Сирийн чөлөөт армийн эсрэг химийн зэвсэг хэрэглэжээ

1201611291480355551“Исламын улс” бүлэглэлийн террористууд Сирийн сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэжээ. Сирийн чөлөөт армийн дайчид улсынхаа хойд нутагт химийн зэвсэг бүхий дайралтад өртсөн байна.

 

Сирид химийн зэвсэг ашиглагдсан талаар Туркийн Ерөнхий штабаас мэдээлээд энэ нь эхний тохиолдол бишийг хэллээ. Террористууд хориотой зэвсэг хэрэглэсэн хэрэг өмнө нь ч гарч байв. Харин Барууныхан үүний хариуцлагыг Башар Ассадын Засгийн газарт тохдог аж. Ерөнхий штабынхаа өгсөн мэдээллийн дагуу Туркийн “Andalou” мэдээллийн агентлаг мэдээлэхдээ “Сирийн чөлөөт армийн 22 цэрэгт хордлогын шинж тэмдэг илэрчээ. Тэд сөрөг хүчнийхэн “Исламын улс” бүлэглэлийн дайралтад өртөх үеэр хорт хийнд хордсон байна” гэжээ.

 

“Исламын улс” бүлэглэл 2014 оноос хойш Сири, Иракт 50-иас илүү удаа химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдож байв. Гэвч олон улсын мэргэжилтнүүд, холбогдох байгууллагынхан болон Барууны хэвлэл мэдээлэл энэ асуудлыг тодруулах гэж яаралгүй бүх бурууг Башар Ассад руу чихсээр өдийг хүрсэн гэдгийг Сирийн хөрш орон Туркийн хэвлэлүүд онцолсон байлаа.Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Сирийн Алеппо хотод болсон химийн дайралтыг олон улсын шинжээчид тоолгүй өнгөрчээ. Террористууд Алеппод химийн зэвсэг хэрэглэсэн асуудлаар зөвхөн Оросын тал шалгалт явуулж байгаа аж. Химийн зэвсгийг хориглох байгууллага уг бүс нутаг руу шинжээчдээ явуулаагүй гэнэ. Өмнө нь шинжээчид очлоо ч энгийн иргэд химийн зэвсгэнд хордсон асуудлыг хэрэгсэлгүй өнгөрдөг байжээ. ОХУ Сирийн дөрвөн иргэнийг тусгай лабораторид аваачин шинжилгээ хийх аж.

 

Алеппо дахь хяналтын төвд өнгөрсөн долоо хоногт энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн 20 мэдээлэл очсон байна. Хорт хийг цэргүүд ч ашигласан байж магадгүй аж. Алеппо хотыг эзэлж авах оролдлого хийсээр байгаа террористууд хорт хийгээр буудсан байна. Түүнчлэн Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг дэглэмээ авч үлдэхийн тулд ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласан гэж хүний эрхийн байгууллагууд буруутгадаг билээ.

 

“Исламын улс” бүлэглэл Сири, Иракт химийн зэвсэг хэрэглэсээр байна. Иракийн Мосул хот дахь АНУ-ын агаарын цэргийн бааз руу харвасан тэдний пуужинд их хэмжээний химийн бодис агуулсан байв. Хэт даврагчид Ирак дахь Курдийн дайчдын эсрэг химийн зэвсэг ашигласан 20 гаруй тохиолдлыг үүнтэй хамт баримтжуулсан байдаг. Эдгээр тохиолдлын дөрөвний нэгт нь иприт ашигласан байжээ. Энэ хий нь хүний арьс, нүд болон амьсгалын замыг түлж, амь насанд нь аюул учруулдаг.

 

О.САША

 


URL:

Сэтгэгдэл бичих