Татварт найдсан хотын төсөв

70cc1a764e989ec5originalИрэх онд 23 байршлын 206,4 га газрыг дуудлагаар худалдана

Нийслэлийн төсөвт 656.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан хотын даргын өргөн барьсан төсвийн төслийг нийслэлийн ИТХ-ын VI хуралдаанаар баталлаа. Энэ нь 2016 оны төсвөөс 73 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар, 2015 оны гүйцэтгэлээс 104.5 тэрбум төгрөг буюу 18.9 хувиар нэмэгдүүлсэн дүн юм.

Нийслэлийн 2017 оны төсөвт төвлөрүүлэх татварын нийт орлогыг 471.5 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Эндээс харахад хотын дийлэнх төсвийг татвараар бүрдүүлэх юм. Иймд татварын орлогыг задалж толилуулвал:

• Хувь хүний орлогын албан татвараас 344.8 тэрбум төгрөг

• Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас 43.3 тэрбум төгрөг
• Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас 26.2 тэрбум төгрөг

• Газрын төлбөрөөр 30.5 тэрбум төгрөг

• Ус ашигласны төлбөрөөс 3.6 тэрбум төгрөг

• Нийслэл хотын албан татвараас 8.0 тэрбум төгрөг

• Ойгоос мод ашигласны төлбөрөөс 35 сая төгрөгийг тус тус бүрдүүлж, хотын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна.

Харин хотын шууд урсгал зардлыг 295 тэрбум төгрөг байхаар тогтлоо. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гурван тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг онцолж байна. Мөн тэд ирэх оны хотын төсөвт бүтээн байгуулалтад тусгасан хөрөнгө багассан, хотын иргэдээ тогтмол ажил, орлоготой байлгах тодорхой заалт огт тусгаагүй хэмээн хотын удирдлагын багийг шүүмжилсэн юм.

“2017 оны төсөв ирэх жилд хот хэрхэн хөгжиж, ямар бүтээн байгуулалт хийхийг тодорхойлдог. Гэтэл эрх баригчид харьяа агентлаг, газрынхаа урсгал зардлыг нэмж, зам, сургууль, цэцэрлэг барих хөрө-гөөс хассан” хэмээн нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү тайлбарлав.
Ирэх онд нийт 23 байршлын 206.4 га газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж, 15 тэрбум төгрөгийн орлого олох аж. Өмч хувьчлалын тухайд нийслэлийн өмчийн хоёр, өмнөх оны хувьчлалын жагсаалтаас үлдсэн дөрвөн барилга байгууламжийг хувьчилж, 35 тэрбум төгрөгийн орлогыг хотын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Харин ирэх онд иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмж, халамж, хөнгөлөлтөд зориулж төсвөөс 101 тэрбум, нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих иргэдийн зардалд 37.9 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.

 

Б.Бямбасүрэн

[ЗГМ]


URL:

Сэтгэгдэл бичих