Сургуулиуд хэт цахимжиж нэгдүгээр ангийнхны даалгаврыг цахимаар өгдөг болсон уу

147987309658351248bf2feТехник, технологийн асар өндөр хурдыг алдалгүй гүйцэхийг хичээж буй өнөөгийн бидний нийгмийг шүүмжлэх аргагүй. Гэхдээ арай л дэндүү яараад байх шиг. Сурагчийн дэвтрийг мэдэрдэг үзэгтэй таблетаар сольж, хуудсыг нь эргүүлэх бүртээ шинэ зүйл мэдэж авдаг номыг нь цахим хэлбэрт оруулж, үүнийгээ шинэчлэл хэмээн нэрийдэж олон эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргэж байсан цаг саяхан.

Гэтэл одоо бүр нэгдүгээр ангийн хүүхдүүдийн гэрийн даалгаврыг цахимаар буюу фэйсбүүкийн тусгай группт оруулдаг болжээ. Сүүлийн үед бага насны хүүхдүүд дэлгэцийн хамааралтай, донтох эмгэгтэй болоод эцэг эхчүүд яаж хүүхдээ интернэт, компьютерээс хол байлгах уу гэж аргаа барж байхад багш нар нь гэрийн даалгаврыг нь цахимаар өгөөд байхаар яалтай ч билээ. Зарим хүн ингэж бичихээр магадгүй итгэхгүй байх. Арга ч үгүй биз дөнгөж 6-хан настай нэгдүгээр ангийн хүүхдүүдийн гэрийн даалгаврыг фэйсбүүкийн группт оруулаад тэндээсээ харж даалгавраа хий гэж хэлэх багш байна гэж хэн санахав дээ.

Тэгвэл би та бүхэндээ нэгэн бодит жишээг хүргэе. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш нар сурагчдадаа гэрийн даалгаврыг нь өгөхдөө фэйсбүүкийн тусгай группт оруулж тэндээс харж даалгавраа хий гэдэг гэнэ. Үүнээс нь болж сурагчдынх нь бараг 50 хувь нь гэрийн даалгавраа хийх боломжгүйд хүрдэг байна. Учир нь, 67 дугаар сургууль гэр хороололд байрладаг. Айл болгон интернэт ашиглах боломжгүй. Зарим эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхийн тулд өвлийн хүйтэнд интернетийн эрэлд гардаг аж. Боломжтой нэг нь интернет кафе ороод даалгаврыг нь харж хийлгэдэг бол интернэтэд орж мөнгө төлөх нь байтугай хоногийн хоолоо яая гэж байгаа нэг нь даалгаврыг харж чадахгүй, хүүхдүүд нь даалгавраа хийж чадалгүй хичээлдээ явахад хүрдэг гэнэ. Тиймээс тус сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын эцэг эхчүүдийн төлөөлөл гэх нэгэн эмэгтэй бидэнд хандсан юм.

Тэрбээр, “Манай хүү Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. Мэдээж техник, технологи өдөр ирэх бүр хөгжингүй болж байгааг ойлгож байна. Гэхдээ нэгдүгээр ангийн хүүхдийн гэрийн даалгаврыг цахимаар, өөрөөр хэлбэл фэйсбүүкийн тусгай группт шээрлэдэг нь ямар учиртай юм бэ, ойлгохгүй байна. Үүнээс болж зарим хүүхэд гэрийн даалгавраа хийж чадахгүйд, дутуу дулимаг хийхэд хүрч байна. Учир нь, гэр хороололд амьдардаг бидэнд өдөр бүр интернэтэд орох боломж байдаггүй. Интернэт битгий хэл фэйсбүүк байдаг гэдгийг ч мэдэхгүй эцэг, эх ч бий. Гэтэл хүүхдийн гэрийн даалгаврыг фэйсбүүкээр өгнө гэдэг чинь баян, хоосон хийгээд мэдлэг боловсролоор нь ялгаж байгаагаас өөрцгүй. Энэ тухай багш нарт хэлэхэд, цахим хэрэглээ хөгжчихөөд байхад ганц гэрийн даалгавар фэйсбүүкээс ороод авчихаж чадахгүй гээд янз бүрээр загнах юм. Бидний үед нэгдүгээр ангийн хүүхдийн гэрийн даалгаврыг багш нар нь самбар дээр бичээд, түүнийг нь эцэг эхчүүд нь хуулж орой нь хүүхдэдээ гэрийн даалгаврыг нь хийлгээд болоод л байсан. Харин багш нар нь хялбарчилдаг юм уу яадаг юм фэйсбүүкт хийчихсэн шүү л гэх юм. Түүнийг нь бид нар шиг амьдралын түвшин доогуур хүмүүс олж авч, хүүхдэдээ даалгаврыг нь хийлгэх гэж зовж байна” гэсэн юм.

Энэ талаар бид тус сургуулийн захирал н.Алтансүхээс тодруулахад, “Энэ асуудлыг зохицуулсан. Бүх нэгдүгээр ангийн багш нартаа цахимаар өгөхийг хориглохгүй. Харин заавал давхар бичгээр өгч бай гэж хэлсэн. Учир нь би цахимаар өгөхийг дэмжиж байгаа. Гэхдээ айл болгонд интернет байхгүй учраас давхар бичгээр өгч байх шийдвэр гаргасан” гэсэн юм.

Харин Баянзүрх дүүргийн 23-р хороонд байрлах 87-р сургуулийн нэгдүгээр ангийн багш н.Алтанцэцэгээс сурагчдадаа  гэрийн даалгавраа ямар байдлаар өгдгийг нь сонирхоход, Манай сургууль хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг нь дэвтэр дээр бичиж өгөөд явуулдаг. Зарим үед ангийн хаалган дээр бичээд наачихдаг хүүхдүүдээ авах гэж ирсэн эцэг эхчүүд гэрийн даалгаврыг нь тэмдэглэж аваад явдаг. Цахимаар гэрийн даалгаврыг нь өгч байсан удаа байхгүй” гэв.

Ер нь ихэнх сургуулиуд гэрийн даалгавраа иймэрхүү байдлаар өгдөг аж. Угаасаа ч Бага, дунд боловсролын тухай хуульд хүүхдүүдийн гэрийн даалгаврыг цахимаар өгнө гэсэн заалт байхгүй. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн багш нар хаанахын ямар хууль дүрмийг үндэслэн ийнхүү сурагч эцэг эхчүүдийг хүнд байдалд оруулж байсан нь ойлгомжгүй …

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих