Өв /Сургамжит өгүүллэг/
Хамгийн сүүлчийн үнэт эдлэл болох бөгжөө мултлан мөнгө хүүлэгчийн өмнөх нимгэн тавган дээр тавилаа. Жижигхэн, жижигхэн алмаазан шигтгээтэй, цагаан алтан бөгж торхийн унахад түүний зүг тоомсоргүй харж байсан мөнгө хүүлэгчийн нүд орой дээрээ гарах шахаж, хорин таван жил хуруунаасаа салгаагүй тэр бөгжийг барьж авахдаа гар нь салгалж байв. Даржин хувцастай, ядрангуй бүсгүйн гарт ийм үнэтэй, ховор эдлэл зүүлттэй байна гэдэгт тэр итгэж чадахгүй байгаа нь илт. Хулгайн эд биш биз гэсэн өнгөөр Маралмаа руу харж байсан ч буцаагаад авчихаж магадгүй хэмээн айсан бололтой, хурдан хөдлөж, жинлэж эхэллээ. Тэрбээр Маралмаа руу нүдээ бүлтийлгэн харж,
-Хэдийг авах юм хэмээн бараг шивнэх шахан асуув.
-Уг нь үнэтэй эд л дээ. Зарах, барьцаалахад хэтэрхий хайран санагдаж байна. Гэхдээ надад өөр зүйл алга. Уг нь надад хоёр сая төгрөг хэрэгтэй байна гэсэн чинь мөнгө хүүлэгчийн нүд бүлтрэх шахан амьсгаадаж,
-Таван зуун мянган төгрөг л өгнө. Чиний энэ үнэтэй эдийг дараа нь худалдаж авах хүн олдохгүй. Энэ цагаан алтыг чинь хайлуулах газар ч олдохгүй хэмээн ар араас нь цувруулан нуршиж гарлаа. Маралмаа дахиад хэзээ ч барааг нь харж чадахгүй байж магадгүй тэр бөгжийг удаан харснаа өгсөн мөнгийг нь аваад чимээгүйхэн гарав.
Үнэндээ амьдрал ингэж эргэдэг гэж тэр төсөөлж ч явсангүй. Алтны том компанийн захирлын эхнэр саяхан л тансаг хангалуун амьдарч, охин, хүү хоёроо Америкт сургаж, өмсөх хувцас, идэх хоолоо дандаа гадаадаас зөөдөг байлаа. Хотоос зайдуу тансаг байранд амьдарч, гадаад үйлчлэгч зарж, хувийн жолоочоороо зөөлгөж, хөл газар хүрэхгүй шахам амьдардаг байснаа санав.
Маралмаа такси барих гэснээ болив. Хоёр талхны мөнгө ч гэсэн чухал учраас автобусанд суухаар алхав. Гэр рүүгээ ойртох тусам нэг л уйтгартай.
Хамгийн гол нь өдрөөс өдөрт турж эцэж байгаа нөхрийнхөө өвчинд шаналсан царайг харна гэхээс түүний гол харлаж байлаа. Болдог бол буцаад гүймээр, дахиж гэрийнхээ хаалгыг хэзээ ч татмааргүй санагдах үе түүнд зөндөө байсан. Гэвч тэр хэзээ нэг цагт амьдрал сайхан болно гэж бодож сүүлийн таван жилийг өнгөрөөсөн. Харамсалтай нь амьдрал улам л уруудсаар…
Нөхөр нь ходоодны хорт хавдартай болсны дараахан компаниа зарж, байраа жижигрүүлж, хадгаламжинд байсан мөнгө, үнэтэй хувцас хунараа хүртэл зарсан. Эцэст нь гэр хороололд, жижигхэн хашаа байшин авч, бүхий л мөнгөө нөхрийнхөө эмчилгээний төлбөрт зарцуулдаг байлаа. Хоёр хүүхдээ Америкаас татаж авчирч, эхлээд сургуульд сургасан боловч, төлбөрийг нь ч дийлэхгүйд хүрч, сүүлдээ хүүхдүүд нь ажил хийж, аавынхаа эмчилгээнд мөнгө зарцуулах шийдвэр гаргахад Маралмаа эсэргүүцэж чадсангүй.
Хамгийн харамсалтай нь хичнээн мөнгө төгрөг зарцуулаад ч нөхрийнх нь бие сайжралыг олсонгүй. Цуутай том бизнесмен, мөнгө төгрөгтэй, хөрөнгө чинээтэй баян эрийн найз нөхөд өдрөөс өдөрт цөөрсөөр… Өнгөрсөн таван жилийн дотор нөхрийнх нь дэргэд ганцхан жолооч эр л үлдсэн байлаа. Өвгөжөөр насны Жамбаа хэмээх тэр эр л хувийнхаа машин тэргээр нөхрийг нь зөөж, эмнэлэгт хэвтүүлж, асарч сувилна. Ямар ч эмчилгээнд явсан ганцхан тэр л эрийг нөхөр нь дагуулж явна.
-Би эмчтэй чинь уулзья гэхэд нөхөр нь,
-Хэрэггүй дээ. Та нарыг ингэж зовоож байгаа минь л хангалттай гэж эрс шийдэмгий хэлж байсан удаатай. Маралмаад Жамбаа жолооч үнэндээ таалагддаггүй байлаа. Амьдрал нь эцэстээ тултал дордоод байхад нөхрийг нь “Баяраа захирал” хэмээн дуудах нь хүртэл эгдүүтэй санагддаг ч тэр өвгөн жолоочид үг хэлж чадаггүй. Ядуу зүдүү амьдрал дунд ганцаараа тэднийг түшиж тулж үлдсэн учраас түүнд хэлэх муу үг ч байхгүй байв.
Маралмаа гэртээ орж ирлээ. Бүдэгхэн гэрэлтэй харанхуй өрөөнд нөхөр нь Жамбаа жолоочтой юуг ч юм ярин амьсгаадаж, ядарсан нь илт хэвтэж байлаа. Маралмаа бөгжөө барьцаалж авсан таван зуун мянган төгрөгөө Жамбаа жолоочид өгч “Бөгжөө үнэ хүргэж чадсангүй. Уг нь зарсан бол” хэмээн шивнэв. Хэдийгээр сүйн бөгжөө хүнд өгөх түүнд хайран санагдаж байсан ч хэд хоногийн ч гэсэн эм тарианы мөнгөтэй болсондоо олзуурхаж байлаа.
Охин нь ажлаасаа ирээгүй л байв. Саяхан л төгөлдөр хуур сурч, усан спортоор хичээллэж, төмс ч арилгаж үзээгүй охин нь хувийн эмнэлэгт асрагч хийж, өдөр шөнөгүй шал угааж байгаа. Брэндийн хувцас өмсч, хүнээр дотуур хувцсаа хүртэл угаалгаж сурсан хүү нь барилгын нэгэн компанид борлуулагчийн ажилтай. Байр зарах гэж өдөр шөнөгүй хүн царайчилж явааг нь Маралмаа мэдэх болохоор хоёр хүүхдээ хачин их өрөвдөвч хий дэмий л сэтгэлээ зовоохоос өөр юу ч хийж чадахгүй бухимдана.
Баяраа түүнийг бөгжөө барьцаанд тавьсныг сонсоод дуугаа хурааж хэсэг чимээгүй хэвтсэнээ,
-Миний найз бөгжөө юунд барьцаалсан юм бэ дээ. Бичиг нь байгаа биз дээ. Жамбаа ахад хадгалуулчих. Хэзээ нэг цагт энэ амьдрал арай өөр болох байлгүй дээ. Би ч та нарыгаа мөн ч их зовоож байна даа гэснээ дуугаа хураав. Маралмаад хэлэх ч үг олдсонгүй. Үнэндээ тэр хувь тавилантайгаа бараг эвлэрээд байлаа. Нөхөр нь эрүүл чийрэг, чинээлэг хангалуун амьдардаг байхад асар их мөнгө хэрэгтэй байдаг байлаа.
Гэтэл Баярааг өвчтэй болсноос хойш тэдний амьдралд шаардагдах мөнгөний тоо улам л багасаад байгааг хараад тэр анхандаа үнэхээр гайхдаг байв. Урьд нь зуун мянган төгрөгөөр ганцхан орой л хооллодог байсан бол өнөөдөр энэ мөнгө тэдний хагас сарын хүнсэнд элбэг хүрнэ. Сая төгрөгөөр ганц ээлжийн хувцас ч авч хүрдэггүй байсан бол өнөөдөр ийм мөнгөөр бүтэн жилийн хувцсаа ч бэлдэж болдог болж. Өнгөрсөн цаг хугацаа түүнд хүний хэрэгцээ асар бага, харин эрүүл мэнд л хамгаас үнэтэй гэдгийг яс маханд нь шингэтэл ойлгуулсан байлаа.
Сүүлийн хэд хоног Баяраагийн бие улам дордсоор… Охиноо, бас хүүгээ ажлаасаа чөлөө авч, хамт байхыг гуйсан тэр өдөр хаалгыг нь аль хэдийнээ тогшсон үхэл дэрэн дээр нь ирээд суусныг бүгд мэдэрч байлаа. Олон сар өвчтэй хэвтсэн хүчирхэг эр өвчинд сая л бууж өгч, судас нь гүрийсэн хатингар гараа арай ядан хөдөлгөж, Маралмаагийн санчигны үсийг илснээ, “Хэтэрхий их зовоосонд уучлаарай. Намайг хэзээ ч битгий зэмлээрэй. Миний зөв байсан гэдгийг цаг хугацаа чамд минь харуулна” гэж амьсгаадан байж арай ядан хэлэв. Энэ түүний сүүлчийн үг байлаа.
Маралмаа үхэлд, өвчинд ялагдаж, “Мөнгөтэй хүн үхэхгүй” гэж боддог байсан тэр дэврүүн бодлыг нь өвчин зовлон тас татан хөсөр хаяж, гэр хороололд, ядуу даржин амьдрал дунд, ганцааранг нь хоёр хүүхэдтэй нь аваачаад хаячихаж.
Түүний бүхий л найдлага, горьдлого тасарч унажээ. “Нөхрийгөө эрүүл болохоор…” гэж тэр дандаа боддог байсан. Гэвч хувь тавилан түүнд ийм боломж олгосонгүй. Хагацал зовлон, ядуу даржин амьдрал, аавыгаа алдаж, хөл дээрээ зогсож ч чадахгүй шахам байгаа хүүхдүүдээ харан, харан тэр цөхөрч байлаа.
Баярааг хөдөөлүүлэх бүхий л ажлыг Жамбаа жолооч гардаж хийв. Маралмаа ч хоёр хүүхэд нь ч хэзээ ч эдгэхгүй өвчтэй тэр хүнийг асарч, сахиж, таван жил суухдаа үхлийн тухай ганц ч удаа бодож байсангүй. Тиймээс энэ хагацал тэдний сүүлчийн хүч тамирыг шавхаж байх шиг л санагдаж байлаа. Оршуулах ёслол дууссан орой Жадамбаа жолооч Маралмаад том дугтуйтай зүйл авчирч өгөөд,
-Энэ талийгаачийн чамд үлдээсэн захидал. Бас та нарт үлдээсэн өв хөрөнгө юм. Ах нь хэд хоногоос ирнэ гэснээ чимээгүйхэн гарлаа. Үнэндээ толгойгоо ч даахгүй болтлоо ядарч, эцэж сульдсан бүсгүй нөхрийнхөө захидлыг уншихаар дугтуйг задлаж байхдаа гар нь салгалж байлаа. Тэр хэзээ ч нөхрөөсөө захидал авч үзээгүй.
Харин хайрлаж, дурлаж, хамтдаа амьдарч, зовлон жаргалаа үүрч хорь гаруй жил ханилсан тэр хүнийг талийгаач болсон хойно захидал хүлээж авна гэж зүүдэлж ч байсангүй. Үргэлж асуудалд нухацтай ханддаг, бас үргэлж цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг нөхөр нь энэ захидлыг бичих гэж их л хүч гаргасан нь илт байлаа.
“Уучлаарай миний хонгор. Хамтдаа хорвоог туулна гэж амласан хэрнээ дэндүү эрт чамайг орхиж байгаад намайг уучлаарай. Бас өнгөрсөн хугацаанд чамайгаа дэндүү их зовоосонд намайгаа өршөөгээрэй. Хавдар туссанаа, хэзээ ч эдгэхгүй өвчтэй болсноо мэдсэн тэр өдөр л чамайг яаж орхиж явна даа гэж шаналж байсан юм. Амьдрал мэдэхгүй, ажил сураагүй эрх дураараа хоёр хүүхэд, эрээн барааныг ялгаж танихгүй, өмөг түшиг болох хүнгүй чамдаа бүхий л ачааг үүрүүлнэ гэхээс найз нь үнэндээ айж байсан.
Тиймээс л бүхий л зүйлээ зарсан. Чи минь ганц талхны мөнгө ч гэсэн хэмнэж, надад эм авч өгөхийг хүсдэг байсан шиг би ч гэсэн ганц удаа тарих өвчин намдаах тариагаа хэмнэж, хоёр удаа хувааж хийлгэх гэж зүтгэдэг байсан. Харамч хахиртаа биш хамгийн гол нь хоёр хүүхдээ ухаан сууж, хар цагааныг ялгадаг болж, чамд минь өмөг түшиг болж амьдраасай гэсэндээ л ийм зүйл хийсэн юм. Энэ хадгаламжийн дэвтэрт өнгөрсөн хугацаанд эмчилгээний төлбөрт зарцуулах ёстой байсан бүхий л мөнгө байгаа. Энэ мөнгө та гуравт элбэг хүрэлцэнэ. Намайг эрүүл саруул байхад олсон, дараа нь өвчтэй болсон хойно алдсан тэр бүх зүйлээ та гурав эргүүлээд авч чадна.
Хамгийн гол нь миний хоёр хүүхэд амьдрал сурч, зовлон үзэж, хүний сайн мууг ялгадаг болсон. Энэ бол хадгаламжийн дэвтэрт байгаа мөнгөнөөс илүү өв хөрөнгө болж та гуравт үлдэнэ. Миний хайр ухаантай учраас намайг ойлгоно, бас өөрийг чинь зовоож байсныг минь уучилна гэж найдаж байна. Энэ өвчинг хэн ч, ямар ч мөнгө дийлэхгүй учраас эмчилгээ хийлгэсэнгүй, өөрийгөө зовоолоо гэж намайгаа битгий зэмлээрэй…” хэмээн хичээнгүйлэн бичсэн байлаа. Дугтуй дотор хадгаламжийн хэд хэдэн дэвтэр, бас олон хоногийн өмнө мөнгө хүүлэгчид аваачиж өгсөн бөгж нь байлаа.
Маралмаагийн нүдийг нулимс бүрхээд ирэв. Тэд үхэл, өвчин хоёрт бууж өгөөгүй, тэмцсээр байгаад ялж гарсан гэдгээ тэр сая л ойлголоо. Хоёр хүүхэд ааваасаа асар их сэтгэлийн тэнхээ, амьдралын ухааныг өвлөж авсан. Одоо бидэнд энэ хадгаламжийн мөнгө ямар ч хэрэггүй. Тиймээс энэ захидлыг хэзээ ч тэдэнд үзүүлэхгүй хэмээн бүсгүй амандаа үглэж байлаа.
Б. Цоожчулуунцэцэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сэтгэл хөдлөм