Арга ядаад ард түмэн, нутгийн зон олноосоо тусламж хүсч байна
Одоогоос хоёр жил гаруйн өмнө “Портер” машинтай борлуулагч залуу ор сураггүй алга болсон тухай амтай болгон ярьж, хэвлэл бүрээр шуугьж байв. “Арвижих алтан тэвш” ХХК-ийн гэрээт борлуулагч Б.Алтанхуяг гэгч залуу дүүрэн бараа ачсан машинтайгаа усанд хаясан чулуу шиг алга болсон нь тухайн үед хэн бүхний анхаарлыг татсан сэдэв байв. Өглөө ажилдаа явахаар гарсан эр нөхрөө үдэш 23:00 цаг хүртэл харуулдсан эхнэр нь цагдаагийн шуурхай утсанд “Ор сураггүй болсон” гэх дуудлага өгсөн ч “Найз нөхөдтэйгөө шоудаж яваа биз, маргааш, нөгөөдрөөс эргээд ирнэ” гэх үгээр амыг нь тагласан гэдэг. Б.Алтанхуяг алга болсоор гурав хоног өнгөрөв. Энэ хооронд эхнэр Б.Саруул нь цагдаагийн байгууллагад удаа дараа хандсан ч урьдын адил хариу сонссон гэдэг. Утсаа авахгүй удтал алга болох нь битгий хэл ханилж суусаар 14 жилийг ардаа үдэхэд нэг ч удаа гадуур хонож үзээгүй эр нөхөрт нь ямар нэг юм тохиолдсон гэдэгт итгэлтэй байсан тэрээр хамаатан садангийн 60 гаруй хүний хамтаар эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Б.Алтанхуяг алга болсоор гурав хоног өнгөрөхөд цагдаагийн байгууллагаас сая албан ёсоор эрэн сурвалжилж эхэлжээ. Ийнхүү хохирогчийн ар гэрийнхэн, цагдаа, хүчнийхэн нийлсэн 300 гаруй хүн энэ хэргийн мөрөөр эрэн сурвалжилж эхэлжээ. Ар гэрийнхэн нь төдийгүй албаны хүмүүс ч найдвар тасраад байхад 15 хоног үргэлжилсэн эрэл шувтарч, ачааны машин нь Төв аймгаас, амиа алдсан Б.Алтанхуягийн цогцос Налайхын уурхайгаас олдсон байдаг.
Тодруулбал, хотоос холгүй Хонхорт найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг Г.Пүрэвсүрэн гэгч дэлгүүрүүдэд бараа түгээж явсан Б.Алтанхуягийн амийг шунахайн сэдлээр бүрэлгэж, улмаар цогцсыг нь Налайхын уурхайн нэгэн цооногт хийсэн нь илэрсэн юм. Г.Пүрэвсүрэн ч хэргээ хүлээж, шүүхээс түүнд 24 жилийн хорих, 16 сая төгрөгийн хохирол барагдуулах ял оноосон. Ийнхүү ээдрээтэй энэ хэрэг хаагдсан ч алдсан хүн арван тамтай гэгчээр талийгаачийн ар гэрийнхэн одоо хүртэл оршуулгын зардлаас өөр нөхөн төлбөр аваагүй гэв. Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пүрэвсүрэнгээс оршуулгын зардал 14.160.665 төгрөг, хохирогч Б.Алтанхуягийн борлуулсан барааны үнэ болох 516.150 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Саруулд олгожээ. Мөн хохирогчийн сэтгэл санааны хохиролд 118 сая төгрөг, эрэн сурвалжилсан зардал болох 6.152.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ. Угтаа манай улс хүний эрх, эрхчөлөөг дээдлэн хэрэгжүүлэх талаар дотоодын хууль тогтоомждоо тусгасан төдийгүй олон улсын гэрээ хэлцэл, конвенцид нэгдэн орсон Ардчилсан орон. Харамсалтай нь, хүний эрхтэй холбоотой ажилладаг хууль, хүчний байгууллага, тэдний үйл ажиллагаанд одоо ч сэтгэл санааны хохирлыг үнэлэх, барагдуулах практик, хууль эрхзүйн орчин бий болоогүй л байна. Тиймдээ ч Б.Саруул шиг маш олон хохирогчид хохирлоо бодитоор нөхөн төлүүлж чадахгүй өдий хүрчээ.
Тулж түших ханиа алдсан Б.Саруул ч шүүх хурлаас хойш хоёр сар гаруй сэтгэл санааны дарамтад орж ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд энэ хооронд талийгаач нөхрийнх нь өр зээл нэмэгдэхийн зэрэгцээ дэлгүүрийнх нь ажил орхигдоход хүрчээ. Тиймээс “Арвижих алтан тэвш” ХХК-ийн түрээслэгчтэй ярилцаж “АПУ” компаниас барааны зээл авсан аж. Зээл авахдаа дүүгийнхээ байрыг барьцаанд тавьж борлуулалтын ажлаа хийж эхэлсэн ч хоёул ажилладаг байсан шигээ ажиллах нь битгий алдагдалд орж эхэлжээ. Ингээд Б.Саруулын нуруунд тохсон ачаа, өр зээл өсч нэмэгдсээр 31 сая төгрөгийн өрөнд унасан байна. Өр зээлээ барж дийлэхгүйд хүрсэн гурван хүүхэдтэй, өрх толгойлсон бүсгүй арга ядахдаа “АПУ” ХХК-ийн удирдлагуудтай уулзахыг хүссэн ч хоосон хаалга мөргөсөөр өдий хүрчээ. Өдгөө дүүгийнхээ байрыг алдах дээрээ тулчихаад байгаа ба шүүхийн шийдвэрийн ажилтнууд өнгөрсөн сард гэрийнх нь үүдэнд битүүмжлэлийн хуудас нааж, байраа суллаж өгөхийг шаардахдаа ирэх сарын 1-нд байраа суллахгүй бол асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх тухай ч хавсаргажээ. Арга ядахдаа хэвлэлийнхэнд хандсан. Б.Саруулын өрийг “АПУ” ХХК цайруулж, тэглэх боломжтой тухай ч хэлэх нэг нь бий. Б.Саруул ч дүүгийнхээ байрыг алдахгүйн тулд “АПУ”-ийнхантай уулзаж, орон сууцыг нь хураахаа түр азнахыг хүсч, шүүхийн шийдвэрээр олгох 16 сая төгрөг нь орж ирэхийг хүлээх тухай учирласан ч хүлээж авах хүн олдоогүй аж. Өдгөө “АПУ” компанийн хуулийн зөвлөхтэй утсаар ярихаас бусад удирдлагуудтай уулзах боломж олдоогүй учир нутгаас нь гарсан УИХ-ын гишүүн Ч.Улаантай холбогдсон ч хариу өгөөгүй аж. Тиймээс сайхан сэтгэлт монголчуудаасаа сэтгэлийн хандив хүсч, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, ард иргэддээ ч хандаж байгаа гэв. Харин өчигдрийг хүртэл энэ асуудлаар “АПУ” компанийн зүгээс тайлбар өгөөгүй байсан ч “АПУ” компаний S&M director н.Баярмагнай “Твиттер” хуудастаа “”АПУ” компани талийгаачийн ар гэрийнхнээс ямар ч төлбөр нэхэмжлээгүй, хохирогчийн эд хөрөнгийг барьцаалаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Харин хохирогчийн ажиллаж байсан “Арвижих алтан тэвш” ХХК-ийн захирал Я.Дүгэрдоржоос шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр нэхэмжилсэн” гэсэн тайлбар хийсэн байв. Дээр дурдсанаар Б.Саруул “Арвижих алтан тэвш” компанийн түрээслэгчээр дамжуулж “АПУ” компаниас барааны зээл авсан бөгөөд нэхэмжлэл нь ч хууль ёсоор “Арвижих алтан тэвш”-ийн захирлын гарт очжээ. Товчхондоо, “АПУ” компанийн нэхэмжлэл “Арвижих алтан тэвш” дээр хаяглагдсан ч өр барагдуулах ёстой эзэн нь Б.Саруул.
Энэ талаар Б.Саруулаас тодруулсан юм.
Б.Саруул: Өрх толгойлсон ганц бие надад ахадсан ачаа болчихоод байна даа
-Дүүгийнхээ байрыг алдах дээрээ тулчихсан, ирэх сарын 1-нд битүүмжилнэ гэж байсан. Одоо хаана, хэрхэн амьдарч байна вэ?
-Би одоо гурван хүүтэйгээ хадмынхаа хашаанд амьдарч байна. Эзэмшсэн мэргэжилгүй болохоор албан байгууллагууд үйлчлэгч, угаагчаар л ажилд авах юм. Ханийгаа бурхан болсны дараа би сэтгэл зүйн хувьд ажил хийх ямар ч чадамжгүй болсон. Хоёр сар гаруй хугацаанд гэртээ байсны дараа “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ийн түрээслэгчтэй ярилцаж байгаад “АПУ” компаниас барааны зээл авсан. Зээл авахдаа дүүгийнхээ байрыг барьцаанд тавьсан юм. Гэтэл хоёулаа байсан шигээ ажиллах нь битгий хэл гөлөрч, бодлогоширч сууж байгаад юмаа алдах, бараагаа дутуу тоолж өгөх гэх мэтээр явсаар алдагдалд орж, дээр нь ханийн маань бурхан болохоосоо өмнө зээлсэн байсан барааны төлбөр нэмэгдээд 30 сая төгрөгийн өрөнд унасан. Одоо дүүгийнхээ байрыг алдах дээрээ тулчихаад байна. Шүүхийн шийдвэрийн ажилтнууд саяхан гэрийнх нь үүдэнд битүүмжлэлийн хуудас наагаад байраа суллаж өгөхийг шаардсан.
-Хэдэн өрөө байр вэ, үнийн дүнгийн зөрүүг нь яадаг юм бол?
-Хоёр өрөө орон сууц юм. Үнийн дүнгийн зөрүү энэ тэрийг сайн мэдэхгүй байна. Ямартай ч, дүү маань хоёр нялх хүүхэдтэй, бага нь ой ч хүрээгүй. Би “АПУ” компанийнхантай уулзаж, “Орон сууцыг нь хураахаа түр азнаач. Шүүхийн шийдвэрээр надад 16 сая төгрөг олгохоор болсон, түүнийг түр хүлээгээч. Бусдыг нь аргалаад төлнө өө” гэсэн боловч хүлээн авсангүй.
-”АПУ”-ийнхантай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Хуулийн зөвлөхтэй нь утсаар байнга холбогдож байна. Бусад дарга нартай нь уулзахыг хүссэн ч уулзаж чадахгүй байна.
-Одоо ямар арга хэмжээ авъя гэж бодож байна?
-Үнэндээ яах учраа олохгүй байна. Аргаа бараад Монголын ард түмнээсээ, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс, Сүхбаатар аймгаас гарсан УИХ-ын гишүүдээс тусламж гуйя гэж бодож сууна. Хэн нэгний буруу бодол, шуналын сэтгэл, болчимгүй үйлдлээс болж нэг айл сүйрч, өр зээлэнд баригдаж, сүүлдээ бусдадаа гай болох хэмжээнд хүрчихээд байна шүү дээ. Тэр хүний шунал ханийн минь амь, хүүхдүүдийн маань ирээдүйг булаасан. Элэг бүтэн байх тэр аз жаргалыг нь булаасан. Мэдээж би гурван хүүгийнхээ төлөө бүхнээ зориулна. Гэтэл аавынх нь орон зайг юу нөхөх юм бэ. Аавдаа эрхэлж өсөх тэр сайхан ирээдүйг нь хүүхдүүдээс минь авчихсан тэр хүн хэдхэн жилийн ял эдлээд л нүглээ цайруулах уу. Хүнээ алдсан ар гэрийнхэн алуурчнаас илүү зовлон үүрдэг гэдгийг би одоо биеэрээ мэдэрч байна.
-Та мөнгө цуглуулахаар хүмүүст хандаж үзсэн үү?
-Өөрийн мэдэх хэмжээний найз нөхдөдөө хандаад байна. Ямар гарц, гаргалгаа байна вэ тэр бүрийг хайж байгаа ч мэргэжил боловсролгүй, танилын хүрээгүй болохоор үнэндээ ганцаардаж байна. Манай аймгаас гарсан УИХ-ын гишүүн Ч.Улаан гуай руу утсаар мессэж бичиж хандсан. Одоогоор хариу ирүүлээгүй байна. Арга ядахдаа сайхан сэтгэлт ард түмэн, нутгийн зөвлөл, зон олондоо хандахав. Ямартай ч, өр зээлээ барагдуулах нь миний үүрэг ч гэлээ, өрх толгойлсон ганц бие надад арай ахадсан ачаа болчихоод байна даа.
Ж.ЖАМУХА
Эх сурвалж: www.assa.mn
URL: