Монголын эдийн засагт мөддөө нар тусахгүй нь
Ийм дүгнэлтийг би гаргасангүй. Эдийн засаг, уул уурхайн чиглэлээр тууштай судалгаа хийж, уул уурхай, банк санхүүгийн салбарт өрнөж буй уналт, өсөлтийг анхааралтай ажиглаж байгаа судлаачид эдийн засагчид үүнийг хэлж байгаа юм. Ёрлоод хэлэхэд, ирэх онд ам.долларын ханш суларна гэсэн хүлээлт байхгүй байгааг нуух юун. Монгол Улсын хувь заяа үндсэндээ бүрхэг байдалд орчихлоо.
Төв банк бодлогын хүүгээ 15 хувьд хүргэж, ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрт Хамрагдахаар хүсэлтээ хүргүүлсэн ч, энэ хоёр шийдвэр эдийн засгийг хөл дээр нь босгож, сэхээнээс гаргана гэсэн найдвар биш юм. Бодлогын хүү нэмэгдлээ гээд аж ахуйн нэгжүүд дампуурлаас гарах бус харин ч өндийж байсан тэднийг бур мөсөн хэвтүүлэх шийдвэр болсныг МҮХАҮТ- аас саяхан мэдэгдсэн билээ.
Эдийн засгийн дампуурлыг хаа хаанаа хүлээн зөвшөөрч, ирэх оны төсөвт баахан халамжийн бодлого хэрэгжүүлэхээр тусгасан Засгийн газар ч аль учраа олохгүй сандарч эхэллээ. Эдийн засаг ирэх онд өөдлөхгүй нь гэх дүгнэлтийг олон янзаар тайлбарлаж болно.
Хамгийн нэгдүгээрт, бид ирэх оны төсвөө хэрхэн баталсан бэ гэдэг асуудал. Төв банкны оруулж ирсэн Мөнгөний бодлоготойгоо төсөв нь уялдаж чадсан эсэх, өмнөх Төв банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хэрэгжүүлж байсан “Шинэ тэнцвэр” буюу төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг 2017 оны төсөвтэй хэрхэн уялдуулж өгсөн бэ тэдгээс ихээхэн зүйл шалтгаална.
Харамсалтай нь 2017 оны төсөв хүсэн хүлээж байсан шиг алдагдалгүй, орлого зарлагаа зөв тооцоолсон, төсвийн үрэлгэн зардлыг хумисан төсөв байж чадаагүй. Зөвхөн халамжийн бодлогод л 500 тэрбумыг зарцуулахаар оруулж ирсэн атлаа эх үүсвэрээ хэрхэн олохыг төсөвт тусгасангүй. Тиймдээ ч ирэх онд ихэнх халамжийн бодлого нь хэрэгжихгүй гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн билээ.
Ажилгүйдлийн төвшинг бууруулах гэхээс илүү аж ахуйн нэгжийг торгох төсөв бүрдүүлэх заалт тусгаж, улсын төсөвт хамгийн их татаас, татвар төлдөг хүнс, хөдөө аж ахуйн салбараа бор зүрхээрээ зүтгэ хэмээн зөнгөөр нь орхив. Жижиг, дунд үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэл зэрэг 2012 онд босгосон Чингис бондын санхүүлжилтээр хөл дээрээ зогсч эхэлж байсан салбаруудыг ор тас мартаж, өөрсдийнхөө эргэн төлөлтөөс санхүүж хэмээн “нясалж” орхисноор ирэх онд бид хаанаас мөнгө босгож, хэрхэн амьдрах вэ гэсэн асуулт хариулт хүлээсэн хэвээр байгаа юм. Ажилгүйдэл ч ирэх онд эрчээ авах нь тодорхой болж байна. Албан байгууллагууд ажилчдаа цомхотгох давалгааг Төрийн банк эхлүүлж, 230 гаруй ажилчдаа цомхотголд оруулахаар болсон гэх мэдээлэл явж байна. Цомхотгол цаашдаа ч эрчимтэй өрнөнө. Монгол Улс ирэх онд хаанаас, хэрхэн мөнгө олох нь тодорхой бус байгаа ийм нөхцөлд тэсч үлдэх газар тун ч цөөхөн байх биз.
ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛ АМ.ДОЛЛАРЫН ХАНШИД НӨЛӨӨЛӨВ ҮҮ
Хоёрдугаар том шалтгаан бол яах аргагүй энэ юм. Бурхан шашинтны тэргүүний айлчлал ямар утгаараа ам.доллартай уялдаж орхисныг гайхаж асуух хүн олон байгаа.
Тэгвэл энэ айлчлалын хүрээнд БНХАУ-аас зээлэхээр тохирсон дөрвөн тэрбум ам.долларын ззэлийн яриа хэлцэл цуцлагдлаа. Төрийн олон айлчлалууд тодорхойгүй байдалд орсон. УИХ-ын даргын ах дүүгийндээ очиж байгаа аятай албан нэртэй албан бусаар хийсэн долоо хоногийн айлчлалын дунд бид урд хөршөөсөө дөрвөн тэрбум ам.доллар зээлэх тохироонд хүрээд байсан юм билээ.
Гэвч өмнөд хөршийнхөө хамгийн дургүй зочдынх нь нэгийг урьснаар тэднийг гомдоож орхижээ. Далай ламыг хэн урьсан талаар улс төрийн хүрээнд ч маргаан гараад амжлаа. Төрийн тэргүүн урьснаар биднийг, Монголын эдийн засгийг хорлолоо гэх мэдэгдлийг Ардын намын нөлөө бүхий улстөрчид хэлж байгаа бол, харин эсрэгээрээ виз өгөх эрх мэдэл нь хэний Засгийн газарт байгаа вэ гэдэг асуудал ч хөндөгдөж буй гэх.
Юутай ч Монголын эдийн засагт ирэх оныг давах, цалингаа тавих, халамжаа өгөх амь тариа болоод байсан дөрвөн тэрбум ам.доллар салхинд хийсч орхилоо. Ингэснээр ам.долларын ханш дахиад л савалгаатай байдалд орох нь. Олон улсын валютын сангийнхан “Стэнд бай” хөтөлбөрт орох саналыг хүлээж авах эсэxээс иxээxэн зүйл хамаарах нөхцөл байдал үүсчихлээ.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Стэнд бай” хөтөлбөрт орох асуудлыг түр хойшлуулж, тун ч өргөн хүрээний хөтөлбөр эхлүүлэхээр Төв банк бэлтгэж буй гэх яриа гарчээ. Валют зээлэх эсэхээс үл хамаарч ирэх оны эдийн засга туйлын хүнд, хэцүү замаар урагшлах нь тодорхой байна.
Төв банкны валютын нөөц хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг тэрбум байгаа юм. 2016 оныг дуустал энэ нөөц амь тариа болж, ханшаа хөөрөгдчихөлгүй дарж байхад хангалттай хүрэлцэх ч, он гарсны дараа хэрхэх вэ гэдэг асуулт зүй ёсоор яригдана.
2017 онд бид Чингис бондын эхний эргэн төлөлтийг хийх учиртай. Монгол Улсын зээлжих зэрэглэл “С” үнэлгээ рүү орж, олон улсын хөрөнгийн биржид бондын хувьцаа уналттай байгааг нуух аргагүй болсон. Эргэн төлөлтийн мөнгийг хаанаас олох нь өнөөдрийг хүртэл тодорхой бус явж буй. Эрдэнэт, Хөгжлийн банк зэрэг гайгүй гэсэн аж ахуйн нэгж, төрийн өмчит компаниуд бүгд өрийн сүлжээнд баригдаж, хэдэн тэрбумаар тоологдох их өрийн асуудал улстөрчдийн талцаж хэрэлдэх сэдэв болоод байна. Хувьчлалтай холбоотой төгрөгийн ханш унасан гэдгийг ч эдийн засагчид дуу нэгтэй хулээн зөвшөөрчихсөн. Авлигатай тэмцэх газарт ар араасаа дуудагдаад явж буй.
МОНГОЛЫН НҮҮРС ХЭЗЭЭ ҮНЭД ОРОХ ВЭ
Энэ мэтээр монголын эдийн засагт гялтайх сайхан мэдээ ширхэг ч алга. Тавантолгойн баруун, зүүн цанхи хоёр зэрэг ажиллаж эхэлсэн сайхан мэдээ дуулдсан ч тонн нүүрсээ нэг кг байцаанаас ч хямдхан хилээр гаргасан хэвээр байна, бид. Дэлхийн зах зээлд тонн нүүрсний үнэ 100 ам.долларт хүрчихээд байхад, манайх хамгийн хямдаар, дөнгөн данган 50 ам.доллар хүргэж байгааг сайн мэдээ гэж хэлэхгүй болов уу. Чалькод төлөх өрийг cap шинийн өмнөхөн дуусгана гэдгийг Уул уурхайн яамнаас мэдэгдсэн ч баталгаатай хугацаа биш. Тиймдээ ч өдөрт хэдэн зуун тонноор нь нүүрсээ үнэгүй шахам өмнөд хөрш рүү өрөндөө зөөсөн хэвээр ирэх оныг дуусгаж ч магадгүй. Төсвийн дийлэнх хувийг бүрдуүлэх учиртай Монголын нүүрс хэзээ үнэд орохыг тааж мэдэх арга одоогоор алга.
Монголын эдийн засагт жин дарах найман хувийн хүүтэй ипотекийн зээдд ирэх онд мөнгө төсөвлөөгүй. Өөрөөр хэлбэл, банкууд өмнөх онуудад өгсөн зээлийнхээ эргэн төлөлтөөс буцааж зээл олгох учиртай. Гэвч, ипотекийн найман хувийн зээл хэвийн үргэлжлэх эсэхийг хэлэхэд эрт байгаа юм. Банкууд эргэн төлөлт хэвийн байгаа ч өнөөдрийн байдлаар арилжааны банкууд зээл олгохгүй хэвээр байгаа аж. Төрийн банк ипотекийн зээлийг үргэлжлүүлж, сард 100 өрхөд зээл олгож байсан ч мөн л тодорхойгүй хугацаагаар зогсоосон сурагтай.
Ханшийн өсөлтийг хянаж, төгрөгийн сулралын эсрэг тууштай тэмцэх учиртай Төв банкны Ерөнхийлөгч нь хаана юу хийж явааг мэдэх юм алга. Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж, цалин пүнлүүгээ асуудалгүй тавихад анхаарах учиртай Сангийн сайд маань валютын ханш дээш доош болохыг анхааралтай ажиглаж суусаар гурван сарыг үдлээ. Засгийн газартай энэ тухай яриад ч хэрэггүй. Цас мөсөө хэнээр цэвэрлүүлэх тухай “жижиг” асуудалтай зууралдаж суугаа Ерөнхий сайдаас ханшийн өсөлт, эдийн засгийн нарийн зүйлийг асууж шалгаах нь цаг гарзадсан хэрэг болно. УИХ ч ялгаагүй. Өмнөх Засгийн газар өр тавьснаас болж бид ийм байдалд орлоо хэмээн өмнөхөө зүхэж занасаар эхний 100 хоногоо өнгөрүүллээ.
Цаашид Монголын эдийн засгийг аврах дорвитой шийдвэр гаргаж чадахгүй, энэ хэвээр зээлд найдаж, хойдох, урдах руугаа буруугаа чихсээр суувал ам.долларын ханш 5000 төгрөгтэй тэнцэх нь цаг хугацааны л асуудал болоод байгааг сануулах нь илүүц биз.
Жилийн жилд яригдаж байгаа уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа хэрхэн аврах вэ, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд аа. Том төсөл хөтөлбөрүүд хэзээ хөдөлж, тэрбум тэрбумаар зээл тавихаа болих вэ, Б.Чойжилсүрэн, Ц.Дашдорж нарын сайдууд аа. Ханш хэрхэн өсөх нь маньд хайаагүй хэмээн буруу шийдвэрээс зугтаж, бүгэж суусаар байх уу, Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө. Эдийн засаг элгээрээ мөлхөж байгаа бурууг бид хэнээс эрэх вэ. Хувь хувьсгалын байгууллага хаалга барьж дампуурч л байг уу.
Өмнөх Засгийн газрын буруу шийдвэр өмнөхтэйгээ л үлдэнэ. Одоогийн цаг хугацаа одоогоороо л байх учиртай. Тиймээс бусдаас бурууг эрж суухын оронд бодлогын дорвитой шийдвэр гаргаач гэж ард түмэн хүсч байна. Ажлаа хийж чадахгүй бол чаддаг нэгэнд нь өгөх сонголт бас байдгийг сануулья.
Б.Өнөртогтох
Монголын мэдээ
URL: