Дорнодод үл мэдэгдэх шингэн зүйлийг уусны улмаас хордож, дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна
Дорнод аймгийн Халх гол сумын “Зөв боломж” ХХК-ийн 13 ажилчид үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Улмаар дээрх мэдээллийн дагуу өнөөдөр Эрүүл мэндийн яамны удирдлагууд тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй цахим хурлыг яаралтай хийж, өвчтөнүүдийн биеийн байдал, тусламж үйлчилгээний явцтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ.
Энэ тухай Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, “Цахим хуралд ЭМЯ-ны удирдлагууд болон сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хордлого, эмгэг судлалын мэргэшлийн зөвлөх эмч, тандалт судалгааны багийнхан оролцлоо. Хурлын шийдвэрийн дагуу нарийн мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймагт яаралтай ажиллуулахаар томилон явууллаа.
Ер нь хэрэглэж буй зүйлийнхээ гарал үүслийг нягтлаагүйн улмаас олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Өмнө нь ингэж олноор хордож, амь насаа алдсан тохиолдол Багануурт мөн гарч байсан удаатай. Тиймээс иргэд та бүхэн хэрэглэж буй зүйлдээ анхаарал болгоомжтой хандаж байхыг хүсье” хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.
Х.Онон ZALUU
URL: