Дуншиж дуншиж “төрсөн” АН-ын мэдэгдлийн цаана…

527-148064019712-2-1_700x700Нэгэн цагт АН-ын туг болж, дараалсан сонгуульд намаа ялуулсан баатраар тодорч явсан эрхэм бол Н.Алтанхуяг юм. Тэр үед Н.Алтанхуяг АН-ын дарга байлаа.

Сонгуулийн дараа Ерөнхий сайд болж,  хоёр жил хэртэй ажиллаад огцорсон. Ерөнхий сайдаас огцорчихоод, намын даргынхаа албыг ч бас өгсөн. Түүнээс хойш гурван жил гаруйн хугацаа өнгөрөв.
Ерөнхий сайд байхад нь хүргэн Г.Дэнзэн,  ахлах зөвлөх А.Гансүх нарт нь хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн АТГ-ынхан сүүлийн хэдэн сард эгч, дүү, эхнэр, сүүлд өөрийг нь тендерийн хэрэгт холбогдуулан шалгаад эхэлжээ. АТГ-аас уржигдар Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас өгч,  байцаалт авсан. Тэрээр АТГ руу орохын өмнө тэнд цугласан сэтгүүлчдэд “…Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн учир үйл явдал өрнөх юм шиг байна.
Мөн хэд хоногийн өмнө телевизээр Монголын нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг хэлж, Монголын цөөхөн баячууд хамаг баялгийг сорчлоод авчихсан тухай ярьж, нэрийг нь дурдсан. …Би хоёр зүйлд үнэхээр харамсч байна. Намайг эртхэн дуудаж авчраад асуучихгүй, заавал ойр тойрныхноос эхлээд олон хүнийг шоронд тарчилгаж, хамгийн сүүлд төрсөн дүү, хамаатнуудыг маань хүртэл шоронд орууллаа. Намайг шоронд хийгээд тэр хүмүүсийг гаргах цаг нь болсон гэж би бодож байгаа учраас өөрөө ирж байна. Шоронд хийсэн ч бууж өгөхгүй тэмцэлдэнэ” гэсэн мэдэгдэл хийсэн юм.
Тэрээр гурван цаг гаруй байцаалт өгч үдшийн 20:00 цагийн үед АТГ-аас гарч ирээд шууд намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн хурал руу явсан байдаг. Тэнд Н.Алтанхуягийн асуудлыг хэлэлцэж байгаа. Н.Алтанхуягийг өмөөрсөн АН-ын мэдэгдэл маргааш өглөө эрт гарна гэх албан бус мэдээлэл уржигдар орой тарсан юм. Гэсэн ч Н.Алтанхуягийг байцаалт өгдөг орой Намынхаа дүрмийн төслийг л хэлэлцсэн байна. Мөн өчигдөр өдөржин АН ямар ч мэдэгдэл хийсэнгүй.
Харин оройхон Н.Алтанхуягийг хэлмэгдүүлэх нь гэсэн утга бүхий мэдэгдлийн төсөл бэлэн болсон боловч тамга дарж, баталгаажуулалгүй байсаар 19.10 цагт арайхийн албажуулав. Эх сурвалжийн мэдээллээр АН дээр асуудалд нэгдмэл биш байр суурь­тай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, АН-ын олон фракцын зарим нь Н.Алтанхуягийг өмгөөлсөн мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж, үлдсэн нь эсэргүүцсэн байна.
Ерөөс Н.Алтанхуягт АН-ын дэмжлэг шууд ирнэ гэдэг эргэлзээтэй хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Учир нь, АН дотооддоо хөл, толгой нь мэдэгдэхгүй болтлоо бужигнаад эхэлчихсэн. Сүүлийн хэд хоногт яригдаж буй Намын дүрмийн төсөл дээр ч фракцууд нь санал нэгдэж чадахгүй байгаа. Намын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн нөхдийн зарим нь сунгаагаар өрсөлдөх сонирхолтой байна.
Нөгөө хэсэг нь хуучнаараа Их хурлаасаа дэмжүүлээд явчих санаатай байгаа ажээ. Түүнчлэн АН-ын ҮЗХ, Их хурлын гишүүдийг бүрдүүлэхэд Н.Алтанхуягийг дэмжиг­чид дийлээд байгаа. Энэ нь түүнтэй өрсөлдөн сөр­гөл­дөж буй хүмүүсийн хувьд аюултай. Тиймээс үүнийг задлах зайлшгүй шаард­лагатай гэж үзэцгээж байгаа юм. Магадгүй, Н.Алтанхуяг Ерөнхий сайд, АН-ын даргаа өгсөн ч өнөөг хүртэлх гурван жил гаруйн хугацаанд намдаа нөлөөтэй явсаар ирсэн нь үүнтэй холбоотой байж таарна.
Үүнээс гадна нэг зүйл уржигдар туйлын тодорхой харагдав. Цагтаа салхи савирт гарч, ууланд авирахад нь ч салдаггүй байсан тэр арми уржигдар Н.Алтанхуягийн дэргэд үзэгд­сэнгүй. Дарга минь гээд алган дээр бөмбөрүүлж явсан журмын нөхдөөс нь тун цөөхөн хүн АТГ-ын үүдэнд харагдсан. Энд монгол хүний уруудаж доройтсон мөс чанараас гадна  АН доторх улс төрийн уур амьсгал илэрч байгаа юм.
Н.Алтанхуягийг АТГ-т байцаалт өгөхөөр очиход АН-ын томчуудаас ганцхан Д.Эрдэнэбат л очсон. Д.Эрдэнэбатын тэнд очсон нь хоёр талын шалтгаантай байж мэднэ. Тэрээр өдгөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Бас удахгүй болох АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдчихсэн. Тийм учраас намынхаа гишүүдийн төлөө дарга нь явж харагдах “ажлын шаардлага” юм. Харин гоё талаас нь харвал АН-ыг “гудамжинд” байхад Н.Алтанхуяг намын дарга, Д.Эрдэнэбат генсек байсан. Намынхаа өчигдрийн өндөрлөгт хүрэхэд тэдний хамтдаа дуслуулсан хөлс их бий. Тиймээс зовох цагт нөхрийн чанар тэнд байсныг үгүйсгэхгүй.
Бусад нь таг чиг. 2012 оны намраас хойш Төрийн ордныг дөрвөн жил талхалж, тэнд албан тушаал, эрх мэдлийн өндөрлөгт талцан сууж хуваа­рилалт хийдэг бай­сан фракцуудын төлөө­лөл ч АТГ-ын үүдэнд Н.Алтанхуягтай хамт байж харагдсангүй. Ийм нөх­цөлд түүнд намын дэмжлэг ирнэ гэдэг тун эргэлзээтэй.
Ерөөс улстөрчдийн хувьд сүүлийн үед хүнээр хэлүүлэлтгүй мэ­дэх учиртай нэг юм бий. Нар мэт мандаж явахад сүүдэр мэт байсан “журмын нөхөд” ийм үед огт байгаагүй мэт сураг алдардаг. Тэр л жишгээр өнөө­дөр Н.Алтанхуяг намынхнаа хэн нь хэн бэ гэдгийг мэдрээд эхэлж байх шиг байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих