Д.Зоригтод Оюутолгойн гэрээг өөрчлөх даалгавар өгч дэд сайдаар томилох уу

 

 527-14676177661205010001772_gs said_zorogt
“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлын тохироо эрх баригч намын фракци хооронд бүтэн сар гаруй дуншсаны эцэст Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан Х.Бадамсүрэнг тус албан тушаалд томилох шийдэлд хүрсэн. Ингэснээр дэд сайдын суудал эзэнгүйрэв. Х.Бадамсүрэнгийн нэр “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар яригдаж эхлэхтэй зэрэгцээд дэд сайдын суудлын төлөөх марафон эхэлсэн нь нууц биш. Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилно гэх мэдээлэл ч яваад амжив. Гэхдээ энэ тийм ч амархан шийдэгдчих асуудал биш. МАН яамдын дэд сайд нарыг томилохдоо Удирдах зөвлөлөө хуралдуулж, санал хураалтаар сонгон шалгаруулалт хийсэн болохоо зарлаж байсан нь саяхан. Одоо ганц сайдын томилгоо дээр намынх нь Удирдах зөвлөл хуралддаггүй юмаа гэхэд удирдлагын түвшинд нухацтай ярилцах нь тодорхой.
Дараа нь Засгийн газрын хуралдаанаар орж баталгаажна. Одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдад ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын нэр яригдаж байна. Эндээс хамгийн хүчтэй нөлөөлөлтэй нь Т.Бадамжунай. М.Энхболдын фракцийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг Т.Бадамжунай “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд яригдаж байсан ч 49 хувийг эзэмшигч талтай худ ургийн холбоотой тул намаас нь болгоомжлол үүсгэснээр мултарсан.
Ерөнхийдөө сонгуулиас хойшхи МАН-ын бялуу хуваалтын гол ажлыг эмхэлж, охин нь Төрийн өмч, бодлого зохицуулалтын газар орчихоод байтал өөрөө хоосон хоцроход хүрээд байгаа нь аз уу, эз үү гэх асуулт дагуулна. Түүнд хангалттай сайн албан тушаал ногдуулах өрөнд нам нь уначихаад буй тул энэ эрчээрээ дэд сайдаар сонгогдох ч магадлалтай. Гэхдээ богино хугацаанд М.Энхболдын дэмжлэгээр ерөнхий менежерээс УИХ-ын гишүүн, улмаар Засгийн газрын танхимд орж ажилласан Т.Бадамжунайг намын нөхөд нь мэргэжлийнх нь чадамжийн үүднээс “голсон” сурагтай. Харин түүний оронд Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг дэд сайдаар томилуулах асуудал нам дотор нэлээд хүчтэй яригдаж буй аж. Учир нь, С.Баярын Засгийн газрын үед Д.Зоригт танхимынхаа хамгийн залуу гишүүн нь байж, Оюутолгойн гэрээ зурагдах үйл явцад оролцсон хүн.
С.Баяр, Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж явсан Д.Зоригт бүр сайд болохоосоо өмнө Тавантолгой, Оюутолгой төслийн томоохон ажлын хэсгүүдэд багтаж, “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж, ах нартаа “тоогдсон” байдаг. МАН-ын залуу сэхээтнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Д.Зоригт улстөр судлаач, хуульч мэргэжилтэй. Орос, япон, англи хэлтэй. Тиймээс ч МАН-ын гишүүд Оюутолгойн гэрээ хэрхэн зурагдсаныг маш сайн мэдэх, боловсролтой сэхээтнээ салбар яам руу  нь илгээхээр ярилцаж байгаагаа нуухгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Д.Зоригтод намынх нь нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг өөрчлүүлэх даалгавар өгч, Уул уурхайн дэд сайдаар томилох асуудлаар лобби хийж байгаа аж. Эдийн засаг хямралтай буй энэ үед Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах замаар төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, нэмэх оноо авах хүсэлтэй гишүүд олон бий.
Эдгээр гишүүд Д.Зоригтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох асуудалд онцгой анхаарч буй бололтой. Гэхдээ өнөөгийн нөхцөлд Д.Зоригтын ард том нөлөөлөл байхгүй. Мөнхүү нөгөө талд УИХ-ын гишүүн асан Д.Загджав яригдаж байгаа ч тодорхой мэдээлэл алга байна. Дэд сайдын томилгооны эцсийн шийдлийг Засгийн газар бус намын удирдлагын түвшинд шийднэ. Гол өрсөлдөөн Т.Бадамжунай, Д.Зоригт нарын дунд явагдах нь ч тодорхой байна. Нөлөө ихтэй нь үү, том даалгавар өгөх замаар мэдлэгтэйг нь явуулах уу гэсэн хоёр сонголт байна. Үүнтэй зэрэгцээд хотын фракцийн нөлөөг яг өнөөгийн түвшинд ямар байгааг харах боломж нээгдэж буйг ч онцлууштай.
Ж.МЯДАГБАДАМ medee.mn

URL:

Сэтгэгдэл бичих