В.Путин ард түмэндээ онигоо ярьж өгчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч сар бүр иргэдтэйгээ шууд эфирээр уулздаг уламжлал тогтоогоод байгаа билээ. Ээлжит уулзалт “Россия 1” телевизийн эфирээр шууд явагдлаа. В.Путин энэ үеэр төр барьсан жилүүдийнхээ хамгийн гол үр дүнгийн нэгээр аллага хядлагатай хийж буй тэмцэл гэж үздэгээ илэрхийллээ. Тэрээр “Тэмцэл хараахан дуусаагүй байна. Гэхдээ бид алан хядагчдыг зүйрлэж хэлбэл нурууг нь хугалсан. Тэгэхээр төгсгөл нь ойлгомжтой” гэжээ. Ерөнхийлөгч Холбооны их хуралд ажлаа тайлагнахдаа “ОХУ-д байгаа алан хядагчдыг бараг бүгдийг баривчилсан. Гэхдээ тэдэнтэй хийх эвлэршгүй тэмцэл үргэлжилсээр байна” хэмээн хэлж байв. Харин энэ удаа “Хоёр жилийн өмнө Волгоградад халдлага гарсан. Саяхан Синайн хойгт онгоц осолдлоо. Дэлхийн улс орнуудын хил хязгаар сул чөлөөтэй байгаа ийм үед Олон улсын алан хядагчидтай ганц улс тэмцээд хүчрэхгүй. Ялангуяа тэд санхүүгийн тогтмол эх үүсвэртэй байсан цагт дэлхий нийтэд аюул заналхийлсээр байх болно” гэсэн байна.
Алан хядагчидтай амжилттай тэмцсэнээс гадна иргэдийн орлого нэмэгдэж, улсын ДНБ бараг хоёр дахин өссөн үзүүлэлт өөрийг нь түүхэнд муугаар бичүүлэхгүй гэдэгт В.Путин эргэлзэхгүй байна. Тусгаар тогтнол, аюулгүй байдлаа батлан хамгаалах чадвар дээшилснийг ч хийсэн гол ажлуудынхаа тоонд оруулжээ.
Улс орны эдийн засгийн байдал ямар байгаа талаар санаа зовсон сэтгүүлчийн асуултад хариулахаасаа өмнө В.Путин ард түмэндээ дараах онигоог ярьж өгчээ.
“Хоёр найзын хооронд ийм яриа өрнөжээ.
-Амьдрал ямар байна даа?
-Хар, цагаан ээлжилж байх шив дээ.
-Яг одоо ямар байгаа юм?
-Яг одоо бол хар байна.
Зургаан сарын дараа дахиад тааралдав.
-Амьдрал ямар байна даа. Хар цагаан ээлжилж байгааг мэднэ ээ. Одоо ямар болсон?
-Хар, хар.
-Зургаан сарын өмнө хар байсан биш бил үү?
-Тэгэхэд цагаан байсан юм билээ.
Энэ онигоогоороо тэрээр эдийн засгийн байдал хүндэрсэн гэдгийг хөгжилтэйгөөр илэрхийлж, овжин улс төрч болохоо харуулаад авсан. Одоо хэдийгээр хямралын хамгийн хүнд үе тохиож байгаа ч цаашдаа сайжрах шинж байгаа гэдгийг тэрээр онцолсон юм.
Туркийн нутгаар дайрч Европын холбооны улсуудад хүрэх учиртай “Туркийн цутгал” байгалийн хий дамжуулах хоолой оросуудын орлого олох гол эх үүсвэр гэж тооцогдож байсан. Энэ төлөвлөгөө ажил хэрэг болох боломж байгаа сэхийг асуухад “Боломжтой. Үүний тулд Еврокомиссын дэмжлэг хэрэгтэй юм. Турк хамтрагчид маань Брюсселиэс тийм бичиг аваад ирэх юм бол асуудалгүй. Харамсалтай нь одоогоор юу ч тодорхой бус байна” хэмээн хариулжээ.
Турктэй үүсгэсэн харилцааны эвгүй байдлаас гарахын тулд яах ёстойг асуухад Ерөнхийлөгч шууд “Мэдэхгүй” гэсэн нь анхаарал татсан. Тэрээр хэсэг зуур дуугүй суусныхаа дараа “Тэд манай нисэхийнхний эсрэг дайсагнасан үйлдэл хийсэн. Тэглээ гээд бид тэдэнтэй дайсагнаж байгаа юу гэвэл үгүй. Харилцаа муудсан уу гэвэл тийм” хэмээн нухацтай өгүүлээд “Бөмбөг бидэнд биш, туркуудэд байгаа” гэсэн юм. Тэрээр энэ үгээрээ одоогийн нөхцөл байдлыг шийдэхэд туркууд илүү санаачлагатай хандах учиртай гэсэн санааг илэрхийлсэн юм.
Сэтгүүлчдийн зүгээс Ерөнхийлөгчийн хувийн амьдралын талаар ч асууж болдог нь шууд уулзалтын онцлог. Энэ удаа охидынх нь талаар асуухад “Миний охид бүгдээрээ эх орондоо боловсрол эзэмшсэн. Гадаадад их, дээд сургууль төгсөөгүй. Гэсэн ч бүгд Европын гурван хэлээр ярьж чадна. Зөвхөн яриад зогсохгүй ажил хэрэгтээ ашигладаг. Тэд маань ажлынхаа гарааг эхэлсэн, амжилттай ч явж байгаа. Би тэднээрээ их бахархдаг. Салбарын хувьд, бизнес, улс төрийн аль, аль нь биш” хэмээн хариулсан байна.
ZINDAA.MN
URL: