“Даашинзтай АМБИИЦ”

УянгаЕрөнхийлөгчийг огцруулах Г. Уянгын үндэслэл биеллээ олох магадлал нь тун бага, бараг боломжгүй

Удтал чимээгүй явсан улс төрийн нам, хүчнүүд түрүүчээсээ сэрж эхэллээ. Урин дулаан орохоор л Төв талбайгаа гороолж, түмэн олныг эгнээндээ нэгдэхийг уриалдаг хавар цагийн дүр төрхтэй харьцуулахад энэ удаагийнх өөр. Учир нь, тэдний шаардлага өнөөх улиг болтлоо дуншсан УИХ, Засгийн газар бус Ерөнхийлөгчийг чиглэжээ. Автор нь УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам (ТТЭНН)-ын дарга Г.Уянга.

МҮАН-ын квотоор УИХ-д сууж, сонгуулийн өмнөхөн намынхаа хаалгыг хааж, ТТЭНН-ын дарга болж буурь сэлгэсэн тэрбээр Ерөнхийлөгчийг дахин дуэлд дуудсан нь энэ. Ялгаатай нь, төрийн түшээдийн хувиар бус тэмцэгч, жагсагчийн дүрээр Төрийн тэргүүнтэй нүүр тулах нь. Төрийн ордны дотроос биш гаднаас нь гэсэн үг. Гэхдээ Г.Уянга тэргүүтэй ТТЭНН-ынхан Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийг зарлалаа гээд асуудлыг шийдвэрлэчихгүй. Учир нь, Ерөнхийлөгчийг хуульд зааснаар хэд хэдэн үндэслэлээр огцруулдаг.

Ингэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ зөрчсөнийг тоггоовол УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүйн саналаар огцруулах эсэхийг парламентаар дэнсэлдэг. Мөн энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхийн тулд Ерөнхийлөгч бүрэн эрхээ зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт шаардлагатай. Харин биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн эсхүл нас нөгчсөн тохиолдолд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоор мөн хуульчилжээ.

Хуулийн эдгээр заалтыг барим-талбал Г.Уянга даргын Ерөнхийлөгчийг ощруулах үндэслэл биеллээ олох магадлал нь тун бага, бараг боломжгүй. Яагаад гэхээр одоогийн Ерөнхийлөгчид дээрх хуулийн заалтуудын аль нь ч хамаархаагүй байна. Нэг үгээр хэлбэл, Г.Уянга даргын энэ удаагийн үйлдэл нийгэмд тодрох гэсэн “даашинзтай амбийц” төдий л харагдах бололтой. Магадгүй Өмнөд Солонгосын иргэд төрийн тэргүүнээ огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсны үр дүнд Ерөнхийлөгч Пак Гын Хэ эрх мэдлийг нь ямар нэгэн эрсдэлгүйгээр шилжүүлэх хүсэлт парламентдаа гаргасан нь Г.Уянга гишүүнд төрийн тэргүүнээ огцруулах сэдлийг өгсөн байж болох. Гэхдээ Өмнөд Солонгос бол хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, Монгол Улс парламентын засаглалтай гэдгийг Г.Уянга мэдэж байгаа гэж найдъя. Нэг ёсондоо төрийн тэргүүнээ огцруулна хэмээн гудамжнаас хашгирах, Төрийн ордноос асуудал хөндөх нь газар тэнгэр шиг ялгаатай гэдгийг эрх биш тэр мэдэж баймаар.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих