Энхийг сахиулагч дайчид эх орноосоо мордлоо
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өчигдөр /12.04/ ажиллагааны газар орныг зорилоо. Энхийг сахиулагч дайчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг тэргүүтэй албаныхан үдэн мордууллаа. Бригадын генерал Д.Ганзориг энхийг сахиулагчдад хандаж “Эх орон, Зэвсэгт хүчнийхээ итгэлийг өвөрлөн мордож буй дайчдаараа бахархаж байна. Монгол цэргийн дэлхийн цэрэг болсныг, хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлдэг дайчид гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, бахдаж буй энэ үед та бүхэн ч гэсэн үүргээ нэр төртэй биелүүлээд эх орондоо ирнэ гэдэгт итгэж байна. Ажиллагааны газар оронд нэгнээ гэсэн сэтгэлтэй, дэмтэй, эвтэй байж, удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлээрэй” хэмээн захиас даалгавраа хэлж байсан юм. Цэргийн багийн бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагаас бүрдсэн офицер, ахлагч нар багтсан бөгөөд 71 хувь нь НҮБ болоод бусад олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байна.
URL: