Ардчилсан намын Үүрийн дарга нарын холбооноос арга хэмжээнүүдийг авч, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно
Ардчилсан намын Үүрийн дарга нарын холбооноос “АН-ын үүрийн гишүүд, дэмжигчдийн I хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулжээ. Энэхүү хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын АН-ын 150 гаруй үүрийн төлөөлөл болох 113 үүрийн дарга, идэвхтэн төлөөлөгч маш идэвхтэй оролцсон байна. Хэлэлцүүлэгт ирсэн төлөөлөгчдийн дийлэнх нь намын шинэчлэл цөөн хэдхэн дарга нар, фракцийн толгойлогчдын тохиролцооны хүрээнд явагдах ёсгүй гэж үзжээ. Улмаар тус холбооны зүгээс АН-ын их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг болон дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэгт дараахь шаардлагыг хүргүүлсэн байна. Түүнд:
1. 2016.12.06-ны өдөр болох Ардчилсан намын VI их хуралд намын анхан шатны үүр бүрээс 1 төлөөлөгч байгаа нь хэтэрхий бага тул нэмж өдөр тутам намын үйл ажиллагааг нуруун дээрээ үүрч явдаг үүрийн дарга, улс төрийн ажилтнуудыг шууд оролцох боломжоор хангах,
2. АН-ын даргын сонгуулийн үйл ажиллагааг сунгаагаар бүх шатны гишүүдийн оролцоотойгоор сонгох нь анхан шатныхаа оролцоог хангасан намын суурь шинэчлэлийн нэг болж чадна,
3. Намын их хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр шууд дамжуулж ардчилсан намын нийт 160 мянга гаруй гишүүд болон олон нийтэд нээлттэй харуулах. Эдгээр шаардлагыг хүлээн авч, маргаашийн дотор шийдвэрлэхгүй бол Ардчилсан намын Үүрийн дарга нарын холбооноос дараагийн арга хэмжээнүүдийг авч, тэмцлийн хурц хэлбэрийг сонгон Их хурлыг хуралдуулах ҮЗХ-ны шийдвэрийг зогсоох, хүчингүй болгох хүртэл дараалсан арга хэмжээнүүдийг авах болно гэжээ.
URL: