УИХ-ын нэр бүхий гишүүдийн Хятадад хийх айлчлал хойшилсон нь Далай ламтай холбоотой юу?
Далай ламын манай улсад хийсэн номын айлчлалыг дагаж Монгол, Хятадын харилцаанд асуудал үүсэх үү гэсэн асуулт сүүлийн хэдэн өдөр яригдаж байгаа. Тэрчлэн Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай улсаас өмнөд хөршид айлчлахаар өмнө нь тов нь тогтсон байсан албаны нөхдүүдийн айлчлал цуцлагдсан гэх мэдээлэл байсан. Тэгвэл Д.Тэрбишдагва гишүүн уг мэдээллийг үгүйсгээгүй байна. Сэтгүүлч түүнээс уг асуудлыг Далай ламын айлчлалтай холбоотой юу гэдгийг тодруулахад “-Хоёр улсын харьцааны асуудал байсан байх. Ямар ч байсан УИХ-ын Ажлын хэсэг явах гэж байгаад тодорхой хугацаагаар хойшлогдсон гэсэн мэдээлэл байна.” гэж хариулсан байна.
Тэгэхээр өмнөд хөршийн Гадаад хэргийн яамны зүгээс дараалан хоёр удаа мэдэгдэл гарган, Далай ламын Монгол дахь айлчлалыг эсэргүүцээд байснаа, ийнхүү үйлдлээрээ бататгаж байхыг үгүйсгэх аргагүй байна. Далай лам буцахаасаа өмнө “X Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” гээд мэдэгдчихсэн. Тэгэхээр энэ асуудал хэдийнэ Хятадын эрх баригчдын сонорт хүрсэн биз ээ.
Хэдийгээр Далай ламын Монгол Улс дахь айлчлалд манай улсын Засгийн газрын зүгээс ямар нэгэн оролцоо байхгүй гэдгээ мэдэгдсэн ч, өмнөд хөрш байр суурь дээрээ хатуу зогсож байгаа бололтой.
Хятад улсын зүгээс Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг арилгаж, эрүүл зөв замаар хөгжиж буй Хятад-Монголын харилцааг алдагдуулахаас татгалзахыг Монгол Улсад хандан уриалсан талаарх мэдээллийг тус улсын хэвлэлүүд уламжилж байсан.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуаны мэдэгдэлд “Далай ламын тус улс дахь айлчлалыг БНХАУ эсэргүүцэж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн боловч Монголын тал Далай ламыг өөрийн оронд хүлээн авлаа. Далай лам Монголд айлчилж байгааг Хятад улс эрс эсэргүүцэж байна” гэсэн байсан. Мөн тэрбээр “Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм. Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” хэмээн мэдэгдэл хийсэн байгаа юм.
Ямартай ч тэгээд Далай ламын айлчлалтай зэрэгцэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн Хятад улсад хийх айлчлал хойшилсон нь анхаарал татсан мэдээлэл юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: