“УЯАЧ Г.БАТХҮҮГЭЭС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Г.БАТХҮҮ” ГЭНЭ ҮҮ
Сошиал хөгжиж, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар бүгд л “Дэмжигчдийн хуудас”-тай болцгоожээ. “Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчдийн хуудас”, “Эх оронч Х.Баттулгыг дэмжигчдийн хуудас” гээд л. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү ч тэднээс юугаараа дутах вэ, “Бүтээн байгуулагч Г.Батхүүг дэмжигчдийн хуудас”-тай болоод удаж байна. Цагтаа эрхэм гишүүд дунд хамгийн бэлтэйд нь тооцогддог байсан экс гишүүн удахгүй болох АН-ын их хуралд бэлтгэж, үүрүүдийнхэнтэйгээ уулзаад тун завгүй яваа бололтой. Тэрбээр УИХ-ын гишүүн Лу.Болд нартай хамтарч “МоАН санаачилга” гэх фракцитай болсон. Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ынхнаас ийнхүү хэл ам, хал палгүйхэн шиг аажмаар холдсон Г.Батхүү өдгөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүн болсон. Олон нийт П.Цагааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа сайн дураараа өгч АН-ын даргад өрсөлдөх болсноо мэдэгдэхэд “Ерөнхийлөгч хүнээ зүтгүүлж байна” гэж ойлгосон. Гэтэл бодит байдал дээр Ц.Элбэгдорж, П.Цагаан нар таарамж муутай болсон тухай яриа сонсогдох болов. Тэгээд л Ерөнхийлөгчийн ойрын зарим хүн “П.Цагаан нам дотроо дэмжлэг муутай” гэх мессэжийг сэм өгөөд байж. Харин одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Олимпийн найдвар” нь Г.Батхүү болсон бололтой. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдсэн энэ үед тэдний ашиг сонирхол нэг зүйл дээр ихэд нэгдэж буй нь ойлгомжтой. Тэр нь юу вэ гэвэл, Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний албанаас буугаад АН-даа эргэж ирнэ. Харин Г.Батхүү АН-аас Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшинэ… Хоёр эрхмийн улс төр дэх харилцаанаас ийм таамгийг дэвшүүлж болохоор байна. Г.Батхүү эхний ээлжинд АН-ын даргад нэр дэвшинэ. Ялж чадвал намаа Ц.Элбэгдоржид хадгалж, суудал солилцох нь л дээ. Тийм амбицаа экс гишүүн сошиал ертөнц дэх дэмжигчдээрээ дамжуулан илэрхийлж байна уу гэмээр постууд ч байх юм.
Фэйсбүүк дэх “Бүтээн байгуулагч Г.Батхүүг дэмжигчдийн хуудас”-т “Уяач М.Энхболдоос УИХ-ын дарга М.Энхболд. Уяач Г.Батхүүгээс Ерөнхийлөгч Г.Батхүү” гэсэн гарчигтай постод “2013 онд М.Энхболдыг МАН-ын даргаар сонгогдох үед бүгд л “МАН одоо сүйрчээ. Дахиж өндийхгүй боллоо” гэж ярьж бичиж байв. 2016 онд М.Энхболд УИХ-ын дарга, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын амжилтын түлхүүр болчихсон сууна. АН яг л энэ түүхийн хүрдийг эргүүлж сууна. Шүүмжлэл өрнөөд л сүйрнэ, сөнөнө гэж мундгууд зөгнөөд л эхэллээ. АН-ыг одоо эвлүүлж чадах, бүх фракцитай учраа олж чадах, нуулгүй хэлэхэд санхүүгийн хувьд асуудалгүй, Монголын бизнесийн салбараас бүрэн дэмжлэг авч чадах тийм л лидер авч явна” гэж бичжээ. Мэдээж хэрэг, тэр лидер нь Г.Батхүү. Экс гишүүний сошиал фанатууд өөрсдөө ингэж бичив үү. Дэмждэг хүнийхээ алсын харааг ийн дамжуулав уу. Ямартай ч уяач Г.Батхүү эхлээд АН-ын дарга, дараа нь Ерөнхийлөгч болох мөрөөдлийнхөө замд гарчээ. Ирэх сарын 6-нд болох АН-ын их хурлын үеэр түүнтэй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Лу.Болд, Лу.Гантөмөр, П.Цагаан нар өрсөлдөнө. АН-ынхны ярьж буйгаар, намын дарга болох магадлалтай хоёр хүн нь Д.Эрдэнэбат, Г.Батхүү нар юм гэсэн.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
УЯУЛАГЧ БАТХҮҮГЭЭС УЛАЙРАГЧ БАТХҮҮ БОЛСОН.ЭНЭ ХУЛГАЙЧИД ИЧИХ БУЛЧИРХАЙ ГЭЖ БАЙХГҮЙ. ДЭЭШЭЭ ГАРАХЫН ТУЛД ХЭНИЙГ Ч ЗОЛИОСОЛЖ, ХЭНЭЭС Ч УРВАЖ МЭДЭХ ГАХАЙ ДАА.
Удмаараа шуналын туламнууд яанаа арай үгүй байлгүйдээ