Үндсэн хууль өөрчлөх чимээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гаргаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд таншшуулахыг Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт үүрэг болгов.
Үйл явдлын хэлхээсийг хөөж үзвэл одоогоос яг жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нарын 40 эрхэм Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьж байв. Гэвч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлдэг, сайд нараа огцруулж, томилдог зэрэг сонгодог парламентын тогтолцоог эрэлхийлсэн уг төсөл сонгуулийн чимээнд дарагдаж явсаар шинэ УИХ-ын өнгөн дээр дахин хөндөгдөж байгаа нь энэ.
Ялгаатай нь, “Эцэг хууль”-даа гар хүрэх санаачилга, сонирхол УИХ-аас бус Засгийн газраас гарлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон Цэц санал гаргах эрхтэй. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүд өөрсдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, эсвэл хязгаарлах зорилгоор санал гаргах нь нээлттэй хэрэг. Гагцхүү УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж, дөрөвний гурваас доошгүйн саналаар нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн хуулийн хамгаалалт “Эцэг хууль”-д бий. Гэхдээ одоогийн парламентад МАН үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа учраас Засгийн газраас саналаа оруулж ирвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудал УИХ төдийгүй нийгмийн анхаарал хандуулах сэдэв байх болов уу.
Сонгодог парламентын засаглалтай орнуудад парламентад олонхи болсон нам дангаараа Засгийн газраа байгуулах нь бий. Ингэхдээ зөвхөн Ерөнхий сайдыг парламентаасаа томилдог. Тодорхой шаардлага шалгуур тавьдаг ч ихэвчлэн намын дарга нь Ерөнхий сайд болж, кабинетын гишүүдээ парламентаас хамааралгүйгээр өөрөө бүрдүүлдэг. Бас огцруулах эрхтэй. Нэгэнт Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг болохоор Засгийн газрын гишүүдтэйгээ нэг баг болж ажиллах боломж бүрддэг хэрэг. Хамгийн ойрын жишээ дурдахад Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар яг ийм зарчмаар ажилладаг. Тэнд Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ огцруулж л байдаг. Тэглээ гээд Засгийн газрынх үйл ажиллагаа доголддоггүй. Гэтэл парламентын засаглалтай хэмээдэг манайд бол УИХ дахь намуудын төлөөлөл, эсвэл аль нэгэн фракцын эрх ашгийн үүднээс сайд нарын томилгоо явдаг нь гэм биш зан болтлоо хэвшсэн уламжлал. Бүр сүүлдээ намын дарга нь УИХ-ын дарга болж Ерөнхий сайдаа хүчгүйдүүлдэг тогтолцоо АН-аас МАН-д, З.Энхболдоос М.Энхболдод шилжээд байна.
Угтаа бол намын дарга нь Ерөнхий сайд болдог жишиг Монголын улс төрд байсан уу гэвэл байсан. Жишээ нь, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг гээд бүгд Ерөнхий сайд байхдаа намын даргын албыг давхар хашиж байв. Засгийн газрынхаа бодлогыг УИХ-д төдийгүй нам дотроо зангидахад намын даргын сэнтий томоохон тулгуур болох учраас тэр шүү дээ. Харин Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулсны дараа УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд АН-ын дарга болсон нь эртнээс тогтсон жишгийг алдагдуулсан билээ. Нэг үгээр хэлбэл, З.Энхболд АН-ын дарга болсноороо УИХ дээр ч, нам дотроо ч өөрийн эрх мэдлийг тэлж, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт нөлөөлөх эрхтэй болсон юм. Засгийн газраас оруулж ирсэн уул уурхайтай холбоотой томоохон төсөл бүр УИХ дээр ирээд унадаг, буцдаг, гацдаг байсан нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд гэхээсээ З.Энхболдын утсан хүүхэлдэй мэт харагдуулж явсан нь саяхан. Арга ядахдаа Ч.Сайханбилэг намын даргаа авъя хэмээн албан бичиг хүргүүлж байх вэ дээ.
Ирэх дөрвөн жилд бусдаас үл хамаарахгүйгээр бодлого шийдвэрээ гаргаад явах боломж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бий ч Ч.Сайханбилэгийнх шиг зовлон түүнийг тойрохгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь, тэр намын дарга биш. Одоо бол эрх мэдлийн хуваарилтаараа УИХ-даа ч, Засгийн газрын хэмжээнд ч УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нэгдүгээр хүн. 2016 оны төсвийн тодотголын төслөөр Засгийн газраас найман төрлийн татвар ногдуулах саналыг оруулж ирсэн ч МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээр буцаасан нь үүний бэлээхэн жишээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сонирхол энэ парламентад үнэхээр бий бол Ерөнхий сайдын эрх мэдлийг томруулж, УИХ-аас хараат бус болгох хэрэгтэйг судлаачид хэлж буй. Өмнөх парламентын үед өргөн барьсан Н.Батбаяр нарын төсөлд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөх, огцруулахаар тусгасан байдаг. Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар батлуулдаг байсныг зөвхөн танилцуулж томилохоор заасан нь энэ. Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танаж, заримыг нь хязгаарлахаар тусгаж байв. Үндсэн хуульд Ерөнхийлөгчид хуулиар онцгой бүрэн эрх олгоно хэмээн заасан байдаг. Гэтэл Монголын 400 гаруй хуулийн 200 нь Ерөнхийлөгчид бүрэн эрх олгосон байдаг юм билээ. Ерөнхийлөгчид ингэж асар их бүрэн эрх олгосон нь нэг талаараа олон зүйлд хөндлөнгөөс оролцох нөгөө талаар гүйцэтгэлийн асуудлыг шүүрэн авах байдлаар Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахад хүргэдэг гэж үздэг аж. Тийм ч байж болох. Үнэндээ улс төр, нийгэм, эдийн засаггай холбоотой томоохон асуудал гарах бүрт Ерөнхийлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлэх, заримдаа оролцсон тохиолдол цөөнгүй.
Тавантолгой тойрсон маргаан УИХ, Засгийн газрын төвшинд гарахад төрийн тэргүүн нь хүртэл оролцож Ерөнхий сайдын өмнөөс дуугарч явсан нь саяхны л үйл явдал. Тиймээс Ерөнхийлөгчид хуулиар онцгой бүрэн эрх олгоно гэсэн заалтыг хасах нь зүйтэй гэсэн санал өмнөх парламентын үед хөндөгдөж л байлаа. Гэвч цагийг нь тулгаж оруулж ирснээс үүдсэн үү эсвэл улс төрийн шалтгаанаас болсон уу Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг тэлж, сонгодог парламентын тогтолцоо руу нэг алхам дөхөхөөр байсан гэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тэгсхийгээд намжсан ч дахин чимээлж эхэллээ. Улс төрийн хүрээнд гарсан яриагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх ард нийтийн санал асуулгыг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулсны дараа эцэслэнэ гэх. Гагцхүү ямар байдлаар “Эцэг хууль”-даа салхи оруулах нь энэ парламентаас шалтгаалахаар болж байна. Хамгийн гол нь, Үндсэн хуулийг товчлуурын олон, фракцуудын тохироогоор батлахгүй. Зөвшилцөл дунд зөвлөлдөж байж өөрчлөх нь чухал билээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: