М.ӨЛЗИЙБАТ: УЛААНБААТАРТ ГАЗАР ХӨДӨЛБӨЛ ГАЙТИЙН СҮЙРЭЛ ШИГ Л ЮМ БОЛНО

olloo_mn_1480986112_ulziibat

Одон орон, геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч М.Өлзийбаттай ярилцлаа.

-Саяхан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газар хөдөлсөн талаар мэдээлэл гарсан. Бүр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан гээд байгаа шүү дээ?

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Тавантолгойн уурхайн орчимд газар хөдөллөө. Хүчний хувьд бага. Магнитудаар нь ярих юм бол хамгийн хүчтэй нь 3.6-тай хөдлөлт болсон юм.

Яагаад шуугиан дэгдээв гэхээр газар хөдлөлт уурхайн дор болсон. Ерөнхий газар хөдлөлтийн гүн нь бага байсан гэсэн үг. Магнитудын 1.5-тай газар хөдлөлт гэдэг хүнд мэдэгдэхгүй шахам шүү дээ. Гэтэл уурхайнхан мэдээд байна гэсэн үг. Уурхайнхан ямар тохиолдолд мэдээд байна гэхээр, газар хөдлөлт бага гүнд болж байгаа учраас хүмүүст мэдрэгдээд байгаа хэрэг.

Тэр орчимд газар хөдлөлт ажиглагдаж эхэлснээс хойш бид ерөнхий байдлаар судалгаа хийсэн. Тэр орчимд газар хөдлөлтийн голомт байсан эсэх, өмнө нь хүчтэй газар хөдлөлт болж байж уу. Эсвэл газар хөдлөлт болох хэмжээний  идэвхтэй хагарал байна уу гэдгийг судалсан. Энэ талаасаа бол гайгүй юм билээ. Газар хөдлөлт үндсэндээ хоёр тохиолдолд идэвхжээд байдаг юм.

Нэгдүгээрт, байгалийнх. Тиктоник хөдөлгөөн юм уу, идэвхтэй хагарлын дагуу идэвхжил эхэлж байдаг. Хоёрдугаарт, сүүлийн үед их яригдах болсон хүний үйл ажиллагаатай холбоотой идэвхжил. Тэр нь уул уурхай ч юм уу, ус ихээр ашиглаж байгаа газруудад газар хөдлөлтийн идэвхжил ажиглагддаг. Харин энэ удаагийн газар хөдлөлтийг бид судалж байж л байгалийн идэвхжил үү, эсвэл уурхайгаас болж уу гэдгийг тогтоох боломжтой.

Тэнд болж байгаа газар хөдлөлтийн гүнийг маш нарийн тодорхойлох боломж бидэнд одоогоор байхгүй. Хамгийн ойрхон станц нь Тавантолгойгоос 80 км-ын цаана Өмнөговь аймгийн Ханхонгор суманд л байгаа. Дараагийн хамгийн ойр станц гэвэл Дундговь, Дорноговь,  Улаанбаатар хотод байгаа юм. Эдгээр станцууд хүчтэйвтэр газар хөдлөлтийг л бичнэ. Харин жижиг газар хөдлөлтүүдийг нь хамгийн ойрхон байгаа станц л бичнэ. Үндсэндээ 200-300 км-ын цаана байгаа манай станцуудад мэдэгдэхгүй хэмжээний жижиг газар хөдлөлтүүд л болоод байна гэсэн үг.

-Тэдэн удаа газар хөдлөлөө гэсэн тодорхой тоон мэдээлэл гараад байсан.  Ханхонгорт байгаа станцид бичигдэж байгаа гэсэн үг үү?

-Ханхонгорт байгаа станцаараа бичээд, гаргаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэлээд хүчин чадалтай хоёр станц бичиж байгаа. Өмнөговь, Дундговьт байгаа хоёр станцид бичигдэж байгаа юм. Яагаад шуугиан тарив гэхээр, газар хөдлөлт бүрийг Цогтцэций суманд амьдарч байгаа иргэд мэдрээд байхгүй юу. Бодоод үз дээ, гэртээ сууж байхад чинь 20 гаруй удаа газар хөдлөлт мэдэгдвэл хэн ч сандарна биз дээ.

Түүнээс гадна, уурхайтай холбоотойгоор хүчтэй газар хөдлөөд, аюул тохиолдсон жишээ олон бий. Тухайлбал, саяхан Польшид магнитуд нь 4.0-тэй газар хөдлөөд, найман хүн амь үрэгдсэн. Уг нь ийм хэмжээний хүчтэй газар хөдлөхөд хүн амьтан үрэгдээд, байшин барилга нурахгүй шүү дээ. Гэтэл уурхай дээр ийм хэмжээний газар хөдөлчихөөр л аюул тариад байгаа юм. Энэ үүднээс аваад үзвэл аюул тохиолдох магадлал байсан гэсэн үг. Ердөө л хоёр хоногийн дотор Тавантолгой орчимд 48 удаа газар хөдөлчихсөн. Түүнийх нь тал нь хүмүүст мэдэгдсэн.

20 гаруй удаа газар хөдлөхөөр ямар нэг арга хэмжээ авч, онцгой анхаарахгүй бол болохгүй биз дээ. Бид эцэстээ энэ яаж дуусахыг одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Сайтар судалж байгаад, юу нь идэвхжээд байна, хэдэн метрийн гүнд идэвхжил явагдаад байгаа. Тэнд ямар нэг идэвхтэй хагарал байна уу, үгүй юу гэдгийг судалсны дараа л дүгнэлт гаргах боломжтой. Харин одоо бол 80 км-ын цаанаас л хараад байж байна гэсэн үг.

-Нүүрсээ ухсанаас болоод л газар хөдлөөд байна гэсэн дэл сул мэдээлэл цахим ертөнцөөр тэнээд байна л даа. Гэтэл үүнийг судалж байж л нарийн мэдэх юм байна шүү дээ?

-Шинжлэх ухааны үүднээс аваад үзвэл, маш олон уурхайд газар хөдлөлт ажиглагдаж байсан. Тухайлбал, газрын гүн рүү маш их хэмжээгээр хаягдал ус шахдаг уурхайнууд зөндөө байсан. АНУ, Япон, Герман, Австралид ч байсан. Орос, Хятадад ч бий. Тэр уурхайнуудад газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, зүгээр байсан газар руу ус шахаад эхлэхээр эвдэрнэ биз дээ. Эвдэрч эхлэхээр тэр орчиндоо газар хөдлөлт үүснэ л гэсэн үг. Гэхдээ энэ нөхцөл байдал том уурхайнуудад байж л байдаг зүйл. Хамгийн гол нь маш сайн мониторинг хийгээд, тасралтгүй ажиглалт явуулах л хэрэгтэй.

Хаанаа, юу нь эвдрээд байна, үнэхээр аюул үзүүлэх үү, үгүй юу. Энэ бүхнийг тогтоосныхоо дараа л бусад асуудлыг ярина. Түүнээс гадна томоохон уурхайгаас их хэмжээний олборлолт хийгээд, ухаад авчихаар газрын гүнд нь өөрчлөлт орно. Тэгэхээр эвдрэл гараад эхэлнэ. Энэ чинь байдаг л зүйл. Тийм болохоор нүүрсээ ухахаар газар хөдлөөд байна, болохгүй гэж хэлж болохооргүй, харьцангуй ойлголт шүү дээ.

Мэдээж байгалиас ямар нэг том зүйл авчихаар өөрчлөлт орно. Тэр өөрчлөлтийн нөлөөгөөр газар хөдлөлтөөс эхлээд янз бүрийн л юм болно. Гагцхүү судалгаа хийх л хэрэгтэй. Гараад байгаа өөрчлөлт чинь яваандаа хүний амь нас сүйдэхээр, байшин барилга нураахаар хэмжээний газар хөдлөлт үүсгэж, аюул тарих уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Үнэхээр тэр нь тогтоогдвол нэг бол нүүрсээ ухахаа болино. Эсвэл тэнд байгаа барилга байгууламжийг аюулгүй байдлаар зохицуулж хийнэ л гэсэн үг.

-Тогтоох хэрэгтэй гэлээ. Тогтоох боломж манай улсад байгаа юу. Бий гэвэл хэчнээн хугацааны дараа тогтоох боломжтой юм бол?

-Байгалийн идэвхжил бол байхгүй. Харин чухам ямар процесс явагдаж байна вэ гэдгийг л таних ёстой. Тэгэхийн тулд нүүдлийн станцууд тавих ёстой болно. Бүр ойртуулж, тухайн бүс нутагт нь гэсэн үг шүү дээ. Хэрвээ тэгж чадвал хаана, хэдэн км-ын гүнд юу болоод байна вэ гэдгийг мэдэж болно. Түүнээсээ үндэслээд, уурхайн гаралтай газар хөдлөлт байна шүү гэдгийг нь мэднэ.

-Ерөнхийлөгч хэзээ хэзээгүй газар хөдлөхөөр байна хэмээн ярьсан. Иргэд болохоор өнөө, маргаашгүй газар хөдлөх юм байна гэсэн ойлголт авчихаад байх шиг байна. Үнэхээр тийм нөхцөл байдал үүссэн үү?

-Улаанбаатар хотод сүүлийн 10-аад жил газар хөдлөлтийн өндөр идэвхжил ажиглагдаад эхэлчихсэн. Энэ бол уул уурхай, хүний үйл ажиллагаатай ямар ч холбоогүй.  Цэвэр байгалийн идэвхжил, өөрөөр хэлбэл хагарлууд нь идэвхжээд эхэлчихлээ гэдгийг судалгаагаар гаргаад ирсэн. Хэрвээ чи газар хөдлөлтийн аюултай бүсэд амьдарч л байгаа бол хэзээ ч газар хөдлөлт болж магадгүй гэж бодож, бэлтгэлтэй л байх ёстой.

Энэ талаар л Ерөнхийлөгч яриад байгаа юм. АНУ, Японд удахгүй газар хөдөлнө гээд, бүх бэлтгэлээ хангаад л байж байдаг. Одоогоор хүн төрөлхтөн газар хөдлөлтөөс хамгаалах гурван аргыг олоод авчихсан байна. Нэгдүгээрт, хаана, ямар хүчтэй газар хөдлөлт болох нь вэ гэдгийг тогтоочихож байгаа юм. Түүн дээрээ үндэслээд хот байгуулахдаа газар хөдлөлтийн бүсээсээ зугтаах ёстой. Хэрвээ мэдэлгүйгээр газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хотоо барьчихсан байвал яах вэ.

Тухайн газар хамгийн хүчтэйдээ хэдэн магнитудын газар хөдлөлт болохыг нь тогтооно.  Жишээ нь, Хустайн нуруунд долоон магнитудын хүчтэй газар хөдлөхөд Улаанбаатарт ямархуу хүчээр чичиргээ өгөх нь вэ гэдгийг тооцоолоод, тэндээ тохирсон байшин барилгаа барьж, хамгаалах ёстой. Хэрвээ газар хөдөллөө гэхэд хүн ардаа яаж аврах вэ гэх мэтээр бүх зүйлээ төлөвлөчихсөн байхад хохирол маш бага гарна. Хэрвээ тэгж чадахгүй бол их хохирол учирна гэсэн үг.

Тухайлбал, Гайтид болсон газар хөдлөлтийг дурьдаж болж байна. Тэр бол Чили, Японд болсон газар хөдлөлтөөс хамаагүй бага, 1000 дахин сул байсан. Гэтэл тэнд 300 мянган хүн үхчихсэн. Яагаад гэвэл, газар хөдлөлт болохыг тоохгүй явсаар байгаад тэр. Харин Чилид түүнээс илүү хүчтэй газар хөдөлж байхад бараг хүний амь үрэгдээгүй. 200 хүн л гэсэн тоо гарсан. Энэ жишээнээс харвал, хэрвээ бид сэргийлж, хамгаалж чадвал хохирол багатай гарч болж байгаа биз дээ. Энэ чинь байгалийн давагдашгүй хүчин зүйл биш байхгүй юу. Энд газар хөдлөлт болох магадлал байна гэдгийг судлаачид нь тогтоогоод өгчихнө гэдэг чинь хүн бүр бэлтгэлтэй болохын л эхлэл.

-Хэрвээ Улаанбаатарт газар хөдлөлт боллоо гэхэд хамгийн ихдээ хэдэн магнитудын хүчтэй хөдлөх бол. Энэ талаар судалгаа хийсэн үү?

-Манай улсад 1905 онд Завхан, Хөвсгөл, Увс, Булганы нутгийг хамарсан урт цуурал үүсгэсэн, 8.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан түүх бий. 370 км газар хагараад, цуурна гэхээр чинь айшигтай байгаа биз дээ. Дараа нь 1957 онд газар хөдлөлт болж, 250 км газар цууралт үүссэн.

Тухайн үед бол газар хөдлөлтийн бүсэд томоохон хот, суурин газар байгаагүй болохоор хохирол учраагүй. Газар хөдлөлт болгон хохирол учруулаад байдаг юм. Газар хөдлөлт, дээр нь муухан төлөвлөсөн хот байвал маш их хохирол гардаг. Жишээ нь, Гайти. Газар хөдлөлт боллоо, хажууд нь маш сайн төлөвлөсөн хот байвал, эсвэл тэнд суурин газар байхгүй бол сүйрэл гэхээсээ илүү байгалийн гайхамшигт үзэгдэл болдог.

Өөрөөр хэлбэл, газар хөдлөхөд бид дэлхийнхээ дотоод бүтцийг ойлгодог. Нэг цэгт хүчтэй газар хөдөллөө. Тэр хөдлөлтөөр үүссэн долгион дэлхийн дотор талаар гүйгээд, ертөнцийн нөгөө хязгаарт байгаа станцид бүртгэгддэг. Түүгээр нь бид дэлхий чинь ийм давхаргатай юм байна гэх мэтээр бүх тооцооллыг хийж, гаргаж ирж байгаа юм. Тэгэхээр энэ чинь гайхамшигтай үзэгдэл болж байна шүү дээ. Харин гай болоод хажууд нь нэг муухан хот байж байвал гамшиг болоод л явчихаж байгаа юм.

-Тэгэхээр Улаанбаатар хотод 8.4 магнитудын газар хөдлөлт болж болох боломжтой гэж ойлгож болох уу?

-Өмнө нь Монголд тийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт болж байсан юм чинь давтагдах магадлалтай л гэсэн үг. Тухайн орчны тиктоник хөдөлгөөн, геологийнх нь нөхцлөөс хамаараад тэр бүс нутагт хуримтлагдах энерги гэж байдаг. Энгийнээр тайлбарлахад, хоёр том зүйлийг хооронд нь мөргөлдүүлээд, шахаад байвал яах вэ.

Тэгээд нэг том нь хагарахаар аймаар юм болно биз дээ. Харин нэг жижиг зүйлийг том эдээр цохиход бага л хүч гарна. Яг түүнтэй адил Монголын нутаг дэвсгэр дээр  8.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болохоор хэмжээний хүчдэл хуримтлагдах боломжтой. Дэлхийн судлаачид бөмбөрцгийг тойруулаад станцууд байрлуулчихсан. Тэгээд бидний яриад байгаа хагарлын дагуу дэлхий яаж хөдөлж байна гэдгийг судалж байгаа.

Япончууд гэхэд өчнөөн станц байрлуулаад, жилд хэдэн мм-ээр шилжиж хөдөлж байна гэдгийг нь тогтоочихсон. Монголд ч гэсэн энэ судалгааг хийсэн. Баруун аймгуудад гэхэд жилд таван мм-ээр шилжилт явж байна гэдгийг тогтоосон. Ингэж шилжиж байгаад л өнөөх хавтангууд чинь хөдөлж чадахаа болино. Янз бүрийн хүчин зүйлээс үүдээд зогсоно. Ингээд л нэг хавтан нь эвдрэх хүртэл энерги хуримтлагдаад байж байдаг байхгүй юу.

Тэр эвдрэлийн хугацаа нь Монголд 2500 жил орчим байдаг гээд тогтоочихсон байгаа. Тэгээд эвдрэхдээ асар хүчтэй энерги цацаж, хүчтэй газар хөдлөлт болдог. Туркид гэхэд Анотоли хагарал гэж байдаг. Тэнд магнитудын 7.5-аас дээш газар хөдлөлт ерөөсөө болдоггүй. Хавтангууд нь шилжиж явсаар, тээглэчихнэ шүү дээ. Тэгээд хагарах хүртлээ 7.5 магнитудын газар хөдлөлт болох хэмжээний л энерги хуримтлуулж байгаад эвдэрдэг. Тэгэхдээ 40-50 км-ын цууралт үүсгэх л чадалтай.

Гэтэл манайд нэг удаа газар хөдлөхөд л 250, 400 км-ын цууралт үүсгэсэн гэж би түрүүнд хэлсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, Туркийн анотоли хагарлын хавтангууд 40-50 км-ын хагарал үүсгэх хэмжээний энерги хуримтлуулаад л тэсэлгүй эвдрээд байхгүй юу. Манайх бол тийм биш, эвдрэлгүй хэвтэж хэвтэж байгаад л нэг өдөр тэсэрдэг байх нь. Ингээд бодохоор асар их хүчтэй газар хөдлөлт болох магадлал байна л гэсэн үг.
-Улаанбаатар хотын барилга байгууламжууд хүчтэй газар хөдлөлтийг тэсэхээр хэмжээний биш шүү дээ. Тэгэхээр бид газар хөдлөлтийн бүсдээ, тэгээд муухан төлөвлөлттэй хот байгуулчихаад байдаг?

-Энд нэг зүйлийг тодотгож хэлье. Улаанбаатар орчимд байгаа хавтангууд дээр долоон магнитудын хүчтэй газар хөдлөх боломжтой. Түүнээс биш Говь-Алтайд болсон шиг асар хүчтэй газар хөдөлнө гэж би хэлээгүй шүү дээ. Монголд бол тийм хэмжээний газар хөдөлнө гэж хэлснийг эхлээд тодорхой хэлчихье.

Гэхдээ долоон магниутад гэдэг чинь Гайтид болсон газар хөдлөлт байхгүй юу. Яагаад Улаанбаатарт газар хөдлөх нь гэж сандралдаад, яаралтай арга хэмжээ авахуулах гээд гүйгээд байна вэ гэхээр манайх Гайти шүү дээ. Байшин, барилга нь ямар ч замбараа байхгүй. Нэг л өдөр гэр рүүгээ орох гэхэд хаалга таглаад элдэв юм барьчихсан байдаг биз дээ, жаахан хэтрүүлэхэд. Ийм байхад гамшиг боллоо гэхэд яаж гал түймэртэй тэмцэх анги, түргэн тусламж очих вэ гэдэг асуудал байна. Хоёрдугаарт, гэр хороолол гэж байна. Зуухандаа галаа түлдэг.

Гэтэл газар хөдлөөд, гал гарвал энэ гэр хороололд хэчнээн айл галд автах билээ. Бидний хийх гээд байгаа гол ажил бол ийм аюул Улаанбаатарт байна, үүнийг багасгая л гэж байгаа юм. 100 мянган хүн галд шатаад үхэхээр байсныг 10 мянга болговол маш том амжилт. Тэр үүднээс л ярьж байгаа юм. Түүнээс биш муу ёрлоод байгаа даа ч биш.

-Газар хөдлөлтийн давтамж ойртчихсон гэдэг мэдээлэл өгсөн. Энэ тал дээр нэг тайлбар өгөөч?

-Би түрүүнд чамд хэлсэн дээ, нэг газар хөдлөлт болоод л 2500 жил болж байж давтагддаг гэж. Газар хөдлөлтийн дараа өнөөх чинь хэвийн байдалдаа орохын тулд хэдэн зуун жил болно. Түүнийхээ дараа түлхэж байгаа хүчиндээ захирагдаад шилжих хөдөлгөөнөө хийнэ. Ингэж явсаар дахиад л хөдөлгөөнгүй болно.

Тодорхой хугацааны дараа хоёр том хавтан чинь түлхэлтээсээ болоод эвдэрч эхэлнэ биз дээ. Тэгээд л газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээд байгаа юм. Уг нь чичирхийлэлтийн давтамж гайгүй байсан юм. Гэтэл гэнэт л 10, 20 дахин нэмэгдээд эхэлсэн. 2005 оноос өмнө Улаанбаатар хотод 200 орчим л газар хөдлөлт бүртгэгддэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хамгийн ихдээ 2800 удаа газар хөдөллөө шүү дээ, Улаанбаатарт.

Энэ чинь л өнөөх хавтангууд чинь хоорондоо наалдаад, эвдрээд эхэллээ гэж хардаад байгаа байхгүй юу. Хэзээ нэг нь бут үсрэхийг бид хэлж мэдэхгүй. Үүнийг л мэдэх гээд янз бүрийн судалгаа явуулаад, станц байрлуулаад л үзээд байна. Бид хэзээ бут үсрэхийг нь мэдэхгүй байгаа учраас маргааш газар хөдлөлт болно гэж айлгаж байсан нь дээр байгаа биз дээ. Тэгж байж бид хотоо янзалж авна.

Монголын мэдээ
Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих