Ховдчууд Засаг даргадаа “ам муутай” байна
УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн үр дүнд Ховд аймагт МАН олонхи болж МАН-ын дарга Д.Галсандондог аймгийн Засаг дарга болсон. Д.Галсандондогийн хувьд өмнө нь аймгийн Засаг даргаар 4 жил ажиллаж байхдаа аймаг орон нутгаа хөгжүүлэх чиглэлд дорвитой ажил хийгээгүй нэгэн гэдэг. Тийм ч болохоор тэрбээр өөрөө ИТХ-д сонгогдож чадаагүй ч, намын дарга байсан гэдгээрээ түрий барьж “хэл ам” дагуулан байж аймгийн Засаг дарга болсон юм билээ.
Д.Галсандондог аймгийн Засаг даргаар томилогдоод бараг хагас жилийн нүүрийг үзэж байгаа хэдий орон нутаг гарт баригдахаар эхлүүлсэн, хийсэн дорвитой ажил алга. Түүнийг ажил хийхийн оронд албан тушаалын “наймаа” ярьсаар 4 сарыг өнгөрүүлсэн гэж Ховдчууд халаглаж сууна.
Ховд аймгийн Дарви суманд Хөшөөтийн нүүрсний уурхай гэж баруун бүс нутагт томд тооцогдог нүүрсний уурхай бий. Гэтэл энэ уурхайн нүүрс өдөр бүр Хятад руу зөөгдсөн хэвээр байна. Эд нүүрс тонн тутам нь ямар үнээр зөөгддөг, улсад хэдий хэмжээний татвар төлдөг, орон нутагт хэрхэн дэмждэг үзүүлдэг вэ гэдгийг мэдэх хүн Ховд аймагт алга.
Дээр нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн атал Хөшөөтийн уурхайгаас Хятад руу зөөж байгаа Монголын баялаг болсон нүүрс бараг “үнэгүй шахуу” гарч гаргаж байгааг бид бодох, тооцох сөхөөгүй сууж байна.
Гэтэл хэд хоногийн өмнө Ховд аймгийн Ярантын хилийн боомтоос-Байтагийн хилийн боомт руу чиглэсэн 120 км хар замыг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн оролцоо “зүтгэл”-ээр Хятадын тал бидэнд бэлэглэлийн гэрээгээр Ховдчуудад барьж өгөхөөр болсон тухай мэдээлэл Ньюс.мн сайтад гарсан. http://www.news.mn/r/318575
Гэвч хэрэг үнэн хэрэгтээ хятадууд бидэнд бэлэглэлийн гэрээгээр барьж өгөх болсон гэх дээрх 120 км бол үнэндээ нүүрс зөөх, Монголын баялагийг гадагшаа гаргах л зориулалттай зам юм.
Ховд аймгийн Булган сумын нутаг дах Ярантын хилийн боомтоос БНХАУ-ын Чонж аймгийн төв 500 гаруй км байдаг бол Байтагиййн боомтоос Чонж аймгийн төв 200 орчим байдаг гэнэ. Тэгэхлээр Хятадууд давхар санаа гаргаж, Хөшөөтийн нүүрсийг Монголын хилээ цаашаа төврүүгээ ойрхон татахын тулд бидэнд 120 км тавьж өгч байгаа нэрээр өөрийн ашиг сонирхолоо хэрэгжүүлж байгаа юм байна.
Үүнийг нь ойлгоогүй манайхан хөөрцөглөн, тэр тусмаа Ховд аймгийн Засаг даргын уйгагүй хүсэлт, овсгоо сүүхээний хүчинд энэ зам тавигдаж байгаа мэтээр ярьж байгаа нь эмгэнэлтэй, бас харамсалтай.
Тэр тусмаа баялагаа үнэгүй гаргах энэ замыг Ховд аймгийн Засаг дарга өөрийн эрийн сайндаа, сэргэлэн цовоо тулдаа хийчихлээ хэмээн төлбөртэй мэдээллүүдийг хэвлэлээр гаргуулсанд дургүйцэх хүмүүс олон байна.
Хилийн боомт руу баригдах тус замаар ард иргэд худалдаа хийхээр явах сайн талтай гэх боловч үнэн хэрэгтээ нүүрс зөөх замаар цувах хүнд машин механизмтай зэрэгцэн энгийн иргэд унаа машинтайгаа явах нь осолтой юм.
Нэгэнт Ховд аймгийн хөгжлийг түргэтгэх биш Ховдын баялагийг хурдан гадагш гаргахын төлөө яаравчилж байгаа ийм засаг даргад аймгийн ИТХ болон Ерөнхий сайд та бүхэн анхаарлаа хандуулан хариуцлага тооцно бизээ.
Б.Баян
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗӨВ ШҮҮ