Хонгилын гэрлийг бүдгэрүүлсэн бас нэг бууралт
Тавхан өдрийн өмнө Moody’s агентлаг Монгол Улс болон арилжааны долоон том банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан. Харин өчигдөр Олон улсын “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Дуу дуугаа авалцсан энэ бууралт хөрөнгө оруулагчдын Монголыг гэх итгэлийг улам алдаруулж буй.
Moody`s агентлаг манай улсын урт хугацаатай зээлжих зэрэглэлийг В3-аас Саа1 болгон бууруулснаа
- Монголын Засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд шууд болон шууд бус зээлээ хэрхэн барагдуулах нь тодорхойгүй
- Гадаад валютын нөөцөө хэрхэн өсгөх нь тодорхойгүй
- Төсвийн алдагдал өмнөх жилүүдийнхээс буураагүй
- Ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт нь доогуур түвшинд байна хэмээн тайлбарлав.
Товчхондоо Монгол Улсын Засгийн газрын тодорхойгүй байдал зээлжих зэрэглэл бууруулах гол шалтгаан болсон хэрэг.
Харин “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В” үнэлгээнээс “В-“ үнэлгээтэй болгосон шалтгаанаа
- Монгол Улсын төсвийн алдагдал их
- Бондын төлөлт болон эдийн засгийн өсөлт муу, байнга буурсан үзүүлэлттэй
- Төгрөгийн ханшийн сулрал нөлөөлсөн хэмээн тайлбарлажээ.
Ийн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын хоёр ч агентлаг ээлж дараалан бууруулж, хонгилын үзүүр дэх гэрлийг улам бүдгэрүүлэв.
Moody`s агентлагийг зээлжих зэрэглэл бууруулах үед Засгийн газар, Монголбанктай хамтран мэдэгдэл гаргаж, бидний ажлыг үнэлэхгүй байна гэх маягийн гомдол мэдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран
- Эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
- УИХ-аар хэлэлцэж байгаа “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн.
- Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
- Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байна.
Засгийн газар болон төв банк хамтран эдийн засгаа сэргээх энэ мэт ажлыг шат дараалан хийж байхад Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлал бууруулсанд манай эрх мэдэлтнүүд гомдолтой байгаагаа мэдэгдэл гаргаж, илэрхийлсэн. Тэгвэл олон улсын бас нэг байгууллага зээлжих зэрэглэлийг бууруулснаа зарлалаа. Монголын Засгийн газар, төв банктайгаа хамтран дахин мэдэгдэл гаргаж, биеэ өмөөрөх үү.
Монгол Улсын шинэ Засгийн газар байгуулагдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Танхим бүрдсэн мөчөөс эхлэн Монголын нөхцөл байдал хүндэрсэн хэмээн Ерөнхий сайд, Сангийн сайд нь ээлж дараалан мэдээлэл хийж, босгоно, сэргээнэ хэмээн мэдэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ахиц дэвшил нэг ч гарсангүй. Ядаж л “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрөө ч баталсангүй. Хөтөлбөрийг нь УИХ нухсаар л. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хурлаар тус хөтөлбөрийн нэрийг Эдийн засгийн сэргээх хөтөлбөр болгон өөрчлөв. МАН-ын нэр өөрчилдөг “өвчин” энэ хөтөлбөрийг ч тойрсонгүй. УИХ-ын нэгдсэн чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар уг хөтөлбөрийн дөнгөж анхны хэлэлцүүлгийг хийнэ. Өөрөөр хэлбэл хэзээ батлагдах нь тодорхойгүй, цаг хугацаа алдсаар байна.
Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг ингэж юугаа хийхээ мэдэхгүй назгайрч байх хооронд олон улсын байгууллагууд ээлж дараалан Монголын тухай таагүй мэдээг дэлхий дахинд цацсаар байна. Зээл авч зээлээ төлөх, эдийн засгаа аврах тухай ярьж байгаа манайд энэ бүхэн таатай үр дүн авчрахгүй. Зээлээ төлөх чадвар нь улам муудсаар байгаа гэх мэдээ дэлхийн чихэнд хадаж байхад бидний гадаадын хөрөнгө оруулалт, оруулагчдын тухай яриа мөрөөдөл, төсөөлөл болон үлдэх нь гарцаагүй биз ээ.
В.Хэрлэн
Эх сурвалж: Shuud.mn
URL: