Ирвэсний зулзага өлсч үхсэн тохиолдол гарчээ
Манай улсын нэн ховордсон тоонд цаст уулын цагаан бар гэлцдэг ирвэс ордог билээ. Дэлхий дээр ердөө 3,500 орчим цоохор ирвэс байдгаас 1,000-1,200 нь манай оронд амьдардаг. Гэвч хулгайн анчид болон уул уурхай, алтны компаниудаас болж ирвэсний тоо толгой цөөрч, үр удам нь устах аюул тулгараад буй. Тэгвэл хоолгүйн улмаас ирвэсний зулзага үхсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Ховд аймгийн Дуут сумын малчин малаа хариулж яваад ирвэсийн хоёр зулзага үхсэн байхыг олж мал эмнэлгийн газарт хүргэжээ.
Лабораторийн шинжилгээгээр хоёр зулзагад өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд өлсч үхсэн гэх дүгнэлт гарсан байна. Дашрамд сонирхуулахад, ирвэс дэлхийн 12 улсад нутгалдгаас манай улсын Монгол-Алтай, Говь-Алтай, Алтай, Өвөрговийн уул нурууд зэрэг 90-130 мянган км квадрат нутагийг эзлэн тархсан.
Манай улс ирвэсийн тоо толгойн хэмжээгээр дэлхийд Хятадын дараа хоёрт ордог. Цоохор ирвэс Монгол орны “Улаан ном”, Вашингтоны конвенцын нэгдүгээр хавсралтад орсон байдаг ажээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
URL: