“Нарантуул”-ын байцаагчдын “талбай” дамладаг бизнес мянга мянган түрээслэгчдийн эрх ашгийг зөрчиж байгааг та мэдэх үү, Ш.Сайхансамбуу захирал аа?
Улаанбаатар хотын 9 га газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг, олон улсын гэх тодотголтой “Нарантуул” худалдааны зах дээр 6.000 гаруй түрээслэгчид байдаг гэх судалгаа байдаг юм билээ.
Тэгвэл жилийн дөрвөн улирлын алинд ч, халуунд нь халж, хүйтэнд нь хөрч гүрийж ажилладаг тэдгээр түрээслэгчдийн эрх ашиг олон асуудал дээр хохирдог тухай мэдээлэл цөөнгүй байдаг.Тэгвэл бас л түрээслэгчдийн эрх ашгийг ихэд зөрчиж байгаа асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна. Тус худалдааны төвд талбай түрээслэж байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашиг зөрчигдөх учиргүй. Тэд тогтоосон үнэ төлбөрийг нь төлж, тухайн талбайд ажиллаж байгаа. Тиймээс “Нарантуул” захын захиргаа мянга мянган түрээслэгчдийн эрх ашигт анхаарал тавих ёстой.
Үндсэн түрээслэгчдийг мөнгөний уут биш хүн гэж хараач!
Улаанбаатар дахь ганц олон улсын худалдааны төв гэгдэх Нарантуулыг зорьж очиж байгаагүй хүн нийслэлд тун цөөхөн байлгүй. Тэрчлэн тус захын хойд хэсэгт эгнэн байдаг агуулах контейнерүүдийн ойролцоо буюу цагдаагийн хэсгийн урд багцаагаар 100 метр хэмжээтэй задгай талбай байдгийг санаж байгаа уншигчид бий биз ээ. Уг нь тэр талбай бол түрээслэгчдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой, галын түргэн тусламжийн гэх мэт машин тэрэг шаардлагатай тохиолдолд тэнд байрлах ёстой тийм талбай юм билээ. Гэхдээ тэгээд тус захын удирдлагууд тэрхүү талбайг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр, наадам, шинэ жил, цагаан сарын баярын өдрүүдээр үзэсгэлэн худалдаа явуулдаг талбай болгож ашиглаж ирсэн байдаг. Захын удирдлагуудын тухайд илүү ашиг мөнгө олох гэсэндээ тийнхүү илүү байгаа зай талбайгаа жилдээ хэд хэдэн удаа түрээслүүлдэг байж болно. Гол нь тэр болгонд нь түрээслэгчдийн эрх ашиг хохирч иржээ. Чухам яагаад гэж уншигч та бодож байгаа биз.
Тэгвэл хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурууд нь Нарантуул худалдааны төвийн байцаагчид юм байна. Учир нь байцаагчид тэрхүү талбайг өөрсдийн танилууддаа түрээслүүлдэг, эсвэл илүү өндөр үнэ хүргэж түрээслүүлдэг юм байна. Байцаагчдыг хахуульдаж, илүү өндөр үнэ мөнгө төлсөн хүмүүс тус талбайд бараа бүтээгдхүүнээ зарж борлуулахдаа Нарантуулын үндсэн түрээслэгчдийн эрх ашгийг зөрчдөг аж. Тухайлбал, бусад түрээслэгчдийн 5 мянгаар зарж байгаа барааг нөгөөх “үзэсгэлэн худалдааны” гэх тодотголтой талбай дээр зогсож зарахдаа 8-10 мянга болгож үнийг нь өсгөж зардаг байна. Тэгэхээр үндсэн түрээслэгчдийн зарж байгаа бараа бүтээгдхүүнийг мөнөөх талбайгаас мэдэхгүй худалдаад авчихсан хүмүүс “өө нарантуул чинь дэлгүүрээс өндөр үнээр бараагаа зардаг юм байна” гэсэн ойлголтыг авчихаад яваад өгдөг аж.
Уг нь эл асуудал үндсэн түрээслэгчдийн эрх ашгийг зөрчиж байгааг илэрхийлсэн өргөдлөө түрээслэгчдийн төлөөлөл болсон 200 хүн 2 жилийн өмнө Нарантуул захын Ерөнхий менежер Түвшинбат гэдэг хүнд хандан гаргаж байжээ. Тухайн үед нөхцөл байдлыг хянаж үзээд үнэхээр тийм байгааг харж мэдээд, түрээслэгчдийн эрх ашгийг бодсон шийдвэрийг гаргаж байж. Гэвч дахиад л мөнөөх талбайгаа түрээслүүлэх шийдвэрийг захын удирдлагууд гаргаад байгаа юм байна.
Тус талбайг түрээслүүлэхдээ “нэмэлт талбай бичнэ” гээд зар тавьдаг аж. Тэгэхдээ захын үндсэн түрээслэгчдийн зүгээс тус талбайн хэсэгт зай талбай түрээслэхийн тулд өргөдөл бичих ёстой болдог байна. Өргөдлийн утга агуулгаа “орлого ашиг муу байгаа тул нэмэлт талбай олгоно уу” гэсэн маягаар бич гэсэн шаардлагыг байцаагчид тавьдаг байна. За тэгээд үндсэн түрээслэгчдэд мөнөөх талбайд нэмэлтээр талбай олдлоо гэхэд хамгийн захын хэсэгт, бүр буланд ч юм уу олддог аж. Хамгийн муу байршлыг л үндсэн түрээслэгчдэд шахах ажлыг байцаагчид хийдэг гэсэн үг. Харин хүмүүсийн гол урсгалтай хэсэгт байцаагчдын танил тал юм уу, байцаагчдад 800 мянгаас 1 сая хүртэлх төгрөг төлсөн хүмүүс бараа бүтээгдхүүн зарах эрхийг олж авдаг байна. Уг нь Нарантуулын удирдлагууд үндсэн түрээслэгчдийнхээ эрх ашгийг эхэнд тавих ёстой баймаар. Өчнөөн олон жил хүнд хүчир нөхцөлд ажиллаж ирсэн, тэдгээр үнэнч түрээслэгчдийн орлогыг хаан боон байж заавал тэр талбайг түрээслүүлж бусдын эрх ашгийг хохироогоод байх нь зохисгүй юм.
Хэрэв заавал тэгж нэмэлт талбай түрээслүүлж мөнгө олохгүй бол болохгүй байгаад байгаа юм бол хуучин шатсан хүнсний захаа “Баялаг Ундраа” гэж нэртэйгээр босгоод ирсэн байгаа. Тэндэх задгай талбайг үзэсгэлэн худалдааны талбай болгож түрээслүүлж болох шүү дээ. Харамсалтай нь, Нарантуулын байцаагчид удирдлагуудынхаа шийдвэрийг өөрсдийнхөө амин хувьд ашигтай бизнес болгоод өдийг хүрчээ. Нарантуул захын байцаагчдын эл бизнесийг захын том захирлууд нь бол мэддэггүй гэж байгаа. Тэгэхээр Нарантуулын удирдлагууд мянга мянган түрээслэгчдийн эрх ашигт эрхбиш анхаарал хандуулна гэдэгт найдаж байна. Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу та мянга мянган түрээслэгчдийн эрх ашигт анхаарахгүй бол горьгүй байна. Таны захын улаан хантаазтай байцаагчдын даварсан үйлдэл хэтрээд байна.
Манай сайт Нарантуул захын түрээслэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлыг мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: