Японы мөсөн талбайд хүмүүсийг татахын тулд 5,000 загас хөлдөөжээ
Японы Китакюшу хотын “Space World” парк үйлчлүүлэгчдийг татахын тулд мөсөн талбайн доор 5,000 загас хөлдөөжээ. Энэхүү дэлхийн анхны “амьд” талбай олон үйлчлүүлэгч татсан ч түүнээс их хүнээс шүүмжлэл хүртсэн тул мөсөн гулгуураа хаасан байна.
Паркийн зүгээс хүмүүст хөлдсөн голын мөсөн дээр гулгаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн гэнэ. Тэд хар амар загас, хар хайган загас, хэдэн төрлийн хавчаар “hello” буюу “сайн байна уу” гэсэн үг бүтээж, хэд хэдэн дүрс үүсгэсэн байжээ.
Харин үүнийг япончууд шүүмжилж паркийн ажилтнууд бүдүүлэг, хэрцгий, нинжин сэтгэлгүй, ёс суртахуунгүй байгааг гайхаж буйгаа бичжээ. Тодруулбал, “хөлдүү загасан дээр гулгах яагаад хөгжилтэй байна гэж”, “ийм төрлийн санаа Японд энгийн зүйл болсонд харамсаж байна” зэргээр олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл үлдээсэн байна.
Түүнээс гадна үхсэн загаснуудын ам ангархай байсан тул загасыг амьдаар нь хөлдөөсөн ч байж магадгүй гэсэн цуу гарсан аж.
Ийнхүү “Space World”-ийн Фэйсбүүк хуудас шүүмжлэл, гомдол, мөсөн гулгуурыг хаах шаардлагаар дүүрчээ. Үүний улмаас тэд хавар хүртэл ажиллуулахаар төлөвлөж байсан мөсөн гулгуураа хаахаар болсноо өчигдөр зарласан байна.
Түүнчлэн загасыг худалдаж авах үед хэдийнэ үхсэн байсныг хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
URL: