ЗЭС, НҮҮРСНИЙ ҮНЭ БА МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ

Эрдэнэт 1

Монгол улсын төсөвт сүүлийн 20  жил  улс төр хүчтэй нөлөөлж ирлээ. УИХ-д нэр дэвшигчид болон улс төрийн хүчнүүд иргэдийн саналыг  өөртөө татахын тулд нийгмийн хамгаалал, татвар зэрэгт илүүтэй амлалт  өгдөг.

Харин гарч ирсэнийхээ дараа засаг байгуулангуутаа амлалтаа хэрэгжүүлэхийн тулд орлогоосоо давсан зардалтай төсөв баталж ирсэн. Нэмэгдсэн зардлаа нөхөхийн тулд гаднаас үлэмж хэмжээний зээл авах, төсвийн орлого бүрдүүлэгч уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний экспортын үнийг дэлхийн зах зээлийн үнээс дээгүүр  тооцож ирсэн байна. Ийм учраас зарим жил УИХ төсөвтөө 4-5 удаа тодотгол хийж байсан  билээ.  Энэ нь манай улсад уул уурхайн бүтээгдэхүүний  дэлхийн зах зээлийн  үнийн өсөлт бууралтын давтамжийн тодорхой судалгаа байхгүйгтэй холбоотой юм биш үү.

Экспортын  гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээнээсээ хамааран  тодорхой хугацааны давтамжтай өсч буурдаг.  Ийм учраас зэс нүүрсний  үнийн  хүчин зүйлийн нөлөөлөл Монгол улсын  эдийн засагт хүчтэй нөлөөлдөг. Энэ хүчин зүйлийн сөрөг нөлөөлөл өнгөрсөн 4-5 жилд тохиолоо. Тэгвэл ирэх 4-5 жилд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Төсөвт  өөр  хэд хэдэн хүчин зүйл байнга нөлөөлдөг. Тухайлбал хууль эрх зүйн орчин,  эрх барих улс төрийн хүчнүүдийн тогтворгүй байдал, урт хугацааны бодлогогүй байдал гэх мэт. Тэдгээрээс онцлон хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалтад сэтгэлийн хөөрлөөр хандан бодлогын алдаа гаргаж ирснээр орж ирсэн буюу орж ирэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтыг зогсоосон нь улс орны эдийн засагт муугаар  нөлөөлсөөр байна.

УИХ-ын 2016 оны сонгуулиар төрийн эрх барих, улс төрийн хүчин өөрчлөгдлөө. Өөрчлөгдөн гарч ирсэн  улс төрийн хүчинд төсөв бүрдүүлэгч уул уурхайн түүхий эдийн  үнэ, тэр дундаа нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөх  таатай орчин бий болох бололтой. Тэд нийгмийн хамгааллын болон төрийн бүтэц зарим урсгал зардлыг танаж, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх орчин сайжруулах чиглэлийн бодлого боловсруулан анхны төсвөө  батлууллаа. Ер нь  мэргэжлийн яам, Засгийн газрын  зохиосон төсвийн төслийг УИХ-ын гишүүд батлах явцдаа өөр өөрийн тойрогт ахиухан төсөв авах субьектив хандлагаас болж орлогоосоо давсан зарлагатай төсөв буюу ямар ч боломжгүй төсөв баталж байсныг энэ удаа засах гэж эрх баригчид оролдов бололтой.

Монгол улсын 2017 оны төсөв 2,5 их наядын алдагдалтай батлагдсан нь өнгөрсөн оны төсвийн алдагдлаас хоёр их наядаар бага байна. Төсөвт зэс нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан тооцох гэж оролдлоо. Гэхдээ 2017 онд дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн дундаж үнэ ямар байх вэ, гэдэг дээр биш, төсөв батлагдах үеийн ханшаар тооцсон гэж хэлж болно. Тухайлбал төсөв батлагдах үед буюу 10 дугаар сард дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрсний үнэ 50 орчим ам.доллар, зэсийн үнэ 4800 орчим ам. доллар байсан. Үүндээр тулгуурлан зэс нүүрсний үнийг улсын төсөвт тусгалаа. Улсын 2017 оны төсөв  батлагдсаны дараа дээрх хоёр бүтээгдэхүүний үнэ өсч эхэллээ. Цаашдаа ч өсөхөөр байгааг эдийн засагчид хэлж байна. Зэс нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөхөөр байгаа нь Монгол улсын эдийн засаг, төсвийн алдагдалд 2017 онд сайнаар нөлөөлөх болов уу.

Нүүрсний үнэ  тонн тутамдаа 10, зэсийн үнэ 300 ам. доллараар тус тус  өсөхөд төсвийн алдагдал 1,8 их наяд төгрөгөөр буурах боломж байгаа гэж шинжээчид ярьж байна.Энэ бол төсвийн алдагдлын гуравны хоёрыг  хаах боломж гаргаж өгнө. Дэлхийн зах зээлийн таатай нөхцөл биднээс төлөвлөгдсөн нүүрс зэсээ олборлож, боловсруулалт хийхийг шаардна. Төсвийн алдагдлын үлдэж буй 0,7 их наяд төгрөгийг махны экспортыг зөв оновчтой болгож хяналтаа сайжруулах, төсвийн зарим үр ашиггүй урсгал зардал багасгах замаар нөхөх боломж бий.

Зэс нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр  өсөх магадлал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцийн бодлогоо богино хугацаанд тодорхой болгох нь чухал. Үүнээс дутахгүй яг одоо эрх баригчид  барьж аваад зайлшгүй хийх шаардлагатай  нэг зүйл бол эрх зүйн орчноо таатай  болгох явдал юм.  Ингэж чадах аваас цөөн хүн амтай,  хэрэглээ багатай, ард түмэнтэй монголын жижиг эдийн засаг богино хугацаанд сэргэнэ.  Улс төрчид сэтгэл гаргаж  эрх ашгаа зөв эрэмбэлвэл Монголын эдийн засаг нэг их хямраад байх зүйл гарахгүй.

Монгол улс 2016 онд 19 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Гэвч  үнэ дэлхийн зах зээл дээр доогуур байсан учир үр дүн их доогуур байлаа. Дэлхийн зах зээл дээр үнэ өсч буй 2017 онд 23,5 сая тонн нүүрс манайх экспортолно. Оюу Толгой, Эрдэнэтийн гаргаж байгаа зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсөх магадлалтай байгаа  зэрэг нь 2017 онд төлөх боондын хүүний төлбөрт сайнаар нөлөөлнө гэх найдлага байна..

Г. Эрдэнэбат МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих