“Хятадад харъяалалгүй газарт тариа тарь” буюу МОНГОЛЫН ГАЗРЫГ ТҮРЭЭСЛЭХ САНААРХАЛ

images_3Газар тариалан, ан агнуурын аж ахуй зонхилсон амьдралын хэв маягтай хойд хөршид хотжилт явагдсаар 1960-70-аад оны зааг дээр /ЗХУ-ын үед/ хотын хүн амын тоо хөдөөгийнхнөөс илүү гарч байжээ. Тэгвэл урд хөрш БНХАУ одоо энэхүү түүхийг давтаж байна. ЗХУ-ын үеийн хотжилтод үйлдвэржилт, газар тариалангийн аж ахуйн уналт, Дэлхийн хоёрдугаар дайн ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Тэгвэл БНХАУ-д яг одоо ийм үйл явц өрнөж байна.

Тэрбум 335 сая хүнтэй тус улс эрчимтэй хөгжиж, аж үйлдвэрийн бүсүүдийг шинээр байгуулж буй. Төрөөс явуулсан хотжуулах бодлогын үр дүнд хоёр жилийн өмнөөс хотын хүн амын тоо хөдөөгийнхөөс илүү гарчээ. Ингэснээр суурин иргэншил зөвхөн Өвөрмонголын нүүдлийн мал аж ахуйд ч биш, хятадын жинхэнэ уламжлал болох газар тариалангийн өв уламжлалд ч сөргөөр нөлөөлөх болсон байна.

Том хотуудад баялгийн ихэнх нь ногдож, баян, ядуугийн ялгаа ихсэхийн хэрээр мөнгөтэйчүүд нь багавтар газартай тариачдын газрыг нэгтгэн авах үйл ажиллагаа идэвхжиж байна. Улс ч үүнд өөрийн хувь нэмрээ оруулж, шинэ  хотуудыг угсруулан барьж байгаа юм.

БНХАУ сүүлийн үед гадны улс орнуудад газар түрээсэлж авах оролдлогыг идэвхитэй хийж, ОХУ-ын Сибирьт 115 мянган га газрыг тариалангийн зорилгоор түрээсэлж авсан билээ. Энэ алхам нь харилцан ашигтай хамтын ажиллагаа гэхээсээ илүү газраа төрд булаалгаж, хийх ажилгүй болсон хятад тариачдыг ажилтай байлгах зорилгоос үүдэлтэй хийгдэж байгаа аж.

Хотжих үйл явцтай холбоотой баримтуудыг сөхөж харвал, БНХАУ 2003-2006 оны хооронд барилга дэд бүтэц байгуулах зорилгоор 51-55 сая тариачны газрыг чөлөөлжээ. Ингэхдээ газар эзэмшигчдэд  “Та газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Хятадад харьъяалалгүй газарт л газар эзэмших ёстой” гэсэн ухуулгыг хийгээд тодорхой хэмжээний төлбөр төлсөн байна. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” хуулийг зөрчин газраа алдсан тариачдыг оруулбал энэ тоо 60 саяд хүрнэ. Сүүлийн жилүүдэд дээрх бодлогын хэрэгжилт өмнөхөө бодвол арай намжсан ч жил бүр 2-4 сая тариачин газраа алдсаар байгаа юм. Эдүгээ Хятадын Засгийн газар нэг тариачин ойролцоогоор 2 ум (0.1647 га-тай тэнцэнэ) газар эзэмшиж байна гэсэн мэдээлэл хийж буй. Гэтэл 1996 онд энэ үзүүлэлт 1.59 ум байсан гэсэн статистик байдаг аж.

 


Урд хөршид 1996-2007 оны хооронд 125 сая тариачин газраа алдсан гэсэн баримт Jinyang Net-д тавигджээ. Газрыг дэд бүтцийн зорилгоор ашиглах ажил 2006 онд Цзянсу, Хубэй, Сычуань мужид тусгай хөтөлбөр болон хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2008 оноос улам эрчимжиж, бүх орон даяар хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнээс хойш хоёрхон жилийн дотор урд хөршийн нэг мужид дунджаар 20 хот байгуулагджээ. Тариалангийн болхи тосгон орчин үеийн хот болох үйл явц тасралтгүй үргэлжилж, өв уламжлан хийж ирсэн ажлаа өөр газар оронд үргэлжлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдсээр байна. Эдгээр иргэдийнхээ хүслийг билүүлэхийн тулд БНХАУ-ын төр сул газар оронг идэвхитэй хайж, нөөц бололцоо бүхий улстай Засгийн газрын төвшинд газар түрээслэх гэрээг байгуулсаар байх нь ч тодорхой болж байна.

 

Д.Ирээдүй

 


URL:

Сэтгэгдэл бичих