхэн санал нийлэх биз ээ.
Түүний хэлсэнчлэн улс төрийн, эрх мэдэлтний зорилго, нөлөөлөл байлаа ч хуулийн байгууллага хэн нэгнийг тодорхой үндэслэлгүйгээр хэрэгт татаж, мэдүүлэг авахгүй нь ойлгомжтой.

Энэ л шалтгаанаар ZUV.MN сайтын сурвалжлах баг дээрх асуудлыг тодруулахаар хүчин чармайлт гарган ажиллаж, мэдээллийг тодруулан нийтэд хүргэсэн байдаг.

Бидний олж авсан баттай эх сурвалжийн мэдээлэл нь Н.Алтанхуяг нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа зарим нэг томоохон үл хөдлөх хөрөнгөө ХОМ-доо мэдүүлэлгүй нуун дарагдуулсан нь өдгөө шалгагдах үндэслэл болсон тухай байсан.

Тодруулбал, Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1-ийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлийн 270.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчиж хөрөнгө орлого болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нуун дарагдуулсныг хуулийн байгууллага олж тог тоон шалгаж байна. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендерийн хууль тогтоомж зөрчиж төрөл садандаа их хэмжээний төсвийн мөнгийг олгосон асуудалтай холбогдуулан буруутайд тооцон шалгаж  эхэлсэн гэх мэдээллийг нийтэлсэн.

Тухайн өдрийн /11 сарын 30-нд/ 18.20 цагийн орчим дээрх мэдээллийг нийтлэгдсэний дараа Н.Алтанхуягийн зүгээс бидэнд маш их дарамт, дайралт ирсэн. Гэсэн ч бид өөрсдийн эх сурвалж хийгээд баримт дээрээ бат зогсож тухайн мэдээллийг эргүүлэн татахаас эрс татгалзсан.

Цаг хугацааны хувьд АН-ын их хурал болж буй энэ өдөр дахин ийм мэдээлэл нийтэлж байгааг захиалгатай юм уу, улс төртэй холбож хардах хүн цөөнгүй байж мэдэх юм. Хардах эрх бүгдэд бий. Гэхдээ Н.Алтанхуягийг хэрэгт унагахийг санаархаж буй гэх Ерөнхийлөгч Ц.Элбэрдоржийг бичигч би таних байтугай сэтггүлчидтэй хийдэг уулзалт дээр нь ч нэг  удаа очиж үзээгүй хүн. Манайхны  ярьдгаар “салхин доогуур нь ч гарч байсангүй”. Эрэн сурвалжлах чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэж байсан, басхүү дөрвөн жил бичиж нийтлэх ажлаа завсарлаад салбартаа дахин ажиллаад удаагүй байгаа миний хувьд тэр улс төр, томчуудын дундах “асуудал” үнэндээ хол.

Гэвч өчигдөр 15.00 цагийн үед Н.Алтанхуягийн өмгөөлөгч О.Чулуунчимэгээс манай сайтад уучлалт хүсэх шаардлага ирүүлсэн. Уг шаардлагад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилга экс сайдтай холбоотой гэж ор үндэсгүйгээр гүтгэсэн. Үүндээ уучлалт хүсч залруулга гаргахгүй бол хуулийн байгууллагад хандаж хохирлыг барагадуулах улмаар сайтын үйл ажиллагааг цаашид явуулах эсэх дээр ч арга хэмжээ авна гэх утга бүхий сүрдүүлсэн бичгийг ирүүллээ. Ингээд зогсохгүй medee.mn, 24 tsag.mn, eagle.mn тэргүүтэй сайтуудаар уг шаардлагаа нийтэлсэн байв. Зохион байгуулалттайгаар тараасан уг мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргахаас татгалзсан юм билээ. Үүнийг юу гэж ойлгох вэ, ноён Н.Алтанхуяг аа.  Хэвлэл мэдээллийн байгууллагыг хэвлэл мэдээллээр нь “намнадаг” цаг ирсэн гэж үү. Эвсэл нөгөө “бантахдаа балайрна гэдэг” нь болсон юм уу?

Энэ шалтгаанаар бид өөрсдийн олж авсан мэдээллээ тодотгож, зарим баримтыг нийтлэхээс өөр аргагүйд хүрлээ. Ямар ч тийм барилга байшинтай холбоогүй гэж “мэлзсэн” сайдын 2016 оны ХОМ-ыг та бүхэн харж байна.

15203217_10209182903102084_4427222751853500390_n
Өмнө нь манай мэдээлэлд дурьдагдсан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгын зах зээлийн үнэ 130 сая төгрөг гэж үнэлжээ. Харин 2015 онд ХОМ-доо уг барилгыг 30 сая гэж үнэлсэн байх юм.  Нэг жилийн дотор 30-130 сая болтлоо үнэлгээ өсдөг “үнэтэй” барилга байдаг бололтой. Ямартай ч шилэн барилга Н.Алтанхуягийнх гэдэг дээр маргах шаардлагагүй олон баримт байна. Уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эхнэрийнх нь нэр дээр гарч байсан баримт хүртэл бий.

Уг нь сэтгүүлч миний бие адилхан бага насны хүүхэдтэй эх хүний хувьд ч, эмэгтэй хүний хувьд ч уг баримтыг дэлгэж Н.Алтанхуягийн  эхнэр Х.Сэлэнгийг хэл амны бай болгохыг хүсээгүй юм.

Дээр нь Н.Алтанхуяг гэдэг хүнтэй нүүр тулж уулзаж үзээгүй ч өөрийн итгэл үнэмшлээр, хийж байсан ажлыг нь дэмжигчдийн нэг байсны хувьд түүнийг гүтгэж доромжлох шалтаг, шаардлага, шалтгаан бүр зориг зүрх ч надад байхгүй гэдгийг тодотгомоор байна. Тухайн өдөр  /11 сарын 30-нд/ түүнд хоёр цагийн дараа очиж мэдүүлэг өгөх зарлан дуудах өгсөн ч тэрбээр экс ерөнхийлөгч шиг “луу унжилгүй” эр хүн шиг хүрч ирж байгааг харахад хүндэлмээр санагдаж байлаа. Тиймдээ ч түүний мэдэгдсэнээр улс төрийн зорилготой юм шиг харагдах энэ хэргийн цаана юу байгааг бид тодруулахыг хичээсэн.
Угтаа хуулийн байгууллага яагаад, юунаас болоод шалгаад байгаа, чухам юу болоод байгааг мэдээлэх нь бидний үүрэг, ажлын л нэг хэсэг.  Олон нийтийн эрх ашигтай холбоотой, анхаарлыг татсан онцлох мэдээллийг олон эх сурвалжаас тодруулж, мэдээлэл авч, түүнийгээ баталгаажуулаад аль болох түрүүлж мэдээллэхийг эрмэлздэг зарчим аль ч хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд байдаг шүү дээ.

Эцэст нь хэлэхэд, бид гүтгэлгийн чанартай мэдээлэл бичиж хүний нэр төрд халдаагүй, өөрсдийн олж авсан баттай эх сурвалжийн мэдээлэл, баримтан дээрээ тулгуурлаж мэдээллээ бэлтгэсэн гэдгээ хэлмээр байна. Харин хэн нь хэнийгээ “гүтгэчихэв ээ” гэдгийг хуулийн байгууллагын үйл ажиллагаа, олон нийтийн дүгнэлт, цаг хугацаа харуулах биз ээ.
Таны сэтгүүлчдэд хийсэн мэдээллийг эргэн сануулахад “Өнөөдөр 14.00 цагийн үед надад зарлан дуудах хуудас ирлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нилээн үйл явдал өрнөх юм шиг байна.

Мөн нэвтрүүлгээр орохдоо монголын нийгэмд болохгүй байгаа зүйлс, тэрэн дотроо цөөхөн хүмүүс Монголын хамаг баялагийг сорчлоод завшаад байна гээд хэлчихсэн чинь манай энэ Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм шиг байна. Цөөхөн хоногийн дотор гурав дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ.

Ер нь Ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийнхэн хууль хяналтын байгууллага дотор хонгил үүсгэчихсэн тухай би дөрвөн сард ярьж байсан. Тэр хонгил руугаа намайг шахаж оруулах гэж олон жил оролдож байна. Айж ичээд байх зүйл байхгүй. Үнэн мөн хэзээд ялна аа гэж бодож байна.

Хоёр зүйлд харамсаж байна. Намайг эхнээс нь дуудчихгүй Л.Гансүх, Б.Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шорон гяндангаар тарчилгаж, хамгийн сүүлд төрсөн дүү одоо ойр орчмын хүмүүсийг тарчилгах хэрэггүй байсан юм. Зарлан дуудах хуудсаа жаахан давчуу өгнө лээ. Одоо 16.00 цаг болж байна. Ингэж яарч өгсөн нь намайг ирэхгүй гэж шалтаглах гэж байсан юм байлгүй.

Төгсгөлд нь би нэг юм хэлье.  Ц.Элбэгдорж бид хоёр 1990 оноос Ардчиллын төлөө явсан. Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог тийм ардчиллын төлөө би яваагүй. Түүний үгэнд ормооргүй байна. Ойр дотны хүмүүсийг маань оролдож байхаар аль эрт намайг дуудаад байцаалт авчихгүй дээ. Одоо тэднийг маань гаргаж, намайг тэр шорондоо хий. Би шоронд орсон ч эх орныхоо төлөө, энэ бүхний эсрэг тэмцсээр байх болно” гэх таны энэ мэдэгдэлээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө бий болгосон “шударга бусын хонгил”-руу яагаад журмын нөхрөө  түлхэж оруулах гээд байна вэ хамгийн гол нь мэдүүлэг авч анхаарал татаад байгаа хуулийн байгууллага ямар үндэслэлээр шалгаж байна вэ гэдгийг тодруулах, мэдээлэх эрх, үүрэг дөрөв дэх засаглалынханд байдаг юм шүү Н.Алтанхуяг сайд аа.

 

 

Сэтгүүлч Г.Долгорсүрэн
Эх сурвалж:zuv.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих