МОНГОЛЫН ПРОКУРОР АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДДОГ БОЛ БНСУ-ЫН ПРОКУРОР ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ БӨХИЙЛГӨЖ ЧАДДАГ

49ae4b24da196cd2e25679cf699b298cӨмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гынхэ өчигдөр “Эргэн тойрны хүмүүсээ зөв удирдаж чадаагүй нь миний буруу. Хоёр жилийн дараа дуусах бүрэн эрхийн хугацаанаас минь өмнө намайг огцруулах эсэхийг парламент шийднэ. Хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн” гэж мэдэгдлээ. Тавин сая хүн амтай тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр 2012 онд сонгогдож, Ерөнхийлөгчийн охин Ерөнхийлөгч болж болдгийг харуулж аав, ээж нь амиа алдсанаас хойш тэрбээр 34 жилийн дараа Хөх ордонд дахин амьдарсан юм. Зарим хүний хэлж байгаачлан Пак хатагтай ордны эрх гүнж биш. Хар багадаа том хашааны цаанаас хүүхэд ахуйн баяр хөөртэй амьдралыг харж, ааваараа улс төрийн хичээл заалгаж, инженерийн ангийн оюутан байхдаа болзоонд ч явж үзээгүй, хэзээ хойно улстөрч болсон хойноо халдлагад өртсөн ч амьд гарсан гээд хувь хүний намтраас нь харвал тэрбээр тийм ч амар хялбар амьдралыг туулаагүй. Пак Гынхэ Ханнара намын дарга болохдоо “Намайг гэх аав, ээж минь үгүй. Тиймээс надад алдах хийгээд авах зүйл нэг ч үгүй. Тиймээс эх орныхоо төлөө зүтгэнэ” гэж байсан билээ. Намаа, гишүүдээ удаа дараагийн ялалтад хүргэдэг түүнийг “Сонгуулийн Хатан хаан” гэх нь ч бий.

Тэрбээр 2004 онд “Ард түмэн манай Ханнара намыг авлига, хээл хахуульд идэгдсэн гэж итгэл алдарсан тул бид энэ байранд ажиллахгүй” гээд Ханнара намын байр болох том барилгыг майхнаар сольж, намынхантайгаа хамт ард түмнээсээ өршөөл эрж байсан тухайгаа дурссан байдаг. Тэр ч атугай “Сонгуульд шударга бусаар өрсөлдсөн намынхаа хоёр гишүүнийг 2006 онд прокурорт шалгуулахаар өгч байсан. Нам нь гишүүдээ прокурорт мэдэгдэнэ гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй гашуун явдал” гэдгээ ч улс төрийн амьдралынхаа түүх болгож бичсэн. Харин энэ удаад Өмнөд Солонгосын анхны Ерөнхийлөгч бүсгүй бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө бараг огцрох гэж байна. Түүнийг огцруулах эсэхийг ирэх баасан гарагт парламентаар хэлэлцэнэ. “Тамирчин оюутан охинд их сургуулийнх нь багш нар жирийн оюутнуудаас өөрөөр ханддаг, дүнг нь өргөж тавьдаг” гэх оюутан, багш нарын эсэргүүцлээс эхлэлтэй хэрэг явдал эцэстээ Ерөнхийлөгч Пак Гынхэгийн улс төрийн “хөшиг”-ний ар дахь амьдралыг илчилж, авлигач найз нь Төрийн тэргүүн хатагтайн албан тушаал, нэр хүндийг хэрхэн урдаа барьж хууль бус үйлдлүүд хийж байсныг ил болгосноор үргэлжиллээ. Оюутан, багш нарын эсэргүүцэлд Өмнөд Солонгосын жирийн иргэд уухайлан нэгдэж, 1.5 сая иргэн лаа барин жагсч буй дүр зураг дэлхийн шилдэг гэрэл зургуудын нэгээр тодров.

Ерөнхийлөгч Пак Гынхэ уучлал гуйж мэхийн ёсолсноор энэ эсэргүүцэл зогссонгүй. Авлигач найз нь Германаас ирж, хуулийнханд өөрөө өөрийгөө хүлээлгэн авч, хэвлэлийнхэнд ээрэгдэх үедээ “Би маш их буруутай” гэж хэлсэн ч ард түмэн Ерөнхийлөгчөөсөө хариуцлага нэхэж албан тушаалаасаа огцрохыг шаардсан хэвээр байна. Дээр бичсэнчлэн Пак Гынхэ намын дарга байхдаа сонгуулийн үеэр хууль зөрчсөн хоёр гишүүнээ прокурорт мэдэгдэж байсан бол энэ удаад намынх нь гишүүд түүнийг эсэргүүцэж намаасаа гарч байна. Төсвийн мөнгөөр “Виагра” сэлт худалдан авч, амин найзууддаа хууль зөрчих боломж олгодог, бөөгөөр хэлэх үгээ засуулдаг гэхмэтчилэн олон факттай Пак хатагтайг ард түмэн нь “Хөөрхий минь, хар багадаа өнчирч хоцорсон юм. Эмэгтэй хүнийг арай дэндүүлж байгаа хэрэг биш үү. Энэ чинь манай улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч шүү дээ” гэж өмөөрч талцсангүй. Намынх нь гишүүд намын дарга асан бүсгүйгээ камерын өмнө өмөөрч “Энэ бол сөрөг хүчний явуулга. Пак Гынхэг хэлмэгдүүлж байна” гэж улстөржсөнгүй. Хууль сахиулагчид нь, тэр дундаа “Солонгосын прокурорууд” хэмээн шударга ёсыг сахиулж, авлигачдаа дарж чаддагаараа брэнд болсон прокурорууд нь улстөрчдийн гар, хөл болж захиалгат ажлыг нь гүйцэлдүүлсэнгүй. Харин тэд шударга ёсны төлөө ард түмэнтэйгээ нэгдэж, Пак хатагтайн найз, бас туслахуудыг нь баривчилж, Ерөнхийлөгчийг гэрийн хагас хорионд хийж чадаж байна.

Тэд Ерөнхийлөгчөө хамгаалж, улс төрийн ашиг сонирхол бүхий бүлэглэлүүдийн захиалгаар хөдөлж, цагдаа, ард түмэн хоёрыг мөргөлдүүлсэнгүй. Мөнөөх “Долдугаар сарын 1” шиг! Монголын улстөрчид, тэдний ойр тойрныхон авлига, албан тушаалын хэрэгт холбогдмогцоо гадаад руу зугтаж “Намайг хэлмэгдүүлж байна. Төд удалгүй эх орондоо очиж үнэн мөнөө шалгуулна” гэсэн захидал бичиж, төр, ард түмэн хоёроор даажигнадаг бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн найз нь асуудалд ормогцоо хаа холын Германаас өөрөө хүрээд ирчихэж л байна. Авлигач, адгийн шаар, бөө, өөр юу байдаг юм өнгөрсөн өдрүүдэд элдвээрээ хэлүүлсэн ч Чой Сун Шил гэх тэр бүсгүй онгоцноос буумагцаа хуулийнханд өөрийгөө хүлээлгэн өгч “Би буруутай” гэдгээ хэвлэлийнхний өмнө хэлж байна. Харин Монголын авлигачид тэгж хэлэх нь бүү хэл гадаад руу зугтаж, хар теньний цаана нуугдаж, Төрийн ордонд “Бүрэн эрх” хэмээх хамгаалалтаа босгодог. Өмнөд Солонгосын улстөрчид, авлигачид, хууль хүчнийхэн Монголынхоос ийм ондоо.

Харин Монголд… Төрд нь авлигын схем аль хэдийнэ бий болж, бүр жам ёсны тогтолцоо мэт болоод удаж байна. Улстөрчид албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын хэргээр саатуулагдах нь ердийн үзэгдэл мэт болов. Мөнөөх сүр дуулиантай баривчилгаанууд ч сонин биш боллоо. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хууль ёсны дагуу огцрохоо мэдэгдэж байхад Монгол төрийн бүх л өндөр албан тушаалыг хашиж байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй улстөрчид өөрсдийгөө “Хэлмэгдэгсэд” хэмээн хаацайлж, сэжиг бүхий зарим улстөрчид гадаадад Элчин сайдаар томилогдох жишээтэй. Улс төр дэх амин найзуудаас нь эхлээд ах дүү, хамаатан садан нь их хэмжээний мөнгө идэж уусан гэх хэрэгт сэжиглэгдэж, зарим нь ял сонсч, “Авлигын хэтэвч” нь өнөө хэр нимгэрээгүй атал тэд шударгаар хариуцлага хүлээхийн оронд төрийн өндөр эрх мэдлээ дахин олж авахыг хүсэмжилж байна. Энэ бол зөвхөн Монголд л болдог үзэгдэл биш байгаа! УИХ-ын гишүүдээсээ эхлээд Төрийн тэргүүнтэй нь холбоотой албан тушаал, авлигын гэмт хэргийн шинжтэй ноцтой баримт, мэдээллүүд сошиал ертөнц, хэвлэлүүдээр нэг ил болж байхад манай мяндагтнууд халдашгүй бүрэн эрхээрээ түрээ барьдаг. Үндсэн хуулиар тэдэнд тийм эрхийг олгосон учраас хууль хүчнийхэн нь ч зоригтой шалгаж чаддаггүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан саяхан телевизэд ярилцлага өгөхдөө “Н.Алтанхуяг “Цагаансуваргын ордыг Ерөнхийлөгч өг гэсээр байгаад өгүүлчихсэн” гэв. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн хавраас хойш “Амин хувийнх нь ашиг сонирхолд захирагдахгүй болохоор намайг Ерөнхий сайдаас огцруулж ойр дотныхныг минь хэлмэгдүүлж байна” гэж нэг бус удаа мэдэгдсэн.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд ч Ц.Элбэгдорж хийгээд Тавантолгой тойрсон ашиг сонирхлын бүлэглэлүүд Монголын баялгийг хэрхэн хувааж идэх талаар яаж хуйвалдаж, бүр Ерөнхийлөгчөө хүртэл энэ наймаанд оролцохыг ятгаж байсныг нэр устай нь зарлаж л байсан. “УИХ Монголын хилийн шугамыг 15 км-ээр багасгах заалт бүхий хуулийн төсөл хэлэлцэж байна. Хилийн заставыг нүүлгэж, хилийн цэргийг хилийн цагдаа болгох гэнэ” гэдэг дуулиан улс төрд дэгдэж, эрх баригчид энэ асуудал дээр зөрчилдөж буй энэ үед Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хилийн цэргийг цагдаа болгох саналыг Ц.Нямдорж гишүүн тавьсан” гэж хэвлэлээр дамжуулан мэдэгдлээ. Энд дурдсан бүхэн ноцтой биш гэж үү. Найрагч Х.Тэргэлийн хэлсэнчлэн Ц.Нямдорж агаа болон Монголын Төрийн тэргүүн, бас улстөрчид яг хэн юм бэ! УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдсан хуйвалдааны ард Ц.Элбэгдорж бий” хэмээн чуулганы танхимд зарлаж, С.Жавхлан “Ерөнхийлөгчийг нэн даруй огцруулах хэрэгтэй” гэж мэдэгдэж байгаагийн цаана ард түмний мэдэхгүй ямар ноцтой асуудлууд нуугдаж байгаа бол! Хэдэн жилийн өмнө Оюутолгойн гэрээ батлагдсаны дараахан зарим хэвлэлд “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэр бүл “Рио Тинто”-гоос санхүүждэг” гэх мэдээллийг зураг хөрөг, баримт юутай нь дэлгэж байсан ч Төрийн тэргүүн болон түүний гэр бүлийн зүгээс энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй. Тэрхүү мэдээлэл ч тэгсхийгээд дарагдсан. Ер нь Монголын улстөрчидтэй холбоотой ноцтой мэдээллүүд битгий хэл холбогдсон хэргүүд нь ч чимээгүйхэн замхардаг нь Монгол жишиг. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин АН засаг барих үед “Бизнес эрхлэгчдийг дарамталж авдаг авлигын мөнгө” хэмээн дөрвөн сая ам.долларын банкны баримт дэлгэж, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав өөрийнх нь нэрийг хэлээгүй байхад яаран цочин хариу өгч байсан явдал юу болов. Бас л нөгөө Монгол жишгийн дагуу нам дарагдав уу!?
Монголын прокурорууд Өмнөд Солонгосын прокуроруудаас юугаараа өөр вэ. Ингэж асуух цаг болжээ. Хэл, зүс өөр ч тэдний хувьд шударга ёсыг сахиулахын төлөө тангараг өргөж, ард түмний өмнө хүлээх ёстой үүргээрээ ав адилхан. Харин өндөр түвшний авлигачдыг ангуучилж, тэр хэрээрээ эрсдэлтэй нүүр тулдаг Өмнөд Солонгосын прокурорууд манай улсын прокурорууд шиг авдаг цалингаа чамлаж, хар тамхи, авлига, залилангийн хэрэгт холбогдож, албан тушаалтнуудад үйлчилдэггүйгээрээ ялгаатай. “Аав нь шүүгч, ээж нь прокурор, хүү нь мөрдөн байцаагч, охин нь хэрэг бүртгэгч” гэх цус ойртолтын бохир тогтолцоо Монголын хуулийн салбарын бодит дүр төрх. Тэд улс төр, бизнес дэх сонирхлын бүлэглэлүүдэд үйлчилж, тэр хэрээр дотроо фракци болон хуваагдаж, бизнесийнхнийг дарамталж, иргэдийн эрхэнд хууль сахиулах нэрийдлээр халддаг нь манай өнөөгийн нийгэмд нэгэнт тогтсон үзэгдэл. Улстөрчдийн уриа лоозон болгоод байдаг мөнөөх Үндсэн хуульд заасан эрхэнд нь халдсан, нэр төр, амь амьдралаар нь тоглосон хууль завхруулагч-шүүх, прокурор, цагдаагийнхныг иргэд тэр болгон илчилж чаддаггүй

Ард түмний татварын мөнгөөр цалинждаг, нэг талаас хууль зөрчигчдийг илрүүлж, тэмцэх үүрэгтэй ч нөгөө талаар хүний эрхийг хамгаалах учиртай хуулийнхны хууль бус үйлдлүүдтэй нийтээрээ тэмцэхээс эмээдэг. Бүр “Хууль, шүүхийнхнээр хамаагүй оролдож болохгүй. Тэд зууна” гэж айдаг. ОХУ-ын АТГ-ын дэд дарга асан нөхрийн гэрээс хэдэн сая ам.доллар олдсоныг хэвлэлийнхэн нь зураг хөрөгтэй нь дэлгэж байхад манай хэвлэлийнхэн тун саяхан авлига, залилангийн хэргээр баривчлагдсан прокуроруудын зургийг тавих нь байтугай нэрийг ч бүтэн бичихээс болгоомжилж байна. Хар тамхины хэрэгт холбогдсон прокурорын талаар хаа нэгтээ шинэ мэдээлэл гарна уу гэхээс биш шүүгч дүүтэй тэр нөхрийн хэргийг юуны учир ийн сунжруулаад байгааг сонирхож асуух хүн цөөн. Ийм бохир тогтолцоо аль ч нам төрийн эрхэнд гарч, авлигач Ерөнхийлөгч нь ардчилсан Ерөнхийлөгчөөр солигдлоо ч өөрчлөгддөггүй. Харин ардчилсан Ерөнхийлөгч нь “Авлигач Ерөнхийлөгч. Анд нөхдөө намнагч” гэгдтэлээ өөрчлөгдөж байна. АН-ын авлигачид, тэдний төрөл садан, ойр дотныхныг хуулийнхан шалгаж, шинэ баримт, мэдээллүүд ар араасаа ил болж байгаа энэ үед захирал асан залуу нь идэж уусан гэх хэрэгт сэжиглэгдэн хоригдож буй Хөгжлийн банкнаас зээл авсан нөхдийн олонхи нь МАН-ын гишүүдийн хувийн компаниуд болж таарав. АН эрх баригч, МАН сөрөг хүчин байхад бондын мөнгийг захиран зарцуулах эрхийг Хөгжлийн банкинд олгож, нам намын олигархиуд нэг нэгнээсээ дутахгүйгээр хүртсэн нь ийнхүү ил болж байна. Тиймээс УИХ-ын байнгын хороонд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтынхаа талаар ажлын хэсгийнхэн өчигдөр мэдээлэл хийх байсан ч тав хоногоор хойшлуулсан нь сонин биш гэж үү.

Энэ мэтчилэн Монгол, Өмнөд Солонгосыг харьцуулах зүйл нэн олон. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ашиг сонирхлын зөрчилтэй нь “баригдаж” огцрохоо мэдэгдсэн бол Монголын авлигачид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж эхлэв. Шүгэл үлээгч Ц.Бат инженерийн зүгээс өчигдөр сошиал ертөнцөд нэгэн аймаар сигнал өгснийг эцэст нь онцолъё. Тэрбээр “Монголын нийгмийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг шүүхийн гадуурх “ял”-аар тогтоон барихыг оролдож байна. Хууль шүүх, хэвлэлийнхэн хүний эрхийн эсрэг хэргээс илүүтэйгээр эдийн засаг, албан тушаалын хэргүүд рүү хошуурч байна. Ашигтай, унацтай учраас тэр” хэмээн жиргэжээ. Харин зарим нөхдийн зүгээс “Монголын хууль хүчнийхэн хэдхэн гэр бүлийн шунал хүслийг гүйцэлдүүлэх захиалгат ажиллагааг гүйцэлдүүлж байна” гэх мессэжийг интернэтээр цацаж эхэллээ. Үнэхээр Монголд яг юу болоод байна вэ! Цалинг нь нэмээд ганц ч хоноогүй байхад прокурорууд нь авлига, залилангийн хэргээр саатуулагдаж, “Цагаан тахал” гэж дэлхий нийт жигшиж байхад Монголын прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гынхэ “Би намаа дөрвөн удаа сонгуульд ялуулсан. Намайг авраач” гэж намынхнаасаа тусламж гуйгаагүй бол Монголын улстөрчид “Нам намайг хамгаална” гэсэн хачин инстинкттэй. Тэд улс төр, бизнес дэх ашиг сонирхлын сүлжээгээрээ дамжуулж хүссэн зүйлдээ нөлөөлж чаддаг далд хүчтэй. Харин Пак хатагтайд тохиолдож буй явдал бол БНСУ-д анх удаа болж буй юм биш. Түүнээс өмнө Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зарим хүн авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бус явдалд холбогдож амиа хорлож байсан удаа ч бий.

 

С.Баттулга

АНАЛИЗ.МН

 


URL:

Сэтгэгдэл бичих