Халтиргаа, гулгаа үүсдэг газруудад давс хадгалах цэг байгуулав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж, дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагууд болон хороод, Нийтлэг үйлчилгээний газруудад цас, мөс арилгах ажлыг долоо хоногийн хугацаатай эрчимжүүлэхээр тогтсон билээ.
Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн хэмжээнд цас, мөс арилгах ажлыг дахин зохион байгуулав. Дүүргийн Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваагийн үүрэг даалгаврын дагуу нийт 816 аж, ахуйн нэгж байгууллага, 1023 хүн 34,680 метр квадратталбайг цэвэрлэв.
Харин дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хариуцан ажилладаг Нийтлэг үйлчилгээний газрууд нийт 40821 метр авто зам, 16267 метр явган хүний замыг 257 хүний оролцоотой цэвэрлэлээ.
Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 318,9 тонн цас, мөсийг 49 машинаар ачиж тээвэрлэсэн байна. Өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 141.8 давс, 85.1 бодис цацсан бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн 80 гаруй хувийн цас, мөсийг цэвэрлээд байна.
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас цас, мөс цэвэрлэх ажилд онцгой анхааран ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран халтиргаа, гулгаа үүсдэг газруудад давс хадгалах цэг байгуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил боллоо гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: