Монгол улс өнөөдөр 14 жилд 20 Засгийн газар сольж, улмаар Гитлер төрөх нөхцлийг бүрдүүлсэн…
Дэлхий хаашаа явж байна вэ?
Хуанлийн хуудас эргэсээр саяхан дуу шуутай угтаж байсан 21-р зуун хоёр дахь арваныхаа төгсгөл рүү ойртож явна. Тэртээ 1980-аад оны дунд үеэс олон улсын хэмжээнд эрчээ авсан ардчилал, неолиберализмын хүчтэй давалгаа оргил үеэ аль хэдийнээ үджээ.
Монгол зэрэг хуучин социалист орнуудад улс төрийн ардчилсан тогтолцоог төлөвшүүлэх хүчин чармайлт тийм ч амар байсангүй. Дарангуйлагч улс төрийн дэглэмийг халж, хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйл болгосон нийгмийн шинэ харилцаа, хувийн өмч, хувь хүний бизнесийн эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх замд багагүй амжилт олсон ч ихэнх пост коммунист орны иргэд өнөөдрийн байдалдаа сэтгэл дундуур. Унгар, Украйнаас эхлээд зарим улс оронд ардчиллаас ухарсан ухралт, олон нийтийн зүгээс ардчилсан тогтолцоонд үл итгэх байдал илэрхий болсоор байна.
Зөвхөн хуучин социалист орнуудад төдийгүй ардчилал, зах зээлийн үлгэр дуурайл гэгддэг өрнөдийн ардчилсан орнуудад тулгарч байгаа сорилтууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улам ил боллоо. Сүүлийн нэг хоёр жилийн хугацаанд ар араасаа өрнөсөн Евро Парламентын сонгуульд үндэсний үзэлтэй, экстремист чиг хандлагатай намууд олноороо суудал авсан, Их Британийн иргэд Европын холбооноос гарах шийдвэр гаргасан, Германы орон нутгийн сонгуульд канцлер Меркелийн нам ялагдаж хэт туйлширсан үндсэрхэг барууны үзэлтэй нам амжилт олж эхэлсэн зэрэг үйл явдлууд өөрчлөгдөн буй дэлхий ертөнцийн хандлагыг аажмаар мэдрүүлсээр байсан гэж хэлж болно.
Энэ бүх үйл явдлын дараа АНУ-ын сонгуульд тус улсын цэрэг, аюулгүй салбарт дэлхий дахинаа гүйцэтгэж байгаа үүргийг хумих, Ази Номхон далайн бүс нутагт Америк төвтэй олон улсын чөлөөт худалдааны дэглэм буй болгох хүчин чармайлтыг зогсоох, олон улсын тавцан дахь хэт идэвхтэй байр сууринаас ухарч протекционист бодлого явуулах байр суурьтай Дональд Трамп ялалт байгуулсан нь өрнөдийн ертөнцийг төдийгүй дэлхий нийтийг цочролд оруулсан үйл явдал боллоо.
Хурдтай өөрчлөгдөж буй ийм шинэ нөхцөл байдалд “АНУ-ын дэлхийд тэргүүлэгч байр суурь юу болох вэ? Тус улс гадаад улс төрийн бодлогодоо ухралт хийж, эдийн засгийн протекционист бодлого дэлхий нийтийн хэмжээнд үүсч болзошгүй хүчний шинэ орон зайд ямар улс төрийн тоглогчид тодрох вэ? Европын холбооны гол ачааг үүрч, бодлогыг тодорхойлж байгаа, нэгдмэл Европын төлөө байр суурьтай Германы эрх баригч нам ирэх жил болох сонгуульд тэсч үлдэх үү? Хэрэв Меркелийн нам ялагдвал Европын холбоо бүтэн үлдэх үү? Франц улс Европын холбооноос гарах уу? НАТО-гийн ачааг хэн үүрэх вэ? Их гүрнүүдийн цэрэг-улс төрийн харилцааны шинэ тэнцвэр хэрхэн тогтох вэ? Бреттон Вүүдсийн систем буюу АНУ төвтэй Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн банк санхүүгийн тогтолцоо тэсч үлдэх үү? Дэлхийн худалдааны байгууллагыг ямар ирээдүй хүлээж байна вэ? Дэлхийн улс төрийн хүндийн төв Евроазид шилжих үү? Хятад – Оросын хамтын ажиллагаанд түшиглэсэн, шинэ торгоны замаар Евроазийг холбосон эдийн засгийн хүчирхэг шинэ төв үүсэх үү? Юань олон улсын гол валют болох уу?” гэх мэт олон асуулт дэлхий нийтийн өмнө ар араасаа хөвөрч эхэллээ. Яг өнөөдөртөө, магадгүй ойрын богино хугацаанд эдгээр асуултын хариуг яг таг хэлчих улс орон, улс төрч тун цөөн байх биз ээ. 1989 оны 12 дугаар сард болсон хүйтэн дайны түүхэн төгсгөл – Берлиний хана нуран унасан домогт үйл явдлыг урьдчилж харсан хүн бараг байгаагүйтэй адил. Товчоор хэлэхэд дэлхий нийт өнөөдөр тодорхойгүй нөхцөл байдлын өмнө, түүхийнхээ бас нэгэн эргэлтийн цэг дээр зогсож байна гэж хэлж болохоор байна.
Гэхдээ энэ бүхэн урьд тохиож байгаагүй шинэ зүйл, эсвэл нэгэн зүгт эргэлт буцалтгүй гарч байгаа өөрчлөлт биш гэдгийг баттай хэлж болно. Улс төрийн хувьд дэлхий нийтэд ардчилал хөгжиж, бас хумигдаж ирснийг, эдийн засгийн хувьд либерал болон төрийн оролцоо, зохицуулалтыг шүтсэн бодлого тодорхой мөчлөгтэйгээр ээлжлэн солигдож ирснийг, олон улсын харилцаа нээлттэй болох, буцаж хумигдах үйл явц ээлжилж байсныг, даяаршлын хамрах хүрээ, эрч хүч дээш доош савлаж ирснийг дэлхийн түүх харуулна. Нэрт эрдэмтэн Францис Фукуяама ерэн оны их өөрчлөлтийн босгон дээр коммунизм төгсгөл болж, улс төрийн ардчилсан тогтолцоо, эдийн засгийн либерализм ялалт байгуулсныг тунхаглан “Түүхийн төгсгөл буюу сүүлчийн хүн” хэмээх алдарт өгүүллээ бичиж, дэлхий нийтээр уншиж, шагшиж байсан нь саяхан. Тэгвэл түүх тийм ч амар төгсчихгүй ажээ.
Гагцхүү урьд хожид байгаагүй мэдээлэл, технологийн шинэ эринд улс төр, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт, хөдөлгөөн хэрхэн явагдах вэ, дэлхийн нэг, хоёрдугаар дайн, хүйтэн дайн шиг их золиос амсахгүйгээр олон улсын харилцааны шинэ тэнцвэр тогтох уу, өнөөдөр буй болоод байгаа тогворгүй нөхцөл байдал хэр удаан үргэлжилж, түүний араас ямар хугацаанд тогтох, ямар өнгө төрхтэй олон улсын амьдралын хэв загвар буй болох вэ гэдэг асуулт сонирхол татна.
Тодорхойгүй мэт харагдах энэ нөхцөл байдлын дунд зарим тодорхой дүгнэлтийг зоригтойгоор хийж болохоор байна. Юуны өмнө дэлхий нийтэд гарч байгаа эдгээр өөрчлөлтүүдийг өнгөрсөн хэдэн арван жилд эрчээ авсан даяаршлын нөлөөгөөр буй болсон буцах савлагаа гэж хэлж болно. Даяаршил хүн төрөлхтний түүхэнд хэдэнтээ эрчээ авч, бас буцаж хумигдаж ирсэн байдаг. Өнгөрсөн хэдэн аравны турш мэдээлэл, технологийн огцом дэвшлийн нөлөөгөөр өмнөхөөс хавьгүй эрчтэй өрнөсөн даяаршлын үйл явц улс орнуудын хооронд төдийгүй улс орны дотоодод баян хоосны ялгаа гүнзгийрэхэд ихээхэн нөлөөлсөн. Мөн даяаршлын нөлөөгөөр улс орнуудын хил хязгаар бүдгэрч ирсэн нь нэг улс үндэстэн, бүс нутагт буй болсон хямрал нөгөө улс орны иргэдийн амьдралд шууд сөргөөр нөлөөлж, хяналтаас гарах үйл явц нэмэгдсэн. Даяаршлаас хожигч нь нийгэм дэх илүү мэдлэг, мэдээлэлтэй, хөрөнгийн хуримтлалтай цөөнх хэсэг болж, хохирогч нь дийлэнх олонх болсон жирийн иргэд олон нийт болж байгаатай маргах хүн цөөн. Дэлхий хавтгай болж амьдралын хурд, өрсөлдөөн нэмэгдэж, цахим ертөнцөөр түгэх элдэв хар бараан голдуу мэдээллийн дарамт ихсэхийн хэрээр хүмүүсийн сэтгэлзүйд урьд өмнийн тайван амьдрал, төрийн зохицуулалт, хүчтэй лидерийг хүсэмжлэх үзэл газар авч байгаад гайхах зүйл үгүй.
Энэ бүхний дүнд олон улсын харилцаанд эргээд олон улсын байгууллага, төрийн бус субьектүүдээс илүүтэй төр, үндэстэн – улс гол тоглогч нь болсон уламжлалт харилцаа, олон улсын харилцааны реалист үзэл хандлага давамгайлах өнгө аяс ажиглагдаж эхэллээ. Төр төвтэй, өөрийн улс үндэстний эрх ашгийг түлхүү номлосон үзэл улс орнуудын дотоодод ч, улс хоорондын харилцаанд ч дахин сэргэх нь ээ.
Бид хаана байна вэ? Хаашаа явах вэ?
Өрнөж буй үйл явц монголчууд бидний амьдралд ч нөлөөлөх нь эргэлзээгүй. Юуны өмнө Монгол Улсыг хүрээлсэн улс төр – аюулгүй байдлын орчинд ямар өөрчлөлт гарах вэ гэдэг бидний нэн түрүүнд анхаарах асуудал.
Цаашилбал иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурч, үүнийг дагаад ардчилалд, ардчилсан төрийн тогтолцоонд эргэлзэх эргэлзээ нэмэгдэж байгаа үед гадаад ертөнцөд гарч буй өөрчлөлт Монголын улс төрийн амьдрал, улс төрийн тогтолцооны төлөвшилд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дараагийн том асуудал.
Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийг хамарсан эрэлт, нийлүүлтийн сүлжээ, худалдаа эдийн засгийн тогтолцоонд өргөн хүрээтэйгээр нэгдэж чадаагүй байгаа нь дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт хөдөлгөөн гарсан ч бид их хохирол амсахгүйгээр өнгөрч болох боломжийг зарим талаар олгож байна. Гэсэн ч нөгөө талаас манай улсын санхүү, эдийн засгийн салбарын хөгжил, төлөвшил Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, өнөөгийн дэлхийн санхүү эдийн засгийн тогтолцооны үр шимийг нэлээд хүртэж ирснийг энд тооцохгүй байхын аргагүй.
Бид ийм нөхцөл байдалд юу хийх ёстой вэ? Юу хийх боломжтой вэ?
Монгол Улс олон улсын хүчний тэнцвэр, дэлхийн дэг журмыг тогтооход нөлөөлдөг хүчтэй тоглогч бус. Бидний хийх ёстой, өөрөөс хамаарах асуудал бол өөрчлөлтөд дасан зохицож оршин тогтнох, хөгжих чадвараа бэхжүүлэх. Үндэстний дархлаагаа бөхлөх. Үүнийг засаглах чадвартай төргүйгээр хийх боломжгүй.
Улам бүр сулран доройтож байгаа төрийн тогтолцооны задралыг зогсоож, улс төрийн тогтолцоогоо эрүүлжүүлэх, төрийн албыг бэхжүүлэх, улмаар аюулгүй байдлаа хамгаалах, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх чадвартай төрийг нэн даруй төвхнүүлэхээс илүү тулгамдсан асуудал Монголд байхгүй боллоо.
Төрөө төвхнүүлэх нь нэг талаас улс үндэстний оршин тогтнолын баталгаа, нөгөө талаас хөгжилд хүрэх, ард иргэдийн сайн сайхан амьдралыг буй болгох арга зам. Тиймээс засаглалаа сайжруулах асуудлыг хойш тавиад ярьж байгаа ямар ч эдийн засгийн уриа лозун хоосон бөгөөд цаашид амжилт олохгүй.
Монгол Улс өнөөдөр 14 жилд 20 Засгийн газар сольж, улмаар Гитлер төрөх нөхцлийг бүрдүүлсэн Ваймерийн Герман, 12 жилд 21 Засгийн газар сольж, улс төрийн гүн хямралд автсан Францын дөрөвдүгээр Бүгд найрамдах улстай ойлролцоо улс төрийн тогтолцоотой байгаа. Парламентдаа Засгийн газар байгуулах, төсөв мөнгө хуваарилах хэтийдсэн эрх мэдэл, бодит боломжийг олгосноороо тэр үеийн Герман, Франц улсууд улс төрчдөд эрх мэдэл, эд баялгийн төлөө тэмцэлдэх үүд хаалгыг нээж, улс орны амьдралын гол ачааг үүрэг ёстой Засгийн газар, төрийн албаа хүчгүйдүүлж, улс орондоо эх захгүй улс төржилт, эмх замбараагүй байдал үүсгэх, иргэд хатуу гар, хүчтэй лидер хүсэх, улмаар дарангуйлагч төрөх замыг ч нээсэн байдаг.
Парламентын засаглалтай ардчилсан оронд байх ёстой зүй ёсны эрх мэдлийн хуваарилалт ёсоор Ерөнхий сайд өөрийн Засгийн газраа байгуулж, Засгийн газар төсөв, мөнгө, аж ахуйн асуудлыг шийдэх эрх мэдэлтэй байх ёстой. Манайд УИХ сайд нарыг томилж, Ерөнхий сайдад танхимдаа хэнтэй ажиллахыг нь нэг бүрчлэн зааж өгдөг, Засгийн газрын оруулж ирсэн төсвийг бусад орны жишгээр хянаад батлах бус, хүссэнээрээ өөрчилж, дуртай хуваарилалтаа хийж болдог нь Үндсэн хуулиар засах ёстой үндсэн гажуудал болж байна.
Ийм гажуудлаас болоод УИХ нь Засгийн газраа удирддаг, УИХ-ын гишүүд нь өөрсдөө сайд болохын тулд Засгийн газраа огцруулах дотоод хүсэлдээ битүүхэн хөтлөгдөж явдаг, хуулийн хүрээнд Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавихаас илүү дарамт шахалт үзүүлэх замаар Засгаа барьдаг болчихсон улс төрийн тогтолцоотой нөхцөлд утга учир багатай улс төрийн тэмцэл Монголд тасрахгүй. Нэг нам дангаараа УИХ-ын 65 суудлыг эзэлж байгаа МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахад ч гайхах зүйл үгүй.
Засгийн газрын мэргэжлийн тооцоо судалгааг баримтлах бус, УИХ-ын гишүүдийн тойргийн сонирхол, бизнесийн амбицаар улсын төсвөө хуваарилдаг тогтолцоотой байгаа цагт Монгол Улсын төсвийн алдагдал буурч, өр багасахгүй. Аз таарч гадаад зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч, улсын төсвийн орлого ихээхэн нэмэгдэж байхад УИХ-ын гишүүд дараагийн сонгуульдаа ялахын тулд төсвийн хөрөнгийг бэлэн мөнгө болгон салхинд хийсгэж дуусгаад байгалийн баялгаа хэдэн жилээр өрөнд ачуулах шийдвэр гаргаад сууж байсан. Гадаад зах зээлээс хамгийн таатай нөхцлөөр зээл авах боломж гарсан үед ч УИХ-ын гишүүд тэр их хөрөнгийг тооцоо судалгаа, хяналт багатайгаар цацах боломжийг бие биедээ олгоод л сууж байсан. УИХ нь Засгийн газраа удирддаг, бас Засгийнхаа дийлэнх хэсэг нь болоод дотор нь ороод суучихдаг манай тогтолцооны бодит нүүр царай ийм л байгаа.
УИХ-ын 76 гишүүн улс төрийн томилгоог ямар шалгуураар хийж байгааг хянах, төсвийг хэрхэн хуваарилж, баялаг ихтэй орд газрыг ашиглах шийдвэрийг хэрхэн гаргаж байгааг харж цагдах хүн үгүй. Бас өөрөө сайдаа томилдог, төсвөө хуваарилдаг УИХ-д Засгийн газартаа зохих ёсоор хяналт тавих сонирхол ч үгүй. Ийм тогтолцоотой Монгол Улсад хариуцлага хүлээх эзэн олдохгүй.
УИХ-ын гишүүн болчихвол албан тушаал, хөрөнгө мөнгө гээд улс оронд байгаа үнэтэй бүхнийг хуваарилах, шийдэх эрхтэй болчихдог энэ тогтолцоонд хууль хийж, төрийн бодлогыг засах гэж бус, эд баялагаа арвижуулж, эрх мэдэлд хүрэхийн төлөө улс төр рүү зүтгэдэг гажуудал хавтгайрсанд гайхах хэрэггүй. УИХ бодлогын мэтгэлцээний индэр бус, албан тушаал, бизнесийн өрсөлдөөний талбар боллоо гэж гасалж шогшроод ямар ч нэмэр үгүй.
Парламент хэмээх олон хүн хамтын шийдвэр гаргадаг, хянахад төвөгтэй институцэд эдлэх ёсгүй эрх эдлүүлэхээр ямар гашуун үр дагаварт хүргэдгийг өндөр хөгжсөн зарим орнууд том золиос төлөн байж түүхэн сургамж үлдээж. Герман, Франц улсууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Засаг байгуулах, улс орны аж ахуйг удирдах том хариуцлагыг Засгийн газрын тэргүүнд үүрүүлж, парламент нь харин үндсэн ажлаа хийж, хуулиа сайн баталж, Засгаа хянасан шиг хянадаг болсноор тэнд хямрал цэгцэрч.
Монгол Улс шинэ дугуй бүтээх эрэлд гаралгүйгээр бусад парламентын улсуудын жишгээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах цаг болжээ. Бусад оронд хариуцлага үүрдэг “нэг толгой” байдаг бол манайд хэнийгээ гэж заах билээ. Ямар сайндаа л жиргээчид “Солонгосчууд ч яах вэ, нэг даргаасаа хариуцлага нэхэж жагсаад амжилтад хүрчихдэг юм байж. Манайх 76 даргаа огцруулах гэж 76 жагсах уу” гэж бичиж байх вэ.
“Ялыг нь үүрүүлэх бол ямбыг нь эдлүүл” гэж хуучны хүмүүсийн үг бий. Бид Үндсэн хуульдаа шаардлагатай засварыг нь хийж, парламентын засаглалтай орны хувиар Ерөнхий сайддаа хариуцлагыг нь ойлгомжтой үүрүүлж, эрх мэдлийг нь өгсөн “Засгийн газартай” улс болох цаг ирж. Аюулгүй байдлаа манах, гадаад харилцаагаа өөдтэй аваад явчих, аж ахуйгаа толгой мэдээд удирдах, хамгийн гол нь энэ бүхний хариуцлагыг тов тодорхой үүрэх Засгийн газаргүйгээр бид цааш явахад хэцүү болсон. Ерэн оноос хойш дэлхий биднийг тойрч эргэж байгаа мэт төсөөлж, гадаад ертөнцийг үл хайхран дураараа дургиж ирсэн үүлэн чөлөөний нар шиг үе ард үлдэж байна!
Засгийн газарт эрх мэдлийг нь буцаан өглөө гээд УИХ доройтохгүй. Ардчиллын баталгаа болсон энэ институцээ улам чанаржуулж, бэхжүүлэх ёстой. УИХ албан тушаал, мөнгө хуваахаа больчихвол тэнд хүмүүсийн хүсдэгээр хууль хийдэг гишүүдийн тоо нэмэгдэх бизээ. Хийх ёстой ажлаа хийсэн шиг хийдэг болохын хэрээр УИХ-ын чанар, чадавх дээшилж, нийгэм дэх нэр хүнд нь өснө. Иргэдийн итгэл нэмэгднэ. Төрийн нэр хүнд өснө.
Үндсэн хуульд энэ өөрчлөлтийг хийснээр бүх зүйл цэгцэрчихгүй ээ. Өнгөрсөн хорь гаруй жилд баруун солгойгүй бужигнуулсан төрийн албаа төвхнүүлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлэхгүйгээр цаашаа хол явахгүй. Мэдээллийн эрин зууны нийгмийн сэтгэлзүйн савлагааг улс төрчид дагаж савна уу гэхээс тогтож үлдэх тулхтай нь цөөнх. Төрийн ой санамж болж, мэдлэг, мэргэшил, туршлагыг бий болгож, өвлүүлэх, нам улс төрийн хүчний биш, улс орныхоо эрх ашгийг баримжаа болгож буурь суурьтай ажиллаж чадах төрийн алба хаагчдын армигүй улс хөгжсөн түүх үгүй. Мэргэжлийн Засгийн газар гэх ойлголт төрийн мэргэшсэн алба хаагчдад боломж олгосон эсэхээр хэмжигддэг болохоос бус Засгийн газрын танхим дахь улс төрчдийн дээд боловсрол эзэмшсэн эсэх, тухайн салбарт ажиллаж үзсэн эсэхээр хэмжигддэг ойлголт биш.
Монголын төрийн хийх ёстой, ёсгүй ажлуудыг тодорхойлж зааглах, үндсэн ачаагаа үүрэх чадавхийг нь бэхжүүлэх, төр авилгад автах гол шалтгаан болж байгаа төрийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцох оролцоог хязгаарлах нь төр орших эсэхийг шийдэх бас нэгэн зангилаа асуудал болжээ. Төрд хүн бизнесийн боломж хайж биш, түмний төлөө зүтгэх үүргээ ухамсарлаж очдог байхын тулд Монголын төр өөрийн мэдлийн олон компаниасаа салж, хүч хөдөлмөрөөрөө баялаг бүтээх гэсэн хувийн хэвшилдээ ч бас зах зээлийнх нь орон зайг нээж өгмөөр байна.
Засаглалын ачааг зөв хуваарилах, төрийн албаа төвхнүүлэх энэ хоёр том өөрчлөлтийг хийхгүйгээр өнөөдрийн халуун сэдэв болж байгаа улс төрийн намын шинэчлэл улс оронд бодитой дэвшил авч ирэх боломжгүй. Монгол Улс нам бус, төр төвтэй үндэстэн байх зарчмыг тунхагласан Үндсэн хуулиа батлаад 25 жилийн нүүр үзэх гэж байна!
Өөрсдийнхөө олон алдааг хуруу даран нэрлэж чадах, шинэчлэгдэж чадах эсэх түүхэн сорилтынхоо өмнө зогсож байгаа Ардчилсан намын хувьд ч, өнгөрсөн дөрвөн жилд ялагдлаасаа сургамж авч өөрчлөгдөж чадаагүйгээ алхам бүртээ харуулж байгаа Монгол Ардын намын хувьд ч ялагдал, ялзралын нийтлэг нэг том шалтгаан байгаа. Тэр нь бодлого ярихаа больж, хүн, мөнгө ярьдаг болсон явдал. Нам гэдэг бол үзэл санаа, үнэт зүйл, бодлогыг тээж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх үндсэн “зориулалттай” нийгмийн улс төрийн тогтолцоон дахь органик бүтэц. Нам бодлогын байгууллага байж чадахаа болих нь зүрх цусаа шахаж чадахгүй болохтой адил сүйрэл. Оронд нь үлдсэн бүтэц, бөөгнөрөлийг “НАМ” гэж хэчнээн тунхаглаад ч улс төрийн тогтолцоонд байх ёстой орон зайгаа хэзээ ч тууштай эзэлж чадахгүй. Манай намууд нийгмийн дэмжлэг хүлээхээ больж, сонгуулиас сонгуулийн хооронд голд хөвж яваа зомгол мэт нэг эргээс нөгөө эрэг рүү шидэгдэж яваагийн шалтгаан энэ!
Монгол Улс, монгол үндэстний оршин тогтнолын баталгаа болсон төрөө төвхнүүлэх ажлыг өнөөдөр л ханцуй шамлан эхлэхгүй бол оройтох, улс орон, ард иргэд багагүй золиос, төлөөс төлөх эрсдэл өндөр байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж төрийн удирдлагын тогтолцоогоо сайжруулах, төрийн албаа хамгаалж бэхжүүлэх, улс төрийн намууд шинэчлэгдсэн шиг шинэчлэгдэх энэ гурван тулгуур асуудлыг аль нэгийг нь орхиход л бусдаас нь гарах үр дүн хомс байх болно.
Өдгөө эрх барьж байгаа МАН, түүний Засгийн газар мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зорилт дэвшүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ энэ бол нэг хоёр улс төрийн нам, цөөн улс төрчдийн тооцоо судалгаагүйгээр, сэтгэл хөдлөлөөр хийх ажил биш. “Ард түмнээсээ асууна” гэсэн үгээр халхавч хийж, цагийг нь тулгаж түргэн түүхий асуулга зохион байгуулснаар ч шийдэгдэх асуудал биш ээ. Их Британид явагдсан Европын холбооноос гарах эсэх санал сануулга, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нийгэмд нь ямар их хагарал үүсгэж байгаагаас бид сургамж авах нь чухал.
Үндсэн хууль өөрөө сая сая хүний нэг хил хязгаарын дотор нэгдмэл улс үндэстэн болон орших үзэл санааны суурь нэгдэл нягтрал, “нийгмийн гэрээ”-ний дээд хэлбэр учраас түүний дотор агуулгаас гадна ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх чанар нь туйлын ач холбогдолтой. Тиймээс иргэдээр хангалттай хугацаанд хэлэлцүүлэх нь чухал бөгөөд цагийг нь тулгаж буруу, дутуу томьёоллоор асуулга явуулбал асуугаагүйгээс ч дор хор уршиг гарч болно. 1992 оны Үндсэн хуулийн төслийг “зөвлөлдөх ардчилал”-ын зарчмаар ард түмнээрээ өргөн хэлэлцүүлэг явуулж амжилтад хүрсэн бидний өөрсдийн сайн туршлага бэлхнээ байгааг бас бодууштай.
Үндсэн хууль, Засаглалын өөрчлөлтийн асуудал улс төрчид, улс төрийн хүчнүүдийн дунд тодорхой хэмжээгээр яригдах болсон нь сайн хэрэг ч нийгмийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, шахалтгүйгээр явах эсэх нь эргэлзээтэй байна. Сонгуулиас сонгуулийн хооронд эрх мэдлээ авч үлдэх эрмэлзэлтэй “хашир” улс төрчдөөс аль хэр идэвх гарах нь тодорхойгүй хэвээр байна. Монголчууд бид 1990 оны цагаан морин жил нийгмийн шинэ өөрчлөлтийн төлөө эрчтэй давалгаа үүсгэж чадсан шигээ дэлхийг хамарсан их өөрчлөлтийн энэ цаг үед нийтээрээ сэрж, төр улсаа өөд татахад хүчин зүтгэх цаг нэгэнт иржээ!
Монголын төр оршиж байж, монгол хүний оршихуй, эрх, эрх чөлөө баталгаажна. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж ардын үг бий. Төрт ёсны баялаг уламжлалаа сэргээн судалж, олон улсын хөгжлийн чиг хандлагыг зөв мэдэрч тусган улс нийгмээрээ сэргэн хөгжих урам, эрч хүчийг бид зөвхөн дотроосоо л буй болгож чадна. Монголчууд бид өнөөдрийнхөөс хавьгүй хүнд нөхцөлд сэрж босч, дэлхийн дайтыг эзэлсэн их гүрэн байгуулж явсан, бас хүнд нөхцөлд тусгаар тогтнолоо сэргээн бататгаж чадсан, улс төрийн хаалттай дэглэмийн ханыг зоригтой нурааж, иргэндээ эрх, эрх чөлөөг өгөх хувьсгалыг хийж чадсан, хурдтай өөдлөн хөгжсөн түүхтэй үндэстэн билээ. Бүтээлч идэвхээ дор бүрнээ сэргээцгээе. Үр хүүхдийн маань ирээдүй бидний гарт буй…
М.БАТЧИМЭГ
2016.12.05
URL: