Бичин жил буюу хариуцлагын шалгуур
Муугаар хэлэхэд зуд хаяанд ирчихлээ. Өнгөрсөн жилээс эхлээд дохиолсон их хүйтрэл, их цас аль хэдийн хаалга тогшлоо. Монгол орныг бүхэлд нь цас нэвсийтэл дарж, жавар тачигнасан өвлийн өдрүүд үргэлжилж байна.
Өнгөрсөн жилийн зун нийт нутгийн тал хувь нь гантай байснаас эхлээд малчид төдийгүй цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж байсан. Ерөнхийлөгч хүртэл малчдыг малаа заазлаарай гэж сануулсан.
Монголчуудын сэтгэлд хадагдсан алдарт бичин жилийн болгоомжлол ийнхүү хоёр оныг дамнаж байна. Мөн экологийн дулааралтай холбоотойгоор зудын давтамж ойртсон гэх мэдээллийг ч мэргэжлийн хүмүүс өгч байгаа.
Өнгөрсөн жилүүдийн зудын давтамжаас харвал 1944 оны бичин жилийн зуд 150 хоног үргэлжилж, 9.2 сая мал хорогдсон байдаг. Тэгвэл 1956 оны ган, зудад 2.2 сая мал хорогджээ. Өөрөөр хэлбэл, 12 жилийн зайтай давтагдсан гэсэн үг. Мөн 1968 оны бичин жилийн зуд 165 хоног үргэлжилж, 4.4 сая мал хорогдож байж. Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээллээр 1970-1990 оны хооронд хэд хэдэн удаа зуд болсон ч өвлийн бэлтгэл сайн байсан учраас хохирол бага амссан байна.
Гэвч сүүлийн жилүүдэд өвөлд тааруухан бэлдсэнээс болж хохиролын хэмжээ эрс нэмэгджээ. 1999-2000 онд 12 аймгийн 157 суманд зуд болж, 2.4 сая мал хорогдож байсан. Гэтэл дараа жил нь 20 аймгийн 192 суманд зуд болж, 3.5 сая мал хорогдож, 5000 орчим айл өрх малгүй болсон гашуун түүх байна.
Харин өнөө жилтэй ямархуу бэлтгэлтэй золгож байгаа бол. Энэ жил энгийн бус өнөөх алдарт бичин жил учраас хэн хүнгүй болгоомжлохгүй байхын аргагүй. Тэр ч утгаараа төр засаг салбарынхны өвлийн бэлтгэлийг саяхан шалгалаа. Чухамдаа Монгол Улс энэ өвөл хэр өнтэй орохыг Улсын онцгой комисс хариулт өгөх учиртай. Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга нь бүх салбарын удирдлагуудаа цуглуулж бэлтгэлийг нь шалгалаа.
Онцгой комиссын гишүүдэд танилцуулснаас харахад зарим салбар өвөлжилтөд төдийлөн бэлэн бус байна. Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн хэлснээр энэ жил 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая мал өвөлжих гэнэ. Гэтэл аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 20.4 мянган тонн өвс, 4.5 мянган тонн тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь аймгийн түвшинд 75.9 хувь, сумдын түвшинд 50.7 хувь байгаа нь хангалтгүй юм. Үүнийхээ учрыг сайд мөнгөгүйгээс болсон гэж тайлбарлав. Мөн өвөл хаяанд ирж өвс, ногоо цасанд дарагдсан энэ үед улсаас мөнгө өгвөл хадлан хадах юм байх.
Харин Эрчим хүчний сайдын өгсөн мэдээллээр бол дулааны цахилгааны станцууд 12-40 хоногийн нүүрс нөөцөлжээ. Салбарын сайд П. Ганхүү манай сонинд өгсөн ярилцлагадаа “Сонгууль, АСЕМ-тай холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэл ажил хоцорсон. Төвийн бүсийн III, IV станцыг нүүрсээр хангадаг уурхай хүндрэлтэй байдалд орсон учир Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч төсвийн зээл олгосон. 12 орчим тэрбум төгрөгийн өртэй байсан Шивээ-Овоо, Багануурын уурхайд 20 тэрбум төгрөгийн зээл өгсөн. Дулааны үндсэн магистраль шугамуудын насжилт 30-аас дээш жил болсон учир хагарал цооролт ихтэй байдаг. Өнгөрсөн жил гарч байсан цоорол хагарал энэ жил ч давтагдана. Шугам шинэчлэх эх үүсвэр төсөвт суугаагүй” гэж байв.
Зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл 90 гаруй хувьтай, цасанд боогдох магадлалтай хэсгүүдийн судалж хамгаалах далан хийсэн. Орон нутгийн 15 нисэх буудалд шатахууны агуулахын техник үйлчилгээг хуваарийн дагуу хийжээ. Мөн ихэнх аймаг цасан бүрхүүлтэй, малчид отор нүүдэл их хийж байгаа учраас эрүүл мэндийн салбар хүндхэн байгааг хариуцсан сайд нь хэлсэн. Ялангуяа, зорилтот бүлэг, жирэмсэн эх, бага насны хүүхдийг эрсдэлээс хамгаалах, яаралтай тусламж шаардлагатай үед аймаг, алслагдсан газраас нийслэл рүү нисдэг тэргээр тээвэрлэх асуудлыг судалж байгаа аж. Томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаагийн 93.1 хувийг 15 хүртлэх насны хүүхэд эзэлж байгаа гэнэ. Гэтэл өнгөрсөн сарын сүүлчээр орж ирэх ёстой байсан томуугийн вакцин өнгөрсөн сарын сүүлчээр орж ирсэн байх жишээтэй. Тэгэхээр иргэдийн эрүүл мэнд эрсдэлд байна гээд хэлчихэд хилсдэхээргүй болчихлоо.
Эндээс харахад манай улсын гол салбар болох мал аж ахуй өвс, тэжээлээ хангалттай нөөцөлж амжаагүй байна. Мөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар ч өвөлд бэлэн гэж зоригтой хэлж чадахгүй байна. Онцгой комиссын хурлын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “100 жилд тохиогоогүйгээр хүйтэрнэ гэсэн мэдээлэл байна. Үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулж чадалгүй албаны хүнээр бамбай хийв. Хоёр жилийн турш бичин жилийн зуд хэмээх болгоомжлолыг улсын тэргүүнээс нь эхлээд энгийн иргэд нь хүртэл сэтгэл зовнин ярьж хэлж байхад онцгой комиссын дарга нь ямар ч мэдээлэлгүй сууж болох уу. Уг нь У.Хүрэлсүх сайд бүх зүйлийг судалсан гамшиг эрсдэл болбол удирдан зохион байгуулах үүрэгтэй хүн. Улс орон, ард түмнээ аливаа гамшгаас хамгаалахад ямагт бэлэн, мэдээлэл, төлөвлөгөөтэй байх учиртай.
Ерөнхийдөө 80 хувийн бэлтгэлтэй гэж байгаагийн цаана байдал ямар байгааг хэн ч мэдэхгүй. Дарга нарын өмнө бичиг цаас гаргаж ирээд сайхан зүйл яриад, бодит байдал тэс өөр байдаг жишээ олон бий. Өвөл дулаан, хавар тохьгүй байгаа нь өвөл хатуухан болно гэдгийг хашир малчид хэлж байна. Онцгой комиссын хурлын үеэр бүх салбарын удирдлагуудыг харж сонсч байхад сүүлийн 10-20 жилд тохиогоогүй их хүйтрэл болно. Өмнөх жилүүдийнхээс илүү цас орно гэдгийг Цаг уурын байгууллагаас хэлсэн. Тиймээс хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшигт бэлэн байя. Өвөл биш хавар зуд болдог. Өнгөрсөн өдрүүдийнх шиг их хүйтрэл гэж шуугиад өнгөрөх биш юмыг бодитоор харах хэрэгтэй. Тэр тусмаа улс орны эдийн засаг хүнд байгаа үед өндөр зохион байгуулалт, хариуцлагын шалгуурыг урьтал болгоё. Энэ бол хэдэн малчин, газар тариаланчдын асуудал биш. Улсын хэмжээний асуудал. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхөө больё.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: