“САУСГОБИ”-ГИЙН ТОЛГОЙГ ИЛСЭЭР Л БАЙХ УУ

0998ada42dfe671d1db903b3ab5a9c4c07eadb26Өмнийн говьд “Саусгоби сэндс” гэж нэг дийлддэггүй компани бий. Татвараас зайлсхийсэн асуудлаар хоригдсон захирлыг нь суллаж, харин татварт 35 тэрбум төгрөг нөхөн төлж, улсыг хохиролгүй болгох шийдвэр шүүхээс гаргасан. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, уул уурхай хямралтай нөхцөл байдлыг харгалзсан төрийн шийдвэр. Гэвч энэ компани өрөвдөхөд өр өшиглөнө гэгчээр өр төлбөрөө төлөх нь бүү хэл сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой”-д чинь хөлсөөр олборлолт хийж тэрүүгээрээ төлье гэсэн шигээ данайж суудаг болжээ.

Овоот толгойд олборлолт явуулдаг энэ компаниар өндөр чанарын коксжих нүүрсний их нөөцтэй Таван толгойгоо тендергүйгээр ухуулах шийдвэрийг бүр Засгийн газраас тогтоол гаргаад зөвшөөрчихсөн. Тодруулж хэлбэл зуун хувь Хятадын хөрөнгө оруулалттай энэ компани төр засгийн ивээлд багтчихаад өнөөг хүртэл Монголын нүүрсийг урд хил рүү зөөж мөнгө олсон шигээ сууна. Татварын өртэй компани тендергүй ажил хийж өрөө төлдөг юм бол Монголын энэ олон компани нөгөө хувцасны компани ч гэсэн төрийн албан хаагчдын хувцсыг оёж өгөөд өрнөөсөө гаръя гэж барьцах нь аргагүй. Татвараас зугтацгаагаад, төлөх болохоороо тендергүй ажил авч төлнө гээд л амар ч юм бишүү.

Уг нь энэ компанийн толгой болох “Саусгоби ресурсес“ өмнө нь Торонто, Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан юм. Одоо бол ганцхан Хонгконгийн биржид л бүртгэлтэй. Канадын “Айвенхоу майнз” эзэмшлийн хувьцаагаа урд зүгийн наймаачдад зарснаар “Саусгоби”-гийн хөрөнгө оруулагчид 100 хувь хятадууд болсон юм. “Саусгоби сэндс”-ийн хувьд“Саусгоби ресурсес“-ийн охин компани. “Саусгоби”-гийн мэдэлд нийлээд 600 сая тонн нүүрсний нөөцтэй Овооттолгой, Цагаантолгой, Сүмбэрийн орд газар багтаж байгаа. Компанийн дээд удирдлагад Нингчао Ли, Аминбөх, Юүлан Гуо, Жу Лью, Жин Лан Куан гэх мэт урд зүгийн бизнес эрхлэгчдийн нэр дуулддаг. Үндэсний компаниа хэдхэн саяын татварын өртэй байхад л дансыг нь хааж төмөр нүүрээ харуулдаг төр засаг 35 тэрбум төгрөгийн татварын өртэй Хятадын хөрөнгө оруулалттай энэ компанид яагаад ч юм хатуурхаж чаддаггүй. Ингээд төр ба “Саусгоби” -гийн харилцаа төдийгөөс өдий хүртэл яаж өрнөж ирснийг он дарааллаар нь харцгаая.
 
2012 он. “Саусгоби”-гийн дураараа авирлал хэвлэлийнхний анхааралд аль хэдийнэ орчихсон байв. УИХ-ын зарим гишүүн энэ компанийг мэдэлдээ байсан 28 тусгай зөвшөөрлийг гадныханд дур мэдэн худалдаж, хувьцааныхаа 71 гаруй хувийг “Чалко”-д өгсөн гэж буруутгаж байлаа. “Саусгоби”-гийн удирдлагууд Цагаантолгойн нүүрсний уурхайгаа “Модун ресурсес”-т худалдах шийдвэр гаргалаа хэмээн мэдэгдэж байв. Өдгөө Таван толгойн нүүрсийг үнэгүй шахуу авч байгаа Хятадын “Чалко” компани “Саусгоби”-гийн Овооттолгойн ордын тусгай зөвшөөрлийг худалдаж авах сонирхлоо энэ үеэр илэрхийлсэн юм.
Өнөөдүүл нь ч за зүй гээд жигтэйхэн дуртай байсныг тухайн үеийн хэвлэлийн шарласан хуудас гэрчилнэ. Бизнесийн энэ үйл явцад Монголын Засгийн газрын оролцоо ямар ч хамаагүй гэсэн бардам, дээрэлхүү мэдэгдлийг урд зүгийн компаниуд хэлж байсныг онцлохгүй орхиж болохгүй. Гэхдээ Овоот толгойн хувь заяа мэдээж тэдний хүссэнээр эргээгүй.
2013 он.
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар ашигт малтмалын 107 тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шалгах үеэр “Саусгоби”-гийн хууль бус үйлдлүүд анх удаа олонд ил болсон юм. Ашигт малтмалын хуулиар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуул хийх үүрэгтэй. “Саусгоби сэндс” тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байсан ч Монголын хуулийг биелүүлээгүй. Уг нь АМГ “Саусгоби”-гийн дөрвөн тусгай зөвшөөрлийг ийм шалтгаанаар цуцлах дүгнэлт гаргаж байж.
Гэвч Д.Батхуяг, Л.Даваацогт хоёр тусгай зөвшөөрлийг нь цуцлах үүргээ биелүүлээгүй. Шалтгаан нь тодорхой. Дөрвөн тусгай зөвшөөрлийнх нь нэгийг авлигад авч үлдсэн гурвынх нь эрхийг сэргээсэн түүхийг хэвлэлийн хуудаснаас харж болно. Д.Батхуяг авли¬гад авсан лицензээ найз С.Жаргалсайханыхаа “Зэлэм” ком¬панийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Авлигад өгсөн талбай нь Өмнөговь аймгийн Гур¬вантэс, Ноён сумын нутагт орших Хайрхан толгой нэртэй 72499 гектар, 42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй орд юм.
2014 он.
Хууль хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэх шалтгаанаар тус компанийн хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгов. Жишээ нь, “Саусгоби сэндс”-ийг 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг сэжигтнээр татаж байв.
“Саусгоби”-гийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нар яг ийм шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөөд нутаг руугаа “зугатсан” жишээ бий. Шуудхан хэлэхэд мөрдөн байцаалтаас оргосон гэсэн үг. АТГ-ын мөрдөн байцаагчид “Тэдний энэ үйлдлээс болж хэрэг шалгах явц гацаанд орсон” гэж мэдэгдэж байв. “Саусгоби” мөнгө угаасан хэрэгтээ Монголын хэд хэдэн томоохон групп, компанийг хөлдөө чирч болзошгүй гэсэн мэдээлэл ч тухайн үед цацагдаж байлаа.
2015 он.
Компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад өршөөл үзүүлэв. Жастин Каплагаас гадна тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажуком, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер асан Кристобэл Ж.Дэвид нарыг Татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан 30 сарын турш шалгасан юм. Жастин захирал Хиларион Кажукомтой бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг.
Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.1 жилийн хорих ял, Хиларион В.Кажукомд 5.6 жил, Кристобэл Ж.Дэвидэд 5.1 сарын хорих ял оноосон юм. Тэдний буруутайг Монгол улсын шүүх тогтоосон гэсэн үг. Жастин Каплагийн хувьд буруутайгаа хүлээн зөвшөөрч давж заалдахгүйгээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсч байв. Гэхдээ тэр Монголд учруулсан 35 тэрбум төгрөгөө эргэн төлөх нөхцөлтэйгөөр төрийн тэргүүний уучлалд багтсан билээ. Харамсалтай нь, Капла Монголыг хохироосон 35 тэрбум төгрөгийг өгөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Шүүх мэдээж төлөх ёстой мөнгөө төл гэсэн шийдвэр гаргаад байгаа.
 
2016 он.
“Саусгоби сэндс” компани 35.3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөгөөр хагаслан төлж, үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийн өрийг төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавив.
Засгаас энэ хүсэлтийг нь тогтоол гарган баталгаажуулаад зогссонгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгах шийд гаргасан юм. Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар энэ шийдвэрт эгдүүцэн “Саусгоби сэндс-ийн толгой нь Хятад компани. Гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд “Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчихлөө” хэмээн мэдэгдэж байв.
                                                                                       Ц.ТҮВШИН
 http://todaynews.mn/ns/4803

 


URL:

Сэтгэгдэл бичих