Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тамгаа гардан авлаа
Сүүлийн дөрвөн жилд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын албыг хашсан Ц.Даваацэрэн тус компанийн ТУЗ-ийн 2016 оны 11-р сарын 23-ы өдрийн 23-р дугаар тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар томилогдож буй Х.Бадамсүрэнд тамга тэмдгээ гардуулан өгсөн юм.
Ц.Даваацэрэн хэлэхдээ “Өнгөрсөн гурван жил 10 сарын хугацаанд Монгол Улсын тэргүүлэх үйлдвэрийн шилдэг менежерүүд, ажилтнуудтай хамтарч ажилласандаа баяртай байна. Үйлдвэрийн нэр хүндийг олон улс, хамтран ажилладаг компаниудын өмнө унагасан менежментийн алдаа миний хариуцаж байсан баг, хамт олны үед гараагүй гэдгийг бахархалтай хэлнэ. Бид энэ үйлдвэрийн авлагыг 66.6 хувиар бууруулсан. Цаашид энэ чиглэлээр тодорхой бодлого баримталж ажиллах шаардлагатай” гэсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар шинээр томилогдсон Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь Монголын хувийн компанид шилжсэн. Өмчлөлийн хувьд өөрчлөгдсөн шилжилтийн гэж хэлж болохоор цаг үед энэ хариуцлагатай албыг хүлээж авч байна. Ийм хариуцлагатай, эгзэгтэй цаг үед надад итгэл хүлээлгэж буй Монголын төр, үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид та бүхэнд талархаж байна. Та бүхний итгэл найдварыг биелүүлж ажиллахаа илэрхийлье” гэлээ.
URL: