Музейн хамгаалалтын бүс дэх газрыг хумсалдаг байснаа хуйгаар нь авдаг болжээ
2012 оны сонгуулийн дараа эрх баригчид ССАЖЯ байгуулан ажиллаж, энэ үеэр Улаанбаатар орчмын цөөхөн хэдэн музейг сүрхий анхаарсан. Хуульд заасан хамгаалалтын бүсийн талаарх асуудал, газрыг нь хумсалж суугаа мөнгөтэй, эрх мэдэлтэй улстөрч, бизнесмэнүүдийг жаахан ч болов хазаарлаж чадсан байдаг.
Тэгвэл энэ яам нь татан буугдаж, “нөгөөдүүл” эргээд хумсалж эхэлжээ. Өнөөдөр музейн хамгаалалтын бүсийг үл тоон, хумслах биш хуйгаар нь авдаг байдал хэрээс хэтэрсэн байна. Иймд бид доорх музейнүүдийн хамгаалалтын бүс дэх газрыг “хулгайлах, дээрэмдэх” хууль бус үйл ажиллагааг нийтэд ил болгож, улмаар энэ ажлыг хариуцан хийх ёстой БСШУСЯ, сайд Ж.Батсуурийг анхаарал тавьтал сурвалжлан нийтлэх болно.
Уг нь Монгол Улс хуультай билээ. Гэвч тэр хууль нь мөнгөтэй, эрх мэдэлтэй этгээдүүдэд үл үйлчилдэг ажээ.
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН НАЙМДУГААР БҮЛЭГ
42 дугаар зүйл.Соёлын өвийн дурсгалт газар
42.1. Улсын Их Хурал соёлын өвийн дурсгалт газрын унаган төрх, соёлын үнэт зүйлийн язгуур шинжийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, хилийн заагийг батална.
42.4.Соёлын өвийн дурсгалт газрыг дараах бүсэд хуваана:
42.4.1.хамгаалалтын бүс;
42.4.2.орчны бүс.
43 дугаар зүйл.Хамгаалалтын бүсийн дэглэм
43.1.Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
43.1.6.шинээр барилга байгууламж барих.
45 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт газар
45.1.Засгийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно.
45.3.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
45.3.3.гэр, сууц, барилга, байгууламж барих;
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: