Ганцхан грамм мөнгөн ус 20 га-г хордуулдаг бол 64.4 кг…?
Ганцхан грамм мөнгөн ус ууршихдаа 20 га хүртэл талбайг бохирдуулдаг гэж энэ хорт бодисын тухай багагүй хугацаанд судалсан эрдэмтэн өгүүлжээ. Тэгвэл 64.4 кг мөнгөн ус агаарт дэгдэн ууршвал юу болох вэ? Баянгол дүүргийг, Улаанбаатарыг тэр чигт нь…, юу вэ бодохоос ч аймшигтай.
Учир юу гэвэл, өнгөрөгч даваа гарагт Замын цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтын ажиллагаа явуулж байх үедээ “Range Rover” маркын автомашиныг зогсооход тус машинд ОХУ-ын болон манай улсын гурван иргэн 64.4 кг мөнгөн ус тээвэрлэж явсан нь илэрсэн юм.
Хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулах хортой мөнгөн усыг хууль бусаар гар аргаар алт олборлогчид ашигладаг байна. Зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор маш бага хэмжээгээр ашигладаг энэхүү бодисыг гар дээрээс шууд худалдан борлуулах нь хориотой. Өнгөрөгч 2015 онд их хэмжээний мөнгөн ус худалдан борлуулах гэсэн нэг тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Харин энэ онд энэ удаагийн үйлдлээс өмнө бага хэмжээний мөнгөн ус гар дээрээс худалдан борлуулахыг завдсан хоёр тохиолдлыг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгасан байна.
Мөнгөн ус нь тасалгааны температурт шингэн байдаг цорын ганц металл бөгөөд металлтай нэгдэж амальгам үүсгэдэг ба энэ шинж чанарыг ашиглаж уул уурхайн салбарт хүдрээс металлыг ялгаж авахад хэрэглэдэг аж. Мөнгөн усны уур нь маш хортой бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээдэг, хүний биед орсон тохиолдолд амьсгал давчдуулж, амьсгалахад хүнд болох, толгой өвдөх, булчин татах, цуллаг эрхтнүүд, тэр тусмаа элгэнд хуримтлагдаж гэмтээх, хорт хавдар үүсгэх зэрэг аюултай байдгийг анагаахын шинжлэх ухаан тогтоожээ. Мөн арьс, салстад хүрсэн тохиолдолд түлж, шархлуулах, арьсаар нэвчиж хүний биед орох аюултайг анхаар.
Мөнгөн ус /Hg/ гэсэн тэмдэглэгээтэй энэ бодис химийн үелэх системийн 80 дахь элемент. Хүний эрүүл мэнд, амь насанд маш аюултай. Анх алт угаах зориулалтаар 1550 онд Африкт ашиглаж эхэлсэн. Гэхдээ 1956 онд Японы Кюшү арлын Минимата хотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн химийн үйлдвэр хог хаягдлаа далай руу хаядаг байснаас тэнд амьдарч, далайгаас хоол хүнсээ залгуулдаг байсан олон мянган япон иргэн мөнгөн усанд хордож амь насаа алдсан харамсалт түүх бий. Минимата гэж нэрлэгдсэн уг өвчин нь метилийн мөнгөн уснаас үүдэлтэй, төв мэдрэлийн системийг эмгэгшүүлж, генийг гэмтээн удамшдаг хорт, аюулт өвчин аж. Энэ цагаас хойш дэлхийн орнуудад алт угаахад мөнгөн ус хэрэглэхийг хориглосон гэдэг. Гэвч 60 жилийн турш тэр шийдвэр хэрэгжсэнгүй.
Манай улсад ч нэгэн сумын иргэд, мал ахуйтайгаа мөнгөн ус, цианитад хордож “Хонгорын хордлого” гэж нэр бий болсон. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэсэгтээ шуугиж, дарга нар үгүйсгэсэн байдалтай байсаар энэ асуудал намжсан байдаг. Гэхдээ энэ тухай энд дэлгэрүүлэн үл өгүүлэх юм.
Их хэмжээний мөнгөн ус авч явахдаа саатуулагдсан ОХУ-ын иргэн Ч, Монгол Улсын иргэн Ц, О нар мөнгөн усыг бусдад худалдаж шиг олох зорилготойгоор тээвэрлэж явсан гэж мэдүүлээд байгаа аж. Тэдний тээвэрлэж явсан химийн хорт бодисыг түр хурааж, саармагжуулан аюулгүй болгох ажиллагааг мэргэжлийн байгууллагын алба хаагчид гүйцэтгэсэн байна. Харин их хэмжээний хорт бодис хууль бусаар авч явсан гурван иргэнд Эрүүгийн хуулийн 241 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 2141.1 Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Уг хэрэгт холбогдогчдын олонх нь ашиг олохын тулд гэж мэдүүлжээ. Иймд амар хялбар аргаар мөнгө олох зорилго өвөрлөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, амьдралыг эрсдэлд оруулан хориотой, хорт бодис тээвэрлэх, зарж борлуулахыг завдах зэрэг болчимгүй үйлдэл бүү хийгээч, та минь.
URL: