Хятад нүүрсний үнийг өсгөх бодлого баримтална
Урд хөршид манай улсын экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ өсч буй таатай мэдээ байна. Уг өсөлт нь хоёр шалтгаантай гэж шинжээчид үзэж байгаа юм. Эхнийх нь Хятадын Засгийн газрын зүгээс уурхайнуудыг хааж, заримынх нь ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаас нийлүүлэлт буурсан. Нөгөөтэйгүүр гангийн үйлдвэрлэлийн өсөлтөөс шалтгаалж худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой аж.
Тус улсын нүүрсний импорт энэ оны эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.2 хувиар өсч, 180.18 сая тоннд хүрсэн тооцоо байна.
Гэхдээ нүүрсний үнэ өсч буй нь манай улсын хувьд таатай мэдээ боловч эрт баярлах болоогүй байна. Учир нь монголчуудад боломж олгосон дотоодын олборлолтын зогсонги байдлыг Хятадын засгийн газраас дахин үргэлжлүүлэх болсныг санах хэрэгтэй. Ингэснээр тус улсын Засгийн газраас дотоодын нүүрсний уурхайнуудаа дэмжин ажиллаж, Монгол, Австралийн нийлүүлдэг нүүрсний хэмжээ болон өртөг буурах магадлалтайг мартаж болохгүй.
Хятадын Засгийн газраас нүүрсний үнийг дунд хугацаанд харьцангуй өндөр түвшинд барих бодлого баримтлах төлөвтэй байгаа. Ингэхдээ нэг тонн нүүрсийг 73 ам.долларт барих сонирхолтой буй аж.
Хятадын дотоодын нүүрсний үнэ дунд хугацаанд 515 юаниар үнэлэгдэж, энэ ханшаа тогвортой барих бөгөөд нүүрсний уурхай болон нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ашиг орлогын балансыг тогтвортой хадгална хэмээн тооцоолж байна. Хятадын Засгийн газраас энэ оны эхээр нэг тонн нь 50 ам.доллартай тэнцэж байсан нүүрсний үнийг 46 хувиар нэмэх шийдвэр гаргасан нь “Newcastle”-ийн нүүрсний үнэтэй эн зэрэгцэж, далайгаар тээвэрлэх нүүрсний зах зээл дээрх үнийн 98 хувьтай тэнцэх хүлээлттэй байна.
Ер нь өмнөд хөрш нүүрсний үнийг өндөр байлгах сонирхолтой байгааг өнгөрсөн жилийн үйл явцаас харж болно. Тодруулбал, 2015 онд Хятадын Засгийн газраас нүүрсний секторт хэд хэдэн удаа интервенци хийсний дүнд тухайн оны нэгдүгээр сард нэг тонн нь 365 юаньтай тэнцэж байсан нүүрсний үнийг 616 юань хүртэл өсгөж байсан удаатай юм.
Үнийн өсөлт Монголд наалддаггүйн нэг шалтгаан
“WoodMac”-ийн судалгаагаар нүүрсний үнэ ирэх онд ч мөн үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Хөрөнгө оруулагч болон нийлүүлэгчдийн хувьд өнгөрсөн оноос эхэлсэн нүүрсний үнийн уналт зогсож, эргэн сэргэх болсон нь гарцаагүй таатай мэдээ. Гэхдээ Монгол Улсын хувьд нүүрсний үнээ дэлхийн зах зээл дээрх түвшинд хүргэж чадаагүй хэвээр байна. Ганцхан жишээ дурдахад дэлхийн зах зээл дээр нүүрс 240 ам.доллараар үнэлэгдэж буй өнөө үед Монголын нүүрс экспортлогч компаниудын аль нь ч дээрх үнэд хүрэхгүй хэвээр байна. Тухайлбал, нүүрс экспортлогч гурван гол компанийн нэг болох төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьд нэг тонн нүүрсийг ердөө 33 ам.доллараар үнэлэн худалдаалж байгаа нь дэлхийн зах зээл дээрх үнийн ¼ хувьд ч хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл бид нүүрсээ одоо хэр нь бодит өртгөөр нь худалдааж чадахгүй байна. Сайн мэдээ нь Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсний дүнд ирэх сард нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлаас 85 хувиар нэмэгдүүлэхээр болж байна.
Харин “Энержи Ресурс” компанийн хувьд нүүрс харьцангуй өндөр үнэтэй худалдаж байна. Өнгөрсөн 10 дугаар сард тус компанийн нүүрсний хилийн үнэ 85 ам.доллараар үнэлэгдэж байсан бол энэ сард 96 ам.долларт хүрч, ирэх сард 107 орчим ам.доллар болж өсгөхөөр зорьж буйгаа компанийн зүгээс мэдэгдээд байна.
Дээрх хоёр компанийн нүүрсний үнэ харьцангуй зөрүүтэй байгаагийн гол шалтгаан нь нэг нь нүүрс угаах баяжмалын үйлдвэртэй бол нөгөө нь уурхайн аман дээрээсээ шууд худалдаа хийдэгтэй холбоотой.
Тухайлбал, “Энержи ресурс” компани нүүрсээ угааж гаргаснаар нүүрсний үнийг харьцангуй өндөр байлгаж чадаж байгаа бол уурхайн аман дээрээс шууд худалдаалагддаг нүүрс маш хямд экспортлогдож, зуучлалын компаниар дамжин хэд дахин өндөр үнээр зах зээлд борлуулагддаг ч, зөрүү ашиг нь Монголын хилээс гадна үлдэж байна. Ийм л учраас өнөөг хэр нь Монголын нүүрс дэлхийн зах зээлд хангалттай үнэ хүрэхгүй хэвээр, монголчууд бодит ашиг хүртэж чадддаггүй уламжлал тогтсон хэвээр.
Төрийн гавьяа
Манай улсын эдийн засгийг одоогоор уул уурхайн салбар бараг дангаараа үүрч явна. Гэвч гол тулгуур болсон энэ салбарын голлох үнэ хүрэх бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс хэд дахин хямд борлуулсаар, дундаас нь зуучлагч компаниуд ашиг хүртсээр. Монгол Улс гадагшаа гаргадаг цөөн хэдэн экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ хагас дутуу болгоод гаргадаг жишээ олон. Эдийн засгийн хямрал, төгрөгийн сулралыг өнөө маргаашаа аргацаасан зээл, тусламж бус, угтаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлснээр дарах нь хамгийн зөв шийдэл болохыг цөөнгүй судлаач, мэргэжилтнүүд хэлсээр байгаа ч Төрийн эрх барих байгууллагын өмнө даанч хэзээ ч бодитоор яригдаж, яригдсан нь хэрэгжиж байсангүй. Дээрээс нь өмнөх Засгийн газрын “ачаар” томоохон хөрөнгө оруулагчдаа үргээн явуулснаар хөрөнгө оруулалт буурч, орох валют огцом багассаныг дурдахгүй өнгөрч боломгүй. Түүхий эдээ үнэ хүргэж чадахгүй байгаа нь зөвхөн нүүрсэн дээр бус, экспортоор гаргадаг бусад бүх л салбарын түүхий эд дээр ажиглагддаг гол алдаа.
Түүхий эдээ экспортлохдоо боловруулж, стандартад нийцүүлэн гаргавал дэлхийн жишиг үнэд хүргэх боломж бий. Энэ нь зөвхөн нүүрс болон бусад түүхий эдийг баяжуулах, боловсруулах тухай хэрэг биш. Угтаа Монгол улсад нүүрлээд буй эдийн засгийн хямралын хамгийн гол гарц. Учир нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлснээр манай улсад орох валютын урсгал нэмэгдэнэ. Ингэснээр долларын нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт багассанаар гадаад валютын ханш тогтвортой байх боломж бий.
Нөгөөтэйгүүр орох валют нэмэгдсэнээр нөөц мөнгө нэмэгдэж, төлбөрийн тэнцэл эерэг гарах дүр зураг харагдана. Гэвч манайд эсрэгээрээ, үндэсний үйлдвэрлэл гэх зүйл тун ховор. Байсан ч хэрэглэгчдэд хүрэх нь цөөн. Өдөр тутамдаа зарцуулж буй бидний мөнгө ихэнхи нь гадагшаа урссаар, гарах валютыг нэмэгдүүлж, долларын эрэлтийг үүсгэж, дотоодын мөнгөн тэмдэгтээ үнэ цэнэгүй болгож байна. Монголбанкны мэдээлснээр улс 2015 онд тоног төхөөрөмжийн импортонд 749 сая ам.доллар, аялал жуулчлалтай холбоотой импортонд 250 сая ам.доллар зарцуулж байсан бол зэсийн баяжмал гадагшаа гаргаснаар 2280 сая америк доллар оруулж иржээ. 2016 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улс дахь валютын орох гарах урсгал буюу төлбөрийн тэнцлийн байдлыг харвал урсгал тэнцэл 118.9 мянган ам.долларын алдагдалтай, хөрөнгө санхүүгийн тэнцэл 185.2 мянгад хүрсэн. Бүхэлд нь авч үзвэл төлбөрийн тэнцлийн нийт дүн хасах буюу гадаад валютын цэвэр нөөц 232.1 мянган ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна.
Харин экспортын өсөлт 5.39 хувиар, импортын өсөлт 14.3 хувиар тус тус буурсан нь Монгол Улсыг зорих хөрөнгө оруулагчдын тоо үлэмж хоргодож, дотоодын үйлдвэрлэлээ хангалттай хөгжүүлж, экспортод гаргаж чадаагүйг бэлхэн илтгэж байна. Дэлгэрэнгүй задаргааг доорхи хүснэгтээс харж болно.
Дата мэдээллийн эх сурвалж. Монголбанк
http://eagle.mn/r/20307
URL: