Хятад улс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бодлого хэрэгжүүлж байна

Хятад улс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон арга бодлого хэрэгжүүлж байна

 family-middle

Энэ сарын 25-ны өдөр бол “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр” юм. Хятад улс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гаргасны дараа орон нутаг, байгууллагууд тус хуулийг хэрэгжүүлэх холбогдох арга бодлого, тайлан, нийгмийг аюулаас хамгаалах газрын сэрэмжлүүлэг, аюулгүй байдлыг хамгаалах шийдвэр зэрэг дүрэм тогтоол боловсруулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны 3-р сарын 1-нд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийг гарган хэрэгжүүлснээс хойш өдгөө Хятад улсын 17 муж, хотод гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэрэгжүүлэхэд холбогдсон иж бүрэн дүрэм тогтоол, арга бодлогын тухай нийт 100 гаруй баримт бичиг боловсруулжээ. Орон нутгийн Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага гэр бүлийн хүчирхийллийн тухай тусламжийг даруй шийдвэрлэхийн зэрэгцээ анхааруулан сэрэмжлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд сэрэмжлүүлэг өгөх дүрэм хэрэгжүүлж, нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд үндэслэл бий болгосон байна.

Жянсү мужийн Наньжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын орлогч дарга Жян Пин 25-ны өдөр болсон хуралд:

- Анхааруулан сэрэмжлүүлэх дүрмийг хэрэгжүүлсэн нь гэр бүлийн хүчирхийлэл газар авахаас сэргийлж, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, гэр бүлийн гишүүд хоорондын харилцааг сайжруулан, нийгмийг эв найртай тогтвортой байлгахад маш идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэж хэлсэн байна. Тэрээр жишээ дурдан хэлэхдээ:

- Наньжин хотын Шян Нин дүүргийн Цүй овогтон нөхөртэйгөө хэрүүл ам болдгоос шалтгаалж өнгөрсөн жилээс хойш олон удаа цагдаад хандан тусламж хүсэж байсан. Тэднийг эвлэрүүлсний дараа байдал сайжирч байсан удаатай. Энэ жилийн 3-р сарын 16-нд тэд дахин ам мурийж, уур уцаарын улмаас нөхөр нь эхнэрээ өшиглөж унагааснаар цагдаад баривчлагдсан юм. Хуулийн дагуу сэрэмжлүүлэн анхааруулах бичиг өгч, холбогдох хууль дүрмийг сурталчлан танилцуулсан. Гарын үсэгтэй бичиг авсан Ван овогтон эхнэртээ хандан дахин ингэж авирлахгүй гэдгээ амлаж байв. Түүнээс хойш хорооллын цагдаа олон удаа гэрт нь очиж, анхааруулж сануулсны улмаас эхнэр, нөхөр хоёулаа эе эвтэй сайхан амьдарч байна.

Биеэ хамгаалах нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинэ зүйл юм. Тус хуульд “Гэр бүлийн харилцааны явцад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үед шүүхэд хандан хувь хүний аюулгүй байдлаа хамгаалах өргөдөл гаргаж болно. Энэ шийдвэрийг буулгасны дараа эсэргүүцэлд учирсан бол энэ тохиолдолд мөн хүчинтэй. Хятад улсын Хууль зүйн нийгэмлэгийн Гэр бүлийн хууль зүйн судалгааны нийгэмлэгийн орлогч дарга Ли Миншүнь:

- Хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах шийдвэр нь гэр бүлийн хүчирхийллийг хатуу шийтгэж байсныг урьдчилан сэргийлэх болголоо гэж хэллээ. Хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах шийдвэрийн хамгийн гол үүрэг нь гэр бүлийн хүчирхийлэл гарах, дахин гарахаас сэргийлэх явдал юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тулгарах үед өргөдөл гаргах нь гэр бүлийн хүчирхийлэл гарахаас зайлсхийх боломжтой.

Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны орлогч дарга Сүн Шю Янь:

- Хятадын Эмэгтэйчүүдийн холбоо гэр бүлийн хүчирхийллийн хуулийг түлхүү сурталчилж, гэр бүлийн соёлыг гүнзгий өрнүүлж, гэр бүлийн зөрчлийг эвлэрүүлэх ажилд сайтар анхаарна.  Өргөдөл гарган гомдол хүлээж авах Эмэгтэйчүүдийн холбооны үүргийг бүрэн гүйцэтгэж, Эмэгтэйчүүдийн гэр бүл, эрх ашгаа хамгаалах 12338-р дугаар тоот үйлчилгээний утас, Эмэгтэйчүүдийн дуу хоолой, блог, вичат, аппликэйшн зэргийг ашиглан гомдол хүлээн авч шийдвэрлэх, эвлэрүүлэх, хуулийн тусламж үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ шаардлагатай эмэгтэйчүүд, хүүхэд болон гэр бүлд хангаж, гэр бүлийн хүчирхийлэлд холбоотой интернэтээр цацагдах яриа болон эрх ашигт халдсан үйл хэрэгт анхаарлаа хандуулж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах үйл ажиллагааг улам ихээр дээшлүүлнэ гэж мэдэгдлээ.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих