Малчин монгол хүн металлын бохирдолтой сүү уух дээрээ тулаад байхад Ж.Батсуурь та “Арева”-г өмөөрсөн хэвээрээ юу?
“Түгжил” хэмээх тунчиг таагүй тодотголоор өнгөрсөн жилүүдэд хэвлэлээр бичигдэж ирсэн Ж.Батсуурь гэж нөхрийн сайдын суудал ганхаж эхэлсэн гэх мэдээлэл гарах болов. Монголын Залуучуудын Холбооноос Жамъянсүрэнгийн Батсуурь гэж энэ хүнийг төрд сонгож болохгүй хүмүүсийн нэгээр тодруулж, хар жагсаалтад оруулсан байсан удаатай. Гээд яахав, тэр өнөөдөр сайдын сандал дээр сууж л байна. Нэгэнтээ балагтаа юманд нэр холбогдож явсан хүнээс тэр асуудал салдаггүй хойно, яалтай ч билээ. Мэдээллийн сайтууд түүний талаар “нутгийн олныг хордуулсан хуншгүй “Түгжилдэлт” хийсэн талаар нь бичиж нийтлэсэн байдаг. Тэр нь “Арева” групптэй холбоотой. Яг ямар асуудал гэхээр 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Ж. Батсуурь бусад гишүүддээ хандан Централ Тауэрын 17 давхарт очиж сайхан хоол идэнгээ, Арева компанийхантай уулзая, тэд санал тавих гэж байгаа гэхчлэн уриалж байгаа бичлэг телевизээр цацагдаж олны анхаарлыг татаж байсан юм.Сэтгүүлчид уг үйл явдлыг сурвалжлахаар очсон байгааг харсан Ж.Батсуурь хамгаалалтын албаныханд ховлож хөөн гаргуулж байгаа нь бичлэг дээр үлдсэн байдаг. Тэр үйл явдлын дараахан Арева компани Дорноговь дахь ураны ордодоо ашиглалт явуулах лиценз авсан нь тодорхой болсон байдаг.
Ж.Батсуурь “Арева” групп бол Дорноговьд миний мэдэхийн 10 гаруй жил ураны хайгуул, судалгааны ажил хийж, “Улаанхар” гэх мэт томоохон орд газар нээн илрүүлсэн. Би энэ ордыг ашиглах асуудлаар биечлэн хөөцөлдөж, Засгийн газарт санал тавьж, санамж бичиг байгуулах зэргээр ажиллаж байгаа.Нэгэнт бидэнд уранаа өөрсдөө ашиглах боловсон хүчний болоод эдийн засгийн боломж байхгүй учраас энэ мэт томоохон компаниудтай харилцан яаралтай ашиглах нь зүйтэй. Бид өөрсдөө хувь эзэмшье гэж байгаа бол хөрөнгө оруулалт буюу зардлын тодорхой хувийг гаргах л ёстой. Ямар ч баялгийг ашиглах, олборлоход зардал гарч л таараа. Зардал гаргахгүйгээр ашиг хүртдэг ёс хаана ч байхгүй. Миний хамгийн гол сэтгэл дундуур байдаг зүйл бол цаг хугацаа алдаж байгаа байдал. Яах вэ, надад дургүй байвал дургүй л байна биз. Гэхдээ би үнэнийг нь л хэлнэ” хэмээн ярьж байсан байдаг. Харин Ж.Батсуурь гэдэг хүн ийн ярьж байх хооронд “Арева” 2000 тонн ураны хүдэр туршилтын журмаар олборлосон байдаг. Тэдний олборлолтоос үүдсэн хор уршгийг монгол даяар мэдэх болсон. Тэр бол Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн тугалууд үхсэн бодит жишээтэй холбоотой. Тус айлын үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээртээ үхсэн. Тэдгээрээс авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн онош, дүгнэлтийг 2013 оны 3 дугаар сарын 11-нд Мал эмнэлэг үржлийн газраас гаргаж байсан юм. Гэвч энэ дүгнэлт удалгүй өөрчлөгдсөн нь, улстөрийн оролцоотой гэх мэдээллүүд бас гарч байв.
Тэгвэл малчин Д.Норсүрэн medee.mn сайтад ярилцлага өгөхдөө өөр зүйлийг ярьсан байгаа юм. Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг, Зүүнбаян тосгоны малчин Д.Норсүрэнгийнх малынхаа сүүг хүнсэндээ хэрэглэж чадахгүйд хүрснийг, малынхаа сүүгээр цай сүлэхэд дороо гашилдаг болсон тухай өгүүлсэн байгаа юм. Д.Норсүрэн хэлэхдээ “аль эрт, халуун намраас сүү гашилж эхэлсэн. Одоо ч хэвээрээ байна. Үхрийн сүү гашлаад байгаа тухай аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газар, Хөдөө аж ахуйн газарт хэл мэдээ дуулгасан. Өнгөрсөн сард хүмүүс ирж, үхрийн сүүнээс дээж аваад явсан юм. Албаны хүмүүс надад хэлэхдээ сүүнээс хүнд металл илэрсэн гэсэн.-Албаныхан хүнд металл илэрсэн гэсэн л хариу бидэнд өгсөн. Түүнээс биш юунаас болоод үхрийн сүүнээс ийм зүйл илэрч байгаа талаар тодорхой зүйл хэлээгүй. Харин худгийн ундарга дээр хүнд металлын шүүлтүүр тавих шаардлагатай гэсэн мэдээлэл өгсөн. Аймагт уран олборлож байгаагаас болсон байж магадгүй гэж бодож байгаа. Цаашдаа ямар арга хэмжээ авах, яахаа мэдэхээ байчихаад сууж байна.” хэмээн ярьсан байгаа юм.
Тэгэхээр малчин монгол хүн металлын бохирдолтой сүү уух дээрээ тулсан ийн нөхцөл байдалд Ж.Батсуурь эрхэм “Арева”-г өмөөрсөн хэвээрээ юу гэдэг нь сонирхолтой л юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: