Их сургуулийн захирлууд улс төрөөс хараат “утсан хүүхэлдэй” болно

5050

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг саяхан өргөн барьсан. Боловсролын тухай хуульд бид үе үе  нэмэлт, өөрчлөлтүүдийг хийдэг ч энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг дахин  харах хэрэгтэй гэдгийг боловсролын салбарынхан хэлж байна. Тэдний олонх нь дээд боловсролын байгууллагуудыг улс төрөөс ангид, бие даасан байдлаар хөгжүүлэх нь улс орны хөгжилд хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

5051

Хамгийн сүүлд бид 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн өмчийн их сургуулиудыг улс төрөөс хараат бус болгох бодлогыг баримталсан. Өөрөөр хэлбэл,  Засгийн эрх барьж байгаа нам, улс төрийнхөн төрийн өмчийн их сургуулиуд руу “бялуу хуваах” сэтгэлгээгээр ханддаг байсныг өөрчилж, дээд боловсролын байгууллагыг засаглалын зөв хэлбэрт оруулах гэж хичээсэн. Бүр тодруулбал, төрийн өмчийн их сургуулиудын захирлыг сайд томилдог байсныг болиулж, Удирдах зөвлөл нь томилдог.  Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд  УИХ-ын гишүүд, сайд нарыг оруулахгүй байхаар зохицуулж өгсөн. Дээд боловсролын байгууллага бол Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйлсийн нэг. Тиймдээ ч энэ нь  их сургуулиудын засаглал, түүний тогтвортой байдал, бодлогын залгамж халааг бодолцож хийсэн хуулийн зохицуулалт байв. Өмнө нь  их сургуулийн захирлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд томилдог байсан тогтолцоо нь их сургуулийн засаглалыг шууд улс төртэй холбодог байсан. Ингэснээр их сургуулийн захирлын томилгоо нь тухайн сургууль, эрдэмтэн судлаачид, багш нарын дунд албан тушаалын төлөөх “дайн” зарладаг, хамт олныг талцуулан тэмцэлдүүлэхэд хүргэдэг, санал авахын тулд “хор найруулдаг” захирлын сонгон шалгаруулалтад ялахын тулд улс төрийн нам, хүчин, албан тушаалтны дэмжлэг  хайдаг, ингэснээрээ их сургууль руу улс төрийг татан оруулдаг гэх мэтээр ёстой л өнөөх боловсролын салбарын гажуудлыг үүсгэдэг байв. Мөн их, дээд сургуулийн захирлууд сайдтай гэрээ байгуулдаг учраас Удирдах зөвлөл нь захиралтайгаа ямар ч хариуцлага тооцох боломжгүй. Удирдах зөвлөл нь өөрөө засаглалын дээд байгууллага  хэрнээ буцаад гүйцэтгэл хийж байгаа захиралтайгаа хариуцлага тооцох боломжгүй байсан. Тиймээс салбарын сайд захирлыг томилохоо больж, Удирдах зөвлөл нь томилдог тогтолцоог бүрдүүлсэн хэрэг байв.

Хуучин мөрдөж байсан хуулиар Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл  51-60 хувийг бүрдүүлдэг байсан. Үүнийг төрийн бус өмчийн сургуульд 60 хувиар, төрийн өмчийн сургуулиудад 30 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байхаар зохицуулж өгсөн.  Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөлд байгаа үүсгэн байгуулагчийн төрийн төлөөлөл 30 хувь болж, хоёр дахин буураад эсрэгээрээ хараат бус гишүүдийн төлөөлөл 40 хувь болсон. Хараат бус гишүүд гэж ямар хүмүүсийг хэлэх вэ гэхээр улс төрийн албан тушаал хашдаггүй, эдийн засаг болоод оюуны хувьд тухайн сургуульд маш том хэмжээний хөрөнгө оруулалт дэмжлэг хийх чадвартай, оруулж ч байсан тийм хүмүүс байх юм. Жишээ нь, МУИС гэхэд байгалийн шинжлэх ухааны салбарт ч юмуу, нийгмийн шинжлэх ухааны салбарт ямар ямар түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх вэ гэдгээ өөрсдөө шийдэж, Удирдах зөвлөлд орох хүмүүстээ тодорхой хэмжээний шалгуураа тавиад, тодорхой хэмжээнд танигдсан нийгмийн зүтгэлтэн, ямар нэг улс төр рүү ороод байхгүй, хувийн эрх ашиг хөөгөөд байхгүй жинхэнэ утгаараа тэр сургуулийн эрх ашиг, хөгжлийг харж чадах ийм хүмүүсээр 40 хувийг нь бүрдүүлнэ. Үүний дараа багш, оюутны төлөөлөл 20, төгсөгчдийн төлөөлөл 10 хувь байна. Ингээд Удирдах зөвлөлийг бүрдүүлж байгаа төлөөллийг маш тодорхой болгож өгсөн. Хоёрдугаарт, Удирдах зөвлөл төсвөө баталдаг, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлдог дээр нь нэмээд  сургуулийн захирлыг өөрсдөө томилдог байх алсыг харсан, тооцоо, судалгаатай хийгдсэн зохицуулалт байв.

“БЯЛУУ ХУВААХ АРГА” БУЮУ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УХРАЛТ

Харамсалтай нь, Ж.Батсуурь сайдын өргөн барьж буй энэ хуулийн төслөөр энэ бүх зохицуулалтыг үгүй хийж, дээд боловсролын байгууллага буцаад улс төрийн тоглоомд хутгалдаж, их сургуулиуд эргээд улстөржсөн, талцсан, тэмцэлдсэн засаглалын хувьд эрүүл бус тогтолцоотой болох гэж байна.  Энэ удаа эрхэм сайдын “Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг Боловсролын тухай хуульд заасан  51-60 хувь байснаас 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө ашиглах, хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна” гэсэн тайлбар нь их сургуулийн бие даасан тогтолцоог үгүй хийх гэсэн, нам улс төр, танил тал, харьяалалын хүнээ их сургуулийн захирлын албан тушаалд томилж, өөрийнхөө багийг бүрдүүлэх гэсэн ядмагхан гаргалгаа гэдэг нь харагдаж байна.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ УЛС ТӨР, НАМ ЭВСЭЛТЭЙ ХУТГАХАА БОЛЪЁ.

Мэдээж, оюутнууд бол сонгогчдын маш идэвхтэй бүлэг. Энэ идэвхтэй бүлгийг өөрсдийнхөө хамааралд байлгахыг аль ч нам хүсдэг.  Хамгийн гол нь нам эвслийн эрх ашгаас илүү дээд боловсрол шинжлэх ухааны урт хугацааны хөгжлийг харсан хуулийн төслийг боловсруулах хэрэгтэй юм.

Боловсролын тухай хуулийн 2002 оны нэмэлт өөрчлөлтөөр боловсролын асуудал эрхэлсэн сайдад их сургуулийн захирлыг томилох эрх мэдлийг шилжүүлсэн нь Удирдах зөвлөлийг үндсэн утгаар нь үгүй хийсэн  төдийгүй их сургуулийн захирал нь улс төрийн “утсан хүүхэлдэй” болж, их сургуулийн удирдлага улс төрөөс шууд хараат болж байсан.

Өмнө нь энэ талаар улсын сургуулиудын эрдэмтэн багш нар олон ч удаа дуугарч, сонин хэвлэлээр ч элдэв нийтлэл их гарч байсан. Их сургуулийн бие даасан байдлыг хангаж улс төрөөс хэрхэн хараат бус болгох вэ. Их сургуулийн доторх улстөржилтийг хэрхэн намжаах вэ гээд олон ч хүн ухаанаа уралдуулж, мөн багагүй судалгаа хийгдэж байж, их сургуулийн засаглалын тогтолцоог  арай гэж эрүүл тогтолцоотой болгох гэж хичээсэн. Мөн боловсролын салбарт үүсээд байсан энэ гажуудлыг засахад, их сургуулийн засаглалыг бие даасан, тогтвортой хэлбэрээр хөгжүүлэхэд Америкийн их сургуулиудын засаглалын систем хамгийн шилдэг загвар болно гэдгийг судлаач, доктор Л. Мөнх-Эрдэнэ ч бас олон удаа ярьсан байдаг.  Эцэст нь хэлэхэд, боловсролын салбарт нам улс төрийн эрх ашгаас илүү дээд боловсролын салбарын цаашдын хөгжил, бие даасан засаглал туйлын чухал. Боловсролын салбарыг улс төртэй хутгахаа больё.

Б.ЭНХТУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Зочин Огноо: 30 November 2016

Мөнх-Эрдэнэ чинь МУИС-ийг сөнөөх юм хийсэн шүү дээ. Сайд ямар удаант муу ажиллаж байна? Бушуухан Сөнөсөн их дээд сургуулиудаа өөд татаач

Сэтгэгдэл бичих