“Ганцаардсан чоно” гэгддэг М.Энхсайхан улс төрөөс зодог тайлж байна
-Нэгэн цагт Ардчилсан намын Засгийн газрыг хүртэл тэргүүлж явсан М.Энхсайхан өнөөдөр “Элчин сайд” гэх жижигхэн сэтрээс өөр гуншингүй улс төрөөс хөндийрч байна-
Өмнөх Засгийн газрын үед “Тавантолгой” төслийг урагшлуулах үүргийг хүлээж, сайдын суудалд заларч байсан М.Энхсайхан өнөөгийн Засгийн газраас Элчин сайд гэх жижигхэн албан тушаалд томилогдсоныг эс тооцвол мань эр улс төрөөс нэг мөр хөндийрөхөөр шийджээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн “ганцаардсан чоно” гэгддэг М.Энхсайхан хэдхэн хоногийн өмнө МҮАН-ын даргын албан тушаалаа шилжүүлэн өгч, “Элчин сайд” гэх жижигхэн сэтрээс өөр гуншингүй улс төрөөс зодог тайлж байна.
Нэгэн үе АН-ын Засгийн газрыг хүртэл тэргүүлж явсан түүнд улс төр хатуурхаж байсан цаг саяхан. Мань эрийг өнгөрсөн жил сайдын суудалд тухлаад удаагүй байхад нь зохиомлоор ч гэх үү ямартай ч “Үндэсний эрх ашигт харш үйлдэл хийсэн” гэх нэр зүүлгэж, бүр албан тушаалаас нь хүртэл унагаж байлаа.
Учир нь, тухайн үед М.Энхсайхан “Тавантолгой”-н төслийн гэрээ гээчийг Засгийн газарт өргөн барьсан ч УИХ-аар ч хэлэлцэлгүй Ажлын хэсэг томилж, түүнийгээ Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан байдаг.
Товчхондоо Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэж, тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар түүнд дээрх нэрийг зүүлгэсэн гэхэд болно. Үнэхээр л “Үндэсний эрх ашигт харш үйлдэл хийсэн” гэж мань эрийг үзсэн бол түүнийгээ хууль, хяналтынхан эсвэл УИХ-аар хэлэлцэж, дараа нь дүгнэлтээ гаргаж болох байсан юм. Гэсэн ч М.Энхсайхан дээрх үйлдлээсээ болж олон нийтийн дунд муу нэрийг авч, оронд нь сайдын суудлаа хүлээлгэж өгсөн билээ.
Гэхдээ М.Энхсайханы зовлон ганцхан энэ биш гэдгийг өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд улстөрчийнх нь хувьд туулсан замналаас бэлхнээ харж болно. Одоогоос 15 жилийн өмнө буюу 2001 онд АН-ын даргыг сунгаагаар тодруулахаар болж, намын дарга болох магадлал өндөр байсан М.Энхсайханыг журмын нөхөд нь бохир аргаар унагаж байв. Түүний оронд хэдхэн хүнийг толгойлж явсан Р.Гончигдоржийг бүхэл бүтэн АН-ын даргаар сонгож, МҮАН гэх том намыг тэргүүлж байсан М.Энхсайханыг өвдөг шороодуулж байлаа.
Тэгээд ч зогсохгүй Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшсэн ч намынхан нь зүсээ таниулж, өөрөөс нь “урвасан”-аар бас л өвдөг шороодсон байдаг. Дараа нь намаасаа хүртэл хөөгдөж, гудамжинд гарсан гээд М.Энхсайханы туулсан зовлон их. Ямар сайндаа л тухайн үед хэвлэл мэдээллийнхэн түүнд “ганцаардсан чоно” гэх нэр хайрлаж, бичиж байх вэ дээ.
Харин улс төрийн хүрээнийхэн болон олон нийт түүнийг чадварлаг улстөрч, сайн эдийн засагч гэж үнэлдэг. Үнэхээр ч М.Энхсайхан “хоосон” толгой биш гэдгээ олон зүйл дээр харуулсан байдаг. Харамсалтай нь, Монголын төр эл хүнийхээ чадвар, чадлыг бүрэн ашиглаж чадалгүй “тэтгэвэр”-т нь гаргаж байна. Үүнд Элчин сайд гэх жижигхэн албан тушаалыг нь тооцохгүйгээр шүү дээ. Үүнийг эс тооцвол М.Энхсайхан улс төрөөс зодог тайлж байгаа дүр зураг өнөөгийн үйл явдлаас тодхон харагдана.
Эх сурвалж:
URL: