Бурхан Халдун гэгч үгний тайлбар

Rinchin1Монголын нууц товчоо, Алтан товч, Саган сэцэний Эрдэнийн товч гэх зэргийн Монголын эртний судар түүхийг үзвэл, цөмд нь Бурхан Халдун гэдэг нэрт уул гардаг. Энэ уулыг эдүгээгийн Хэнтий ханы уулсад бий гэдэг боловч, чухам бурхан Халдун хэмээсэн үг юу вэ гэгчийн тайлбар байдаггүй. Хуучин шинэ монгол толь бичгийн зүйлийг шүүрдэн эрэвч, Монголын түүх, хэл бичгийг шинэчилсэн эрдэмтний зохиолыг эрэвч, бурхан хэмээх үгийн тайлбар байхаас биш, халдун гэгч юу гэсэн үг болохын тайлбар огт байдаггүй. Энэ бол бас, монгол хэл бичгийг бид төдийлөн нэвтэрхий, гүйцэд шинжилж чадаагүй, Монголын олон аялгууны байдлыг бидний мэдсэн судалсан зүйл нимгэн шиг байхын баримт биз ээ. Гэтэл энэхүү халдун гэдэг үг бол дундад эртний үеийн монгол хэл аялгууны байдлаас хуучин зүйлийг үлэмжхэнээр хадгалсан Монголын нэг аялгуунд эдүгээ хүртэл хэрэглэгдсээр иржээ.

Тухайлбал: Хянганы зузаан ой хөвчөөр ан гөрөө хийж явдаг БОДХАН ТАГАЙ гэдэг Монголын нэг аймгийн аялгуунаа энэ үг бий. Тэд төлөг бөөгийн мөргөл эдүгээ хүртэл хадгалсаар ирсэн, ангаар амьдрагч ойн иргэн бөгөөд уд модны нам нэгэн зүйл бургасыг халдун гэнэ. тэд өгүүлэх нь энэхүү халдун гэгч мод, бусад уд модны зүйлийг бодвоос багахан өндөрлөг газар ургах дуртай мод гэнэ. Бодхан хүн, энэ модоор эртнээс нааш онгодын хөргийг дүрслэн хийсээр иржээ.

 
Ингээд зарим нэг хөгшин халдун модыг хадаг самбай зүүж онгон мод болгон тахидгийг бурхан халдун гэнэ. Үүгээр бодвол, Чингисийн эрхэмлэн тахиж байсан бурхан халдун уул гэгч тэр эртний үес, эрхгүй тийм нэг онгод тахилгатай халдун мод байснаар бурхан халдун гэгдэж байсан болно.

 

Б.Ренчин


URL:

Сэтгэгдэл бичих