Бүх нийтийн амралтын өдрүүд иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна
Монгол Улсад нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдийг улс орны хэмжээнд нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байдаг билээ. Энэ өдрүүд нь зах зээлийн нийгэмд завгүй ажиллагсдад нуруу амрах боломжийг олгодог байсан. Харин сүүлийн жилүүдэд бидний бүх нийтээр амардаг тэмдэглэлт баярууд арай л олдоод байх шиг.
Тодруулбал, өнгөрсөн сард л гэхэд Чингис хааныхаа төрсөн өдрийг аравдугаар сарын 31-нд, улс тунхагласны баяраа арваннэгдүгээр сарын 26-нд тэмдэглэж амарсан дээрээс нь хагас, бүтэн сайн өдрийн амралтаа нэмбэл арав гаруй өдөр болно.
Уг нь энэ жил улс тунхагласны баяр буюу арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр таарсан ч Засгийн газрын хуралдаанаар амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргаж өнгөрсөн сарын 25-нд буюу баасан гарагт амарсан.
Уг нь Монголчуудын амралт багадаагүй. Одоо бүр амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлээд дуртай өдрөө амардаг боллоо.
Ашгүй амралт дуусав уу гэтэл, Дахиад л энэ сарын 29-нд бүх нийтээрээ амрана гэх. Тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 29-нд буюу пүрэв гарагт тохиож байгаа. Дээрээс нь шинэ жил гээд амрана. Мөн ирэх сарын 1 бас бүх нийтийн амралтын өдөр.
Улс орон гэдэг их айл, уул нь хийж бүтээж байж л хөгждөг баймаар юм. Гэтэл амраад бай, Баярлаад бай гэсээр бид юутай болж үлдэв. Улс нь ядуу хоосон, гадаад өр нь тэнгэрт тулсан, хүн ам нь өлсгөлөн, гуйланчлалд автсан, хөөрхий нэгэн улс үндэстэн болж хувирах шив дээ. Манай эрх баригчид сүүлийн 20 жилд амралт, баяр наадам л нэмээд байсан. Уул нь монголчууд цагаан сараараа хоёр хоног, наадмаар хоёр хоног амарч баярлачихаад болоод л байсан. Хагас сайнд хагас ажиллаж, бүтэн сайнд бүтэн амардаг байсан. Одоо бол, бүтэн хагас сайн хоёуланд амарна. Амардаг баяр нь арваад, тэмдэглэдэг ой нь хориод болчихож.
Баяр ёслол, амралтын өдрүүд, тэр дундаа үргэлжилсэн урт амралт хувийн хэвшил, бизнесийнхэнд хэр хүнд тусдагыг төрийн ордонд суугаа бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид огт мэддэггүй бололтой. Мөнгөгүй, орлогогүй байгаа юм бол нэг өдөр ч гэсэн илүү ажиллаж байж, илүү орлого бүтээх сэтгэхүй үнэндээ алга.
Нийтээр тэмдэглэх баярын өдөрт:
- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
- Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
- Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
- Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
- Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
- Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26 – ныг
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12
дугаар сарын 29-ныг тооцон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөрт:
- Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
- Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;
- Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
- Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
- Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
- Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
- Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
- Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
- Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
- Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29;
- Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;
- Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;
- Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;
- Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10-ны тооцон Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтоодог.
Т.Гэрэл
ZALUU.COM
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ямарч сөрөг нөлөө байхгүй. харин ч амралтгүй ажилладаг хүний хувьд түм буман зовлон байгаа